УРАН ЗОХИОЛ ДЭХ ИТАЛИ ТИТЭМ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 03

Борхесийн “Зүүдний ном” их алдартай. Энд есөн шидийн зүүд Вавилоны цамхагийн хэлийг эзэмшсэн мэт үржиж, хуваагдан бутарч, сарнин алга болсноо эргэн биежиж байдаг. Тус ном дотор “Колриджийн зүүд” хэмээх тэмдэглэл бий. Тэр нь Английн яруу найрагч Сэмюзд Тейлор Колридж 300 гаруй мөр найраглал зүүдэндээ зохиосон тухай гарна. Тэрхүү найраглал нь  “Хубилай хаан” нэртэй бөгөөд зөвхөн эхний хэсэг нь л үлдсэн байдаг. Харин энэ тухай Борхес ийн өгүүлжээ.

 

“Хэдхэн минутын дараа нойронд автах хүртлээ баруун зүгт Марко Пологийн буянаар алдаршиж амжсан Хубилай хааны ордны байгууламжийн тухай бичсэн Пэрчесийн номыг уншиж байжээ. Санамсаргүй уншсан зүйл нь зүүдний хэлээр өрнөн, үржиж хуваагдан, унтаж байгаа хүний нүдний өмнө дүр зураг зэллэн үзэгдэж, тэр ч бүү хэл тэднийг илэрхийлж буй үгс өрөгдөн бичигдээд...” |орч.Д.Оюунчимэг|

 

Үнэндээ Колридж энэ тухайгаа бичиж үлдээсэн ч Борхес шиг зүүд нь хэрхэн эвлэж буйг төсөөлөлгүй сэрсэн биз. Үүнтэй холбоотойгоор эвлүүлж унших бүтэцтэй нэгэн бүтээл 1972 онд хэвлэгдэн гарсан нь Италийн зохиолч Итало Кальвиногийн “Үл үзэгдэгч хотууд” нэртэй тууж байв. Барууны зарим сайт, сэтгүүлд “бичил роман” хэмээсэн нь ч буй. Борхесийн үзсэнээр Хубилай хаан зүүдэндээ үзсэн төлөвлөгөөнийхөө дагуу өөрийн ордонг барьж бүтээжээ. Зохиолд Хубилай хаан өөрийн төсөөлөлд ургуулсан хотын тухай ярьж түүнтэй адилхан хот буй эсэхийг Марко Пологоос асуудаг.  Тиймдээ ч Кальвиногий бүтээсэн үл үзэгдэх хотуудын санаа ямар нэг сэжмээр Борхесийн бүтээлтэй холбоотой мэт санагдана.

 

“Тагтаа паблиншиг”-аас эрхлэн хэвлүүлсэн тус туужид Италийн нэрт аялагч Марко Поло үзэж туулсан хотуудынхаа тухай Хубилай хаанд өгүүлж буйгаар гардаг. Мэдээж хотууд бодитой оршин байхгүй ч гэсэн уншигчид хот тус бүрийг бодитой болгон төсөөлж чадах билээ. Тийм л эрх чөлөөт байдал, хоорондоо урвуу хамаарал бүхий сэтгэхүйн гойд чанарыг “Үл үзэгдэгч хотууд” бүрнээ төлөөлж чадна.

 

Зохиолын хамгийн эхний бөгөөд сүүлийн ес дэх бүлгүүд 11 хэсэгтэй. Бусад нь тус бүр таван хэсгээс бүрдэнэ. Нийт 55 хотын тухай өгүүлэх бөгөөд бүгд өөрийн дурсамж, дохио тэмдэг, хүсэл, нүд, нөгчигсөдтэй. Харин бусад нь нарийхан, худалдааны, үргэлжлэн буй, нуугдмал хотууд гэсэн нэрийн дор сүндэрлэцгээнэ.

 

II.

 

 

Марко Пологийн ярьж буй хотууд оршин байхгүй мөртлөө оршин байдаг. Учир нь түүний ярьж буй хотууд оюун бодолд нь загварчлагдаж буй. Тиймээс л энэхүү төсөөлөн бодохуйн загварчлагдаж буй ухамсар нь хаа нэгтээ үзэж харсан бодит оршихуйгаас үүсэн бүрэлдсэн байх учиртай. Хот тус бүр айдаст автуулж, дур тачаал өдөөж, гоо сайхныг бишрүүлж, үхэгсдийн чимээг сонсгож чадна. Бүх хотуудад өөрсдийн гэсэн дурсамж, дохио тэмдэг байх хэдий ч эцэстээ бүгд хоосон чанартай. Үүнийг зүүдтэй адилтгаж болно.

“Хот гэдэг зүүдтэй төстэй; зөвхөн төсөөлж болохуйц зүйлс л зүүдэнд үзэгддэгчлэн санаанд үл багтам, хачирхаж гайхам зүүд гэдэг хүсэл дур ба хүйдэс айдсыг далдлан нуусан оньсого таавар байх нь бий. Түүн лугаа адилаар хотууд ч бас дур хүслэн хийгээд айдсаар цогцлох агаад хэтийн төлөв нь нууц, хийсвэр дэг журам, бусармаг бүхүйн тул өөр нэгэн зүйлийг далдлан нууцлах ажгуу”. |“Үл үзэгдэгч хотууд” 44-р тал, орч.Б.Эгшиглэн|

 

Дээр жишээ татсан өгүүлбэрийг Марко Поло хэлдэг бөгөөд Хубилай хаан хариуд нь ийн өчнө.

 

“Надад дур хүсэл, айдас хүйдсийн аль нь ч алга. Зүүд минь болвоос оюун ухаан, учрал тохиолын аль нэгнээс л үүдэх билээ” хэмээн хаан тунхаглав. |“Үл үзэгдэгч хотууд” 44-р тал, орч.Б.Эгшиглэн|

 

Аялагч, хаан хоёрын энэхүү харилцан яриа хоорондоо зөрчилдөж байгаа мэт боловч нэгэн том цул өгүүлбэрийг бүтээж байна. Аливаа дур хүсэл, айдсаар цогцлон буй хотууд зүүд шиг давхар нэгэн нууц агуулан оршино. Тэрхүү нууцад хааны зүүдний үүдэл болох оюун ухаанаар л нэвтрэх нь зайлшгүй. Магадгүй эндээс сониуч зан, айдас бүрэлдэх бөгөөд дур хүслээр цогцолсон хотуудын учрал тохиолыг өгүүлж баршгүй юм.

 

Мэдээж метафизик зохиолчид уншигчдад тайлбар өгдөггүй. Тухайн өгүүлбэр дотор нуугдаж буй хоёр өөр утга бүхий парадоксыг бид л олж нээх зайлшгүй үнэнтэй нүүр тулгарна. Харин Кальвиногийн хувьд бол тухайн өгүүлбэр хоёр өөр санааг агуулсан, давхар нууцтай гэдгийг шуудхан хэлж байна. Харин тэрхүү нууц нь чухам юу вэ гэдгийг олохын тулд уншсан бүхнээ эргүүлэн харж, шоо шиг эвлүүлж үзсэн ч хариулт нь гарч ирэхгүй байх маягаар тэр хотуудаа сүндэрлүүлжээ. Энэхүү бичлэгийн арга барил нь түүнийг онцгой болгодог болов уу.

 

III.

 

 

Одоо харин эвлүүлж тоглох гээд үзье. Туужийн 5 дугаар бүлгээс эхлэн “Хот ба нөгчигсөд” гэсэн хэсэг гарна. 5 дугаар бүлгийн тав дахь хэсэг нь “Хот ба нөгчигсөд” гэсэн нэртэй бөгөөд 6 дугаар бүлгийн дөрөв дэх хэсэг, 7 дугаар бүлгийн гурав, 8 дугаар бүлгийн хоёр, 9 дүгээр бүлгийн нэг дэх хэсэгүүд ийм нэртэй байна. Ажиглавал “Хот ба нөгчигсөд” нэртэй хэсэг бүлэг болгонд доороосоо дээшлэх байдлаар өсч байна. Энэхүү өсөлтийг хэрхэн бий

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх