Эргэн төлөлтөөс санхүүжих боломжгүйд хүрсэн ипотекийн зээл

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 13
 
Эргэн төлөлтөөс санхүүжих боломжгүйд хүрсэн ипотекийн зээл

Ипотекийн зээлийн олголт зогссон эсэх асуултыг иргэдийн зүгээс байнга тавьж буй.  Засгийн газраас 2019 онд 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд олгохоор төлөвлөсөн бол Монголбанк 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгоод байгаа аж.

Монгол Улс ОУВСангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад байгаа бөгөөд ипотекийн зээлийг Монголбанкнаас хэрэгжүүлэх нь оновчтой бус гэсэн дүгнэлт гаргасан. Учир нь ОУВС-гаас манай улс дахь ипотекийн зээлийг халамжийн шинжтэй хөтөлбөр гэж үзэж байгаа юм. Угтаа ипотекийн зээлийн эргэн төлөлт ЖДҮ-ийг дэмжих сангийн төлөлтөөс илүү найдвартай буюу 2018 оны байдлаар 97 хувьтай байна. Гэхдээ яагаад олон улсын байгууллагуудаас ипотекийн зээлийг халамжийн шинжтэй гэж үзсэн бэ. Үүнд хариулт болох судалгааг эдийн засагчид хийжээ.

Ипотекийн зээл өөрөө өөрийгөө санхүүжүүлж байгаа хэдий ч шинэ зээлийн эрэлтийг өмнөх зээлийн эргэн төлөлтөөр хангах боломжгүй болсноос төрөөс нэмэлт санхүүжилтийн шаардлага гарцаагүй үүсээд байна. Тухайлбал, төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн улмаас сүүлийн жилүүдэд зээл олголт, түүний санхүүжилтийн хэрэгцээ, шаардлага огцом нэмэгдсэн. Мөн зээлийн хугацаа уртассанаар иргэдийн зээл авах боломж өсөж, зээлдэгчийн тоо нэмэгдсээр байна.Цаашилбал харьцангуй богино хугацаатай хадгаламжийн эх үүсвэрээр банкууд урт хугацаатай орон сууцны зээл их хэмжээгээр олгох боломж хязгаарлагдмал байгааг "Орон сууцны зээлийн тогтолцоо олон улсын туршлага" нэртэй судалгаанд онцолжээ. Мөн манай улсын санхүүгийн зах зээлийн хөгжлөөс шалтгаалж урт хугацаатай санхүүжилтийн хэрэгсэл, дэд бүтэц, тухайлбал хуримтлалын болон нийгмийн даатгалын сан, томоохон хувийн даатгалын компаниуд, хамтын сан зэрэг үүсээгүй байгаагаас шалтгаалж шинэ зээлийн эрэлтийг хангах эх үүсвэрийг төрөөс буюу Монголбанк ч бай Засгийн газар ч бай тасралтгүй санхүүжүүлэх нь зардал, төсвийн ачааллыг нэмэгдүүлэхээр байгаа аж. Орон сууцны зээлийг бүтнээр нь Төв банкнаас санхүүжүүлж байгаа нь мөнгөний бодлогыг бие дааж, үндсэн зорилгоо явуулахад хүндрэл учруулж байгаа гэж ОУВС дүгнэсэн байдаг. Хамгийн гол дутагдал нь манай улс ипотекийн зээлээ хавтгайруулан олгосон нь халамж хэмээн нэрлэхэд хүргэжээ. Үүнээс болж эдийн засагт ч тодорхой хүндрэлүүд гарсан байдаг.

Эргэн төлөлтөөс санхүүжих боломжгүйд хүрсэн ипотекийн зээл

Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь эдийн засагт орон сууцны эрэлтийг огцом өсгөж, үнийн хөөсрөлт явагдсан гэж судлаачид үзжээ. Тухайлбал хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх үед орон сууцны эрэлт огцом өссөнөөр зах зээл дээр орон сууцны үнэ өссөн. Жишээлбэл, зөвхөн 2013 оны 6 дугаар сараас эхлэн 2015 оны 8 сарыг хүртэл жил гаруй хугацаанд шинэ, хуучин орон сууцны үнэ тус бүр 21 хувиар өссөн байдаг. Хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын хөрөнгө оруулалтыг өдөөсөн сайн тал бий ч энэ нь эргээд импортыг нэмэгдүүлсэн нь сөрөг талтай гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, энэ салбарын хөрөнгө оруулалт буцаад гадаад зах зээл рүү гарсан хэрэг.

“Барилгын салбарт зөвхөн 2011-2014 онд нийт 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн үзүүлэлттэй байна. 2010-2014 оны Салбар хоорондын баланс дээр хийсэн импортын үржүүлэгчийн тооцооллоор барилгын салбар нь импортын хамгийн өндөр орцтой буюу барилгын салбарт 1 төгрөгний хөрөнгө оруулалт хийхэд дунджаар 0.43-0.46 төгрөгний импортын эрэлт үүсдэг гэсэн тооцоолол гарч байна. Хэдийгээр барилгын салбарт хийгдсэн уг хөрөнгө оруулалт нийт эдийн засагт эерэгээр нөлөөлөх боловч дотооддоо барилгын материал үйлдвэрлэдэггүй улсын хувьд импорт нэмэгдэх, урсгал алдагдал, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлсөн” хэмээн бичжээ.Манай улс 2011-2015 онд нийт 3.5 тэрбум ам.долларын барилгын материал импортолсон дүн байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх