МАН болон АН-ын гишүүд нэгнийхээ аминд хүрсэн хэргийн талаар АН-аас мэдэгдэл хийв

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 26 ・ 2

Улс төр дагасан хэрүүл шуугиан тасраагүй байгаа энэ үед төрийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрэх тохиолдол гарч байна.

МАН болон АН намын анхан шат,сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны 12-р сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алджээ.

Хэрэг шөнийн 03-04 цагийн хооронд үйлдэгдсэн байна. Талийгаач Б нь 40 орчим насны, АН-аас 2016 оноос Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.Тэрээр 3 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг гардаг шөнө гэртээ унтаж байхад нь тус сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нь таван хүний хамт гэрт нь иржээ. Улмаар хоорондоо маргаж МАН-аас сонгогдсон Сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нарын 5 хүн талийгаач Б-г эхнэрийнх нь хамт зодож танхайрчээ.

Б нь тархиндаа хүнд гэмтэл авч Орхон аймгийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Талийгаач Б-гийн эхнэр нь мөн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан аж. Хүн амины ноцтой эл хэргийг Булган аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр мэдээллээ. 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, хүнд гэмтсэн. Шокийн байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын хариуцлагатай албан тушаал хашиж байсан гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. 

Манай намаас талийгаачийн ар гэрийнхэнд, ажил явдалд нь анхаарч байгаа. Бид энэ балмад явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн учраас хэвлэлийн бага хурал хийж байна. 

Эрх баригч намын нөхдүүд төрийн яаманд хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Хүний амьд явах эрхийг зөрчиж, гэрт нь амь насыг нь хохироож байна. Энэ үйлдлийг АН эрс буруушааж байна” гэлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Төрийн албан хаагч амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарч байсан. Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн 28 жилийн хугацаанд анх удаа гарлаа. Үүнийг эсэргүүцэж АН-аас мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдэлд “Төрийн эрх барьж буй намын гишүүд ийм адал балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна” гэсэн байгаа” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-МАН-ын гишүүд хүний амьд явах эрхэд халдаж байна гэлээ. Монголд санаатай, санамсаргүй байдлаар олон гэмт хэрэг үйлдэгдэж байгаа. Гарч байгаа гэмт хэрэг болгон МАН-ын гишүүдтэй холбоотой юм уу. Үүнийг яаж тогтоосон юм бэ. Та 2008 оны долоодугаар сарын 1-нд сөрөг үр дагавар авчрах үйл явдалд оролцож явсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?       

О.Магнай: -Долоодугаар сарын 1-нд сонгуулийн дүнгээ луйвардуулсан ард түмэн боссон. Би хамгийн урд нь явсан. Хойно нь зогсоогүй. Эрх баригчид шөнө нь таван хүнийг буудаж алсан. Би алаагүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж тэмцсэн иргэдийг буудаж ална гэдэг байж боломжгүй зүйл. Тэр дунд хүчээр аваачсан хүн нэг ч байхгүй. Энэ удаагийн хэргийг 10 жилийн өмнөх явдалтай харьцуулж байна. Энэ бол өөр асуудал.  

-Булган аймагт гарсан хүн амины хэргийг эрх баригчидтай, улс төрчидтэй холбох учир шалтгаан нь юу юм бэ?

Ц.Туваан: -АН өөрийн 180 мянган гишүүнийхээ амь нас болон бусад бүх асуудалд нь анхаарал хандуулдаг. Намын гишүүн маань бусдын гарч балмадаар амиа алдчихаад байхад бид дуугарахгүй байж чадахгүй. Хүний амь хөнөөсөн нөхдүүд нь өнөөдрийн эрх барьж байгаа намынхан. Мэдээж цагдаагийн байгууллага шалгаад, шүүхээр шийдсэний дараа бид дахин мэдээлэл хийнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 27/

    Энэ хоёр намыг яаралтай татан буулгах арга хэмжээ аваачээ. Улс орныг минь сүйрүүлэхэд бэлэн болчихлоо. Энэ 2 нам бол одоо улс төрийн нам биш, олигархажсан, мафит маягийн дээрэмчдийн бүлэглэлд эрх мэдлээ алдсан, өөрийгөө зохион байгуулж, удирдах чадваргүй болчихоод байна.

    Хариулах
  • зочин / 2018 12 сар 27/

    буруутан нь Элбэгдорж

    Хариулах