Туулын хурдны замын тендерт маргаан, будилаан үүсэхгүй бол зургаадугаар сард барьж эхэлнэ. ₮2.3 их наядын санхүүжилтийг шийдчихсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 3 цагийн өмнө

Улаанбаатар хотын дундуур хурдны зам барихаар болоод буй. Уг замыг барих тендерийг энэ сарын 25-нд нээх юм байна. Өмнө нь 2025 оны нэгдүгээр сард тендер зарлаж, оролцогчид шаардлага хангаагүй гэх шалтгаанаар тус замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарласан юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "33 километр урт Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг тавдугаар сарын 29-нд нээнэ. Төрийн худалдан авах хуулийн дагуу сонгон шалгаруулалт явагдаж, маргаан будилаан үүсэхгүй бол зургаадугаар сард багтаж барилга угсралтын ажил эхэлнэ.

Туулын хурдны замын 13 километр нь гүүрэн байгууламж, зургаан эгнээтэй, хотын баруунаас зүүн чиглэлийн ачааллыг үүрэх даацтай, гэрлэн дохиогоор зохицуулагдахгүй.

Хурдны замыг 20 сарын хугацаанд барьж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.

Нийслэлийн төсөв болон Замын сангийн 2.3 их наяд төгрөгөөр уг замыг барина. Гурван жилийн хугацаанд хувааж төлөх нөхцөлөөр санхүүжилтийн эх үүсвэрийг шийдчихсэн" гэж танилцуулав.

Уг зам баригдсанаар хотын урд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд зорчих боломж нээгдэх гэнэ.

Сануулахад Туулын хурдны замыг 1.9 их наяд төгрөгөөр барих НИТХ-ын тогтоол батлагдсан ч гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 болгосон, ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнэ шинэчлэгдсэн гэсэн хоёр шалтгаанаар 2.3 их наяд төгрөг болгож, нэмэгдүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх