Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 03 сар 08
・ 8
Эрээд сураад олддоггүй Эрдэнэбилэг гэдэг эрхмийг эрүүгийн цагдаагийнхан оллоо, баривчиллаа. Удахгүй суллаад явуулчих юм биш байгаа. Ийм болгоомжлол олон хүнд төрж байгааг олны яриа, сошиал орчноос бэлээхэн харж байтал ёсоор боллоо. Монгол Улсыг “Эрдэнэт” үйлдвэр ганцаараа шахам тэжээдэг. Энэ үйлдвэрт данстай зэс, молбедины орд бол Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад бүртгэлтэй, дэлхийд данстай том уурхай. Ийм ордын 49 хувийг үйлдвэртэй нь худалдаад авчих бэл бэнчинтэй аж ахуйн нэгж манай улсад лав байхгүй юм даг. Гэтэл 1987 онд төрсөн, юм хийж бүтээх нь хэл их сургуулийн ширээнээс ч өндийгөөгүй шахам залуу захиралтай, “Монголиан коппер корпорэйшн” ХХК гэх ганц хадаас ч хадаагүй компани ганцхан өдөр худалдаад авчих юм гэж хэн саналаа. Энэ компани чадалтайдаа бус, МАНАН бүлэглэлийн ивээлд байснаараа ийм зүйл хийж чадсан нь ойрын өдрүүдэд ил болж эхлэв. XX зууны эхээр Монголд гарсан луйврууд дотроос энэ хамгийн том бөгөөд ноцтой нь. Хэрвээ МАНАН бүлэглэлийг дараагүй, М.Энхболдыг огцруулаагүй бол эрдэнэбилэг тэргүүтнийг ингэж баривчилж чадахгүй л байсан биз. Гэвч тайвшрах болоогүй байна. МАНАН-г бүрэн сарниулахын тулд шүүх, прокурор шударга ажиллах шаардлагатай.
“Эрдэнэт” бонд гаргах санааг эргүүлсэн эхлэл
Монголыг атгасан МАНАН мафи анх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахаар судалж байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Эрдэнэт” бонд гаргах санаа төрсөн байна. Тэр бондоороо зэс хайлуулах үйлдвэр барьж, Цагаан суварга, Оюутолгой, Эрдэнэтийн зэсийг боловсруулбал ахиу мөнгө олж болох юм гэж бодов. Ингээд 2015 оны 1 сарын 22-нд Ж.Амартүвшинг бие төлөөлөгчөөрөө томилон, Хонконг руу илгээлээ. Тэрээр тэнд хөрөнгө оруулагчидтай уулзахад, 26 банк хөрөнгө оруулах санал тавьсан байна. Ингээд Ч.Сайханбилэг тэргүүтнүүд “Дойче”, “Номура”, “Голдман сакс”-ыг сонгожээ. Тэдний төлөөлөгч нар Монголд ирж уулзан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувьд 750 саяас 1 тэрбум ам.долларын бонд босгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.
Хачирхалтай нь энэ уулзалтанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцсон байна. Энэ уулзалтаар өнөөх банкууд “Эрдэнэт”-ийн сүүлийн 3 жилийн тайланг КPMG-ийн баталгаажуулснаар авах хүсэлт тавьжээ. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Оросуудаас асуух ёстой” гээд гаргаж өгсөнгүй. Үүнийг сонссон хөрөнгө оруулагчид “Танай Засгийн газар Оросын талын 49 хувийг худалдаад авчих. Тэгвэл бид хөрөнгө оруулъя” гэжээ. Гэтэл Ц.Даваацэрэн “Бид худалдаж авах талаар судалж байгаа. Тийм боломж бий” гэж хэлсэн байна.
Ерөнхий сайд нь бонд босгох гээд явж байхад Ерөнхийлөгч нь өөрийн томилсон захиралтайгаа нийлээд “Эрдэнэт”-ийг өөртөө авах гээд явж байсан байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Ц.Даваацэрэн 2013 оны 1 дүгээр сарын 30-нд тус үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Түүнээс хойш “Эрдэнэт”-ийг мафид авч өгөхөд санаа тавьж суусан байх юм. Тэр үед ОХУ хамтарсан компаниудынхаа хувьцааг “Ростех”-д төвлөрүүлэн, ашиг багатайг нь зарж эхэлж байв. Үүнийг алдалгүй анзаарсан Д.Эрдэнэбилэг тэргүүтнүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах бэлтгэлээ базааж эхэлжээ.
Төрийн мөнгөөр төрийг луйвардсан аргачлал
Хамгийн гол нь мөнгө босгох ажил. ОХУ “Эрдэнэт”-ийн 49 хувийг 200-250 сая ам.доллароор үнэлнэ гэсэн тооцоо хийсэн тэд мөнгө босгохын тулд баахан компани байгуулж эхэлжээ. 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 11 компани үүсгэн байгуулав. Нэг л өдөр бөөндсөн эдгээр компанийн гүйцэтгэх захирал нь Цоожийн Пүрэвтүвшин гэх ганцхан хүн. Монголын арилжааны 13 банк нийлээд ч гаргаж чадахгүй 400 сая ам.долларыг гуравхан өдрийн дотор босгож, Монгол Улсын стратегийн ордыг үйлдвэртэй нь худалдаж авсан тэрбумтан залуу.
2012 оны 2 дугаар сарын 18-нд байгуулсан “Жумейри” ХХК-ийнхаа нэрийг 2014 оны 1 дүгээр сарын 30-нд “Эн Пи Ди Кэй” ХХК болгон солив. Ингээд 13 хоногийн дараа буюу 2014 оны 2 дугаар сарын 11-нд охин компани “Эл Пи Ди Икс” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ц.Пүрэвтүвшин томилогджээ. Түүний 17 компанийн нэг “Кью Эс Си” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 28-нд Монголбанкнаас 100 тэрбум төгрөг зээлсэн байна.
“Эл Пи Ди Икс” ХХК-ийнхаа нэрийг 2016 оны 3 дугаар сарын 21-нд дахин сольж, “Монголиан коппер корпорэйшн” ХХК болгов. Ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай энэ компани үүнээс 2 хоногийн дараа дүрмийн сангаа 12 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Гэсэн ч сарын дараа 4 дүгээр сарын 20-нд дахин 100 тэрбум төгрөгөөр нэмэв. Энэ өдөр “Кью Эс Си” ХХК-иас 80.1 тэрбум, “Хээдвэй” ХХК-аас 13.3 тэрбум, “Пик девилопмент” ХХК-аас 18.6 тэрбум төгрөг авчээ. “Кью Эс Си”, “Хээдвэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ц.Пүрэвтүвшин. Харин “Пик девилопмент” нь Эрдэнийн Бат-Үүлийн төрсөн дүү Батхүүгийн хүү Насанжаргалын компани. Өөрөөр хэлбэл, Үүл баатарын ачийнх нь компани. Үүнийхээ маргааш нь ОХУ-ын “Альфа” банк руу 5.02 сая ам.доллар шилжүүлжээ. Энэ нь “Эрдэнэт”-ийг авах урьдчилгаа байв. “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн дүрмийн санг 100 саяар нэмэгдүүлэхээс 14 хоногийн өмнө Ц.Пүрэвтүвшин “Кью Эс Си”-ийнхээ нэрээр Монголбанкнаас дахин 100 тэрбум төгрөг зээлжээ.
Үүний дараа ОХУ-ын “Ростех” корпорацаас Монголын Засгийн газарт 2016 оны 6 дугаар сарын 1-нд албан бичиг ирэв. Тэрийг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газраар дэмжүүлэх бэлтгэлээ эрдэнэбилэгтнүүд энэ хооронд хангажээ. Засгийн газар өөрсдийнх нь талд шийдвэр гаргана гэдгийг ч мэдэж байсан болохоор компанийнхаа нэрийг хүртэл “Монголын зэс корпорац” гэж өгөөд, Оросын талд урьдчилгаа хүртэл шилжүүлсэн байгаа юм. Засгийн газар ч төлөвлөсөн ёсоор тэдний талд ажилласан тул “Альфа” банк руу 6 дугаар сарын 17-нд 182 сая, гурав хоногийн дараа 213 сая 250 мянган ам.доллар шилжүүлжээ. Гурван удаагийн гүйлгээгээр нийт 400 сая 270 мянган ам.доллар шилжүүлснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас “Монголын зэс корпорац” ХХК худалдан авчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.