ШИНЭ, ХУУЧИН МАНАН-ГИЙН ИВЭЭЛ ДЭХ ЭРДЭНЭТИЙН 49-ИЙН ХУВЬ ЗАЯА

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 02 сар 15 ・ 3

Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшинд Сингапурт байдаг Ц.Пүрэвтүвшинд 40 сая ам.доллараар зарлаа гэсэн шуугиан гарлаа. Монголд байдаг Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч Пүрэвтүвшин, Сингапурт байдаг Пүрэвтүвшин нэг хүн боловч хоёр тусдаа хуулийн этгээд. Эрдэнэтийн 49 хувийг шилжүүлсэн гэх Сингапурын “МСС Пти Лтд” компани 2016 оны гуравдугаар сард байгуулагдаж. Сүүлд нэрээ сольж “Эрдэнэт Корп Пти Лтд” компани болжээ. Энэ үйл явдлын талаар Ц.Пүрэвтүвшин “....Эрдэнэт үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай компани байвал дахин Арбитрын шүүхэд дуудах боломж болох юм. Сингапур гэдэг улсыг яагаад яриад байна вэ гэхээр тус улсад нэр хүндтэй олон улсын хууль эрх зүйн орчин бий. Сингапур, Английн хооронд гэрээ бий. Англи, Монгол хоёрт гэрээ бий. Монгол, Сингапурт мөн адил гэрээ бий. Энэ гурвалсан харилцааг ашиглан “Эрдэнэт үйлдвэр”-т шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхэд гурван улсын Арбитрын хамтын ажиллагааг дахин авч үзэх боломжтой гэсэн маргаан үүсгэх болж байгаа. Тэр зорилгыг манай хувьцаа эзэмшигч компанийн зүгээс хаах боломж нөхцөлийг харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг зарсан зүйл байхгүй. Харин Стандарт банктай холбоотой шүүхийн маргаанд ямар боломжтой, ашигтай шийдлүүд байгааг хуулийн хүрээнд гаргахыг зорьж ажиллаж байна” гэсэн юм. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, Жаст групп зээлсэн үндсэн төлбөр болон хүү нэмэгдээд нийт 95 сая орчим ам.доллар төлөх ёстой гэсэн Стандарт банкны нэхэмжлэлтэй Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр 2017 онд гарсан. Одоогоор Стандарт банкинд төлөх өр хүүтэйгээ 120 сая ам доллар хүрээд байгаа аж. УИХ 49 хувийг улс авлаа гэж олонхын саналаар шийдсэн болохоор угтаа бол Монгол Улсын Засгийн газар энэ өрийг төлөх ёстой юм шиг. Гэтэл одоо болтол төлөөгүй. Харин Сингапурын компанид шилжих болсон талаар гэнэт шуугив.

Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт зарагдах ажлыг одоогийн Засгийн газар мэдэж байсан гэж дам яриа яваад байсан. Саяын наймаагаар бол Монголросцветмет ч мөн Сингапурын компани руу шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувьтай хамт Асгатын мөнгөний орд “Монгол Зэс” компанид очсон. Ашигт малтмалын тухай хуулиараа Эрдэнэт ч тэр, Асгатын мөнгөний орд ч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд. Гэтэл Засгийн газар энэ наймааг мэдсэн учраас Асгатын мөнгөний ордыг Монголросцветметээс салгаж авч, “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн болж таарлаа. Үлдсэнийг нь өөрсдөө мэд гээд өгсөн байх магадлал байна. Ц.Пүрэвтүвшингийн тайлбараар бол Өмнөд Африкийн Стандарт банкийг аргалж болдог юм байж. Стандарт банкны үйл ажиллагааны дараа энэ компани Монголын Засгийн газарт ямар ч хамааралгүй компани болж хувирна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн хэлээд байгаа бас ортой. Яагаад гэвэл энэ нь гадаадын компани болчихсон. Монголын хууль ёсонд ямар ч хамаагүй. Одоохондоо энийг зогсоосон гэж яриад байгаа ч үйл явдал болдгоороо болж 49 хувь Сингапур Пүрэвтүвшинд шилжээ биз. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн бөгөөд “Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр ОХУ-ын талаас 400 сая ам.доллараар худалдаж авсан байдаг. Мөн бүртгэлийн газар, холбогдох байгууллагууд, Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах, шилжүүлэх гэрээг баталгаажуулсан байгааг олж мэдсэн”. гэж мэдээлсэн.

2016 оноос МАН дийлэнх олонхоороо төр барьж байгаа. Тэднийг ингэж олуулаа болж гарч ирэхэд өмнөх Засгийн газрын үед УИХ-аар хэлэлцүүлэлгүй нууцхан шийдсэн Эрдэнэтийн 49 хувийн асуудал сонгуулийн өмнө гэнэт ил болж, шуугиан тарьсан нь ихээхэн нөлөөлсөн. Тиймээс ч МАН гарч ирэхдээ 49 хувийг хурааж, Эрдэнэтийг ард түмэнд хувьцаагаар эзэмшүүлнэ гэсэн. М.Энхболд 49 хувийг хурааж авах тухай шийдвэр УИХ-аар хэлэлцүүлж гаргуулсан ч зориуд орхисон. Цааш ямар ч алхам хийгээгүй. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувийнхантай сүүлийн цамцаа урагдтал тэмцэнэ гэсэн. Яг жинхэнэдээ цамцаа урагдтал тэмцэх нь байтугай дэд сайддаа 49 хувийн шүүх хурал дээр очоод “ялагд” гэж үүрэг өгсөн нь саяхан илэрсэн. Дэд сайд асан энэ талаар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн шүү дээ. МАНАН хэмээх бүлэглэл 49 хувь дээр тохиролцчихсон байтал зарим төлөвлөгөөнөөс гадуур үйл явдал өрнөж, Арбитрын шүүхийн шийдвэр, 49-ийг авах УИХ-ын шийдвэр, олон удаагийн шүүх хурлууд гээд баахан бужигнаж, бүх зүйл санаснаар шууд бүтчихээгүй.

Монголын улс төрд шинэ, хуучин МАНАН гэж бий гэдгийг бид мэддэг болсон. Эрдэнэтийн 49 хувийг хуучин МАНАН авсан гэдэг. Хуучин МАНАН-тай тэмцэл өрнүүлээд жигтэйхэн байсан шинэ МАНАН ч 49 хувьд байр суурьтай болж. 49 хувийнхан ч шинэ МАНАН-д өргөл барьцаа харамгүй өгч байгаа бололтой. У.Хүрэлсүхийн Засгийн газар яаран шийдвэр гаргаж Асгатын мөнгөний ордыг Монголросцветметээс салгаж авсан нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

Шинэ, хуучин хоёр МАНАН бүлэглэл тохироод 49 хувь ард түмэнд хамаагүй болж байх шиг байна. Эдний ивээл дэх 49 хувийн хувь заяа цааш хэрхэх бол. Ямар ч байсан ард түмэн хэмээх халхавчаар төрд авсан гэх 49 хувь энэ мэтээр биднээс бүр алсарч байх шиг ээ.

Б.ДОНРОВ

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 02 сар 18/

    Tsaazaiin yliig mash hurdan sergeegeed heden hunii tolgoig avahgui bol butehguidee.....!!!!!!?????

    Хариулах
  • иргэн / 2019 02 сар 15/

    Ц.Элбэгдоржийн хийж байгаа хулгай луйвар.Монголчуудыг үнэн доромжлох юмаа.Энэ Пүрэвтүвшин хүү дэмий юмтай орооцолдсондоо.

    Хариулах
  • ?! / 2019 02 сар 15/

    Хүрэлсүхийн үед 49-чингүүд Асгатын мөнгөний ордыг бас "АВЛАА" Энэ юу болоод байгаам бол???

    Хариулах