Тэнгэр нурсан ч тэсэж үлд буюу Жекма-гийн бүтээсэн АЛИБАБА

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 20

Уулзсан хүмүүс, үзсэн кино, очсон газар, уншсан ном бүхэн надад үргэлж л шинэ содон байдаг. Тэр бүхэн миний мэдэхгүй цоо шинэ зүйлсийг нээж, таниулж өгдөгтэй холбоотой байх. Энэ ном ч мөн ялгаагүй. Нэрийг нь сонсож явснаас намтрыг нь хэзээ ч уншиж байгаагүй. Үнэхээр сонирхолтой хүн юм!

Интернэт худалдаа, бизнес гэж сонсохоор л толгой өвддөг байсан хүн чинь хэдэн сарын өмнөөс тэдгээрийг зах зухаас нь ойлгох болж одоо харин энэ номын ачаар илүү сайн мэддэг болж байна. Энэхүү номоос Жек Ма-гийн амжилтын түүхийг сонсож түүнээс суралцахын зэрэгцээ, 1990 оны эхээр Хятадад давалгаалан орж ирсэн интернэт технологийн эрин үе, үүний суурин дээр бий болсон старт-ап компаниудын ололт уналтын түүхийг ч сонсож, мөн шинэ санаа урам зориг авах болно.

 

Жек Ма гэж хэн бэ, тэр юу “бүтээсэн” бэ?

 

Тэрээр математикийн хичээлд тун дургүй, технологийг огтхон ч ойлгодоггүй нэгэн байв. Харин түүний гал мэт ассан хүсэл мөрөөдөл жир нэгэн багшийн мэргэжлээс дэлхийн интернет худалдааны “магнат” болоход нөлөөлсөн билээ. Түүнд мөнгө байгаагүй, харин мөрөөдөл л байсан. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй хүмүүсийн нэг бол яалт үгүй Жек Ма. 15 настайгаасаа Ханжоу нутгийг зорин ирсэн жуулчидтай ичиж зоволгүй англиар ярилцан, тэдэнд өөрийн нутгийн тухай мэддэг зүйлсээ танилцуулж, ерөөс илэн далангүй байж чадсан нь түүнийг англи хэл сурахад маш сайн түлхэц болж, цаашлаад түүнийг “дэлхийн хүн” болох суурийг тавьсан юм. Англи хэл бол түүний давуу тал байлаа.

 

“Би сургуулиа төгссөний дараа ажилд орохоор 30 удаа өргөдөл өгсөн ч бүгдэд нь татгалзсан хариу авсан. KFC-д орохоор өргөдөл гаргасан 24 хүний нэг нь би байлаа. Тэд 23-ийг нь аваад нэгд нь татгалзсан бөгөөд татгалзсан хариу авсан нь би байсан. Мөн Харвардад орохоор 10 удаа хүсэлт илгээсэн, мөн л татгалзсан хариу авсан” гэж тэрээр бүтэлгүйтлийн түүхээ хуваалцаж байжээ. Энэ зэрэг олон бүтэлгүйтэл түүнийг амьдралын өмнө шантрахад биш харин ТЭМЦЭГЧ байхад сургасан нь их амжилтын эзэн болоход нөлөөлжээ.

 

Тэрээр технологийн ертөнцөд түүнд орон зай байгааг олж харснаар энтрепренёр, бизнэсмен болох замдаа эргэлт буцалтгүй орсон билээ. 1995 онд Жек Америкийг зорьж анх удаа компьютерт хүрч үзэн, интернэт гээч зүйлийг ашиглаж үзэв. Ингээд эх орондоо эргэж ирмэгцээ 1995 оны 4 сард Chinаpages.com-ыг нээлээ. “Анхдагчид авдрыг нь олж, араас нь ирэгчид алтыг нь авдаг” гэх хэлц энэ номд бий. Тиймээ, Жек бол Хятад гүрний технологийн салбарын анхдагчдын нэг. Тухайн үеийн технологийн анхны энтрепренёрүүдийн Хятадад улс төрийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бодол нь өөрчлөгдөн технологийн хүчээр улс орныг ахин байгуулж хөгжүүлнэ гэж бодоцгоох болсон нь мэдээлэл технологийн эргэлт хийх суурь болжээ.

 

1994 оны 5 сард Хятад улс анх удаа интернэтед холбогдсноор шинэ эрин үе ирлээ. Энэ үеийг бүтээгчдийн нэг нь гарцаагүй Жек Ма билээ. Ингээд 1995 онд өөрийн байгуулсан Chinepages.com-оос 1997 онд гарлаа. 2 жил завсардаж төрийн албанд ажилласан ч “Интернет бүхнийг өөрчилнө” гэсэн итгэл үнэмшил нь цээжинд дотор нь дүрэлзсээр байлаа.

 

Ийнхүү түүний хүслийн оч 1999 онд Алибабаг байгуулах нь мөрөөдлийг өрдөв. Жекийн гэрт түүний баг хамт олны байгуулсан Алибаба хэмээх старт-ап компани өдгөө 18 жилийн нүүрийг үзэж байна. Дэлхийн шилдэг 10 компаний нэгээр зүй ёсоор тодорч Alibaba Group (Alibabacom, Taoboa, Alipay, Aliyun, Yahoo China, Aliwangwang, Alibaba Pictures, Ali express, Ali Health, Alisports…) болтлоо өргөжжээ. Энэ хугацаанд Жек болон Алибабагийн туулсан саад бэрхшээлийг дурдах нь илүүц бизээ. Амжилтын зам хэдий дардан биш ч хүн чин сэтгэлээсээ хүсэж чадвал бүтээж чаддагийн амьд жишээ нь ТЭГ-ээс ТЭРБУМТАН болсон Жек ма-гийн намтар байлаа.

 

Алибаба хэрэглэгчдэд юу “өгсөн” бэ?

 

Хэрэглэгч үргэлж НЭГДҮГЭЭРТ – Алибабагийн философиор нэгдүгээрт хэрэглэгчид, хоёрдугаарт ажилчид, гуравдугаарт хувьцаа эзэмшигчид ордог. Үүнийг Жек ажилчдадаа тарни мэт цээжлэх хэрэгтэй гэж сургасаар иржээ. Хэрэглэгчидийн хүсэл, хэрэгцээг хамгийн түрүүнд тавьж тэднийг маш сайн мэдэрч чадсан нь түүний бизнэс амжилтанд хүрэх гол түлхүүр байлаа. “Ашгаас илүү үнэт зүйлийг бүтээх нь чухал” гэсэн итгэл үнэмшил нь хэрэглэгчид бол компанийн үнэт зүйл гэдгийг илтгэнэ. Энэ нь ч E-bay, Amazon-ыг ардаа орхиход нөлөөлсөн бизээ. “Хэрэглэгч бол хаан” гэдэг энэ лоозон Алибабад хэрэгждэг ажээ.

 

Баталгаат бараа – Алибаба нь Alibaba.com, Taobao.com, Tmall.com гэсэн 3 төрлийн интернет худалдааг эзэмшдэг. Эдгээр сайтуудад эргэлдэх хэдэн арван сая бараа бүтээгдэхүүн дунд хуурамч бараа байх тохиолдол нэлээдгүй. Эдгээрийг хянана гэдэг хэдий хэцүү ч Жек үүнтэй тэмцсээр, хэрэглэгчийн гарт баталгаат, чанартай бараа хүргэх тал дээр анхаарсаар ирсэн юм. “Нэг хэрэглэгч хуурамч бараа авахад л 5 хэрэглэгчээ алдаж байна гэсэн үг” хэмээх үзэл нь зөвхөн баталгаат барааг хэрэглэгчдэд хүргэх ёстой гэсэн зарчмийг нь мөн илтгэх юм. Алибаба нь “Made in China” буюу “Хятадад үйлдвэрлэв” гэх уламжлалт ойлголтыг халж “Bought in China” буюу “Хятадаас худалдаж авав” болгон өөрчилжээ. Сонсогдох байдлаасаа л өөр байгаа биз.

 

Амьдралын шинэ хэв маяг – Уламжлалт хэв маяг, хандлагыг Алибаба групп тэр чигээр нь өөрчилж чадсан. Жил бүр АНУ-гийн хүн амаас их буюу 400 сая гаруй хүн Алибабагийн цахим хуудсаар дамжуулан худалдаа хийдэг. Өдөр бүр хэдэн арван сая захиалга ирдгийн 2/3 нь дотоодын захиалга байдаг ажээ. 1994 саын 5 сарын 17-нд Хятадад интернет нэвтэрч байсан нь саяхных. Харин одоо Алибаба Хятадын худалдааны зах зээлийн 80 хувийг дангаараа эзэлж байна. Энэ нь Хятадын хүн амын амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөж, техник технологийг хэрхэн ашиглаж сурсныг илрэл болж байна.

 

Дашрамд дуулгахад 2015 оны 11 сарын 11-ны өдрийн Global Festival Shopping Gala нэвтрүүлгээр Алибабагийн сайтууд дээрх худалдан авалтыг шууд олон нийтэд цацсан юм. Тухайн өдрийн эхний 8 минутанд 1 тэрбум долларын худалдан авалт хийгдэж 24 цагийн дараа гэхэд 30 сая долларын худалдаа хийсэн байв. Энэ тоо АНУ-гийн Талархлын баярын Хар баасан гарагийн худалдан авалтаас 4 дахин их байв. Хятадын зах зээл болоод амьдралын хэв маягт Алибаба цоо шинэ эргэлт авчирсан гэхэд хилсдэхгүй.

 

Номоос онцлох эшлэлүүд

 

· Өнөөдрөөрөө амьдар. Ирээдүйд хэт их санаа зовж цаг алдах хэрэггүй. Одоо л бүхнийг хийж амжуул. 
· Ямар нэг санаа төрвөл түүнийгээ хөгжилтэй болго. Тэгээд дараа нь түүгээрээ амьсгал, амьдар. Эс тэгвээс зүгээр л нэг санаа хэвээрээ үлдэнэ. Энэ бол Жекийн ид шид юм.
· Чи солонгыг харахын тулд цасан шуургыг давах ёстой. 
· Өнөөдөр бол гамшиг. Маргааш түүнээс ч илүү гамшиг. Гэхдээ нөгөөдөр бүх зүйл гайхамшигтай байх болно. Харамсалтай нь ихэнхи хүмүүс нөгөөдрийн гэрэлт нар, сайхныг мэдэрч чадалгүй маргааш шөнө гэхэд үхсэн байдаг. 
· Тэнгэр нурсан ч тэсэж үлд. 
· Алибаба амжилтанд хүрсэн 3 шалтгаан бий: 
o Нэгдүгээрт бидэнд ямар ч мөнгө байгаагүй
o Хоёрдугаарт бидэнд ямар ч технологи байгаагүй
o Гуравдугаарт бидэнд ямар ч төлөвлөгөө байгаагүй.
· Анхдагчид авдрыг нь олж, араас нь ирэгчид алтыг нь авдаг. 
· Хөрөнгө мөнгөний хүч хязгааргүй гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ хөрөнгө мөнгөд хүч байхгүй. Түүнийг удирдаж байгаа хүмүүсийн л хүч юм. Чамаас хүчтэй чамаас илүү хүмүүсийг үзэн ядах биш харин тэднээс суралцах ёстой. 
· Мөнгө хэрэггүй үедээ хөрөнгө босгож мөнгө олох хэрэгтэй. Харин мөнгө хэрэгтэй үед үүнийг хийвэл чи оройтсон байх болно.

 

 

Чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдөж, тууштай байж, шаргуу хөдөлмөрлөж чадсан хэн бүхний өмнө дэлхий “нээлттэй” байдаг. Дэлхийн түүхийг бүтээгчдийн нэг нь чи ч, би ч, хэн ч байж болно гэдгийг эгэл нэгэн залуу Жек Ма-ийн түүх нотолж өгөх шиг. Баярлалаа!

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх