БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 26

 

гэрэл зургийг mpa.mn-c ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Түүний Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү дөрвөн жилийн дараа дахин айлчлал хийж байгаа юм. 

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёныг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон албаны бусад хүмүүс угтав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийнэ. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү айлчлалын үеэр хоёр улсын иргэдийн визний асуудал мөн  Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх