Ном унших төлөвлөгөөг хэрхэн “зохиох” вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 14 ・ 1

Ном унших нэг жилийн төлөвлөгөө гарга

 

Ерөнхий төлөвлөгөө гаргачихвал нарийвлахад илүү амар болно. Жишээлбэл 2018 онд 52 ном унших төлөвлөгөөг гаргалаа гэхэд 7 хоногт 1 ном унших алхмын хэрэгжүүлнэ гэсэн үг. Эсвэл энэ жил дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг уншина гэж тооцоолбол, 1-6 сард орчуулгын номууд, 7-12 сард Монгол номуудыг уншихаар төлөвлөж болно. Миний нэг танил 2017 онд “52 долоо хоног 52” ном гэсэн зорилгыг тавьж яг энэ төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлж чадсан билээ. Харин эгчийн маань хувьд 2019 онд зөвхөн Монгол зохиолчдын бүтээлүүдийг уншина гэсэн зорилгоо одоогоор амжилттай биелүүлж байгаа. Тэгэхээр нэг жилийн буюу урт хугацааны тодорхой төлөвлөгөө гаргаж чадвал ямар ном худалдан авах, аль жанрыг түлхүү унших, нэг өдөрт болон нэг сард ном уншихад хэр их хугацааг зарцуулах, аль аль уулзалт номын нээлтүүдэд очихоо төлөвлөх зэргээр алхмаа илүү тодорхой, үр дүнтэй болгож чадах юм.

 

 

Бичиж үлдээ буюу тэмдэглэл хөтлө

 

Энэхүү жагсаалтыг тэмдэглэлийн дэвтэр, аппликейшн, ханын цаас зэрэг юунд дээр ч хөтөлж болно. Гол нь толгойдоо бодоод л үлдээлгүй нүдэнд харагдахуйц, тогтмол ашигладаг зүйл дээрээ тэмдэглэж үлдээгээрэй. Миний хувьд ханын цаасан дээр тухайн жил болон сард унших номын жагсаалтаа бичдэг. Харин дэвтэр дээрээ уншсан номын жагсаалт, унших номын жагсаалт, хүслийн/авах номын жагсаалт, сар сарын төлөвлөгөө, таалагдсан эшлэлүүд, ном унших болон уулзалтын төлөвлөгөө зэргээ бичнэ. Номтой холбоотой бүх зүйлс нэг дор байх нь чамайг бүр ч идэвхитэй уншигч байхад нөлөөлж болох учраас эдгээрийг туршаад үзээрэй.

 

 

Өглөө, өдөр, оройн аль нь вэ?

 

Хэрвээ эртэч нэгэн бол унших төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхэд бүр ч тустай шүү. Өглөөний 20-30 минутыг уншихад зарцуулж дад. Өглөөний цагаар хүн бүрийн тархи сэргэг байдаг учир шинжлэх ухаан, бизнэс, хувь хүний хөгжил, шашин эдийн засаг, түүх философи зэрэг тархины идэвхитэй үйл ажиллагаа шаардах номуудаа уншвал зүгээр. Заавал ном гэлгүй уншууртай нийтлэлүүд ч байж болно. Харин цайны цагаар богино өгүүллэг, хөнгөн нийтлэл зэргийг гялс харчихдаг байвал зүгээр. Бас цонхтой цагийг ашиглах, автобусны уншлага гэх мэт их бага хэмжээгээр цаг гаргаж ч болно. Оройн цагаар тархи амраах, сэтгэл зүрх хөглөх утга уран зохиолын ном уншвал илүү тохиромжтой. Миний хувьд өдрийн цагаар ном уншихад анхаарал хэзээ ч анхаарал төвлөрдөггүй учраас оройн цагаар түлхүү ном уншдаг. Харин эсрэгээрээ өдрийн цагаар ажил, хичээл зэрэг өөр ур чадвар шаардах зүйлсээ хийдэг нь өөрийн онцлогт тохируулан ном унших цагаа хуваарилахад тус болдог.

 

 

Энэ мэтчилэн аль цагт, ямар ном унших вэ гэдгээ тодорхойлж өөрийн амьдралын хэв маяг, ажил хичээлдээ зохицуулан хэрэгжүүлээрэй.

 

Эх сурвалж: goolingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: