Шинээр ЖДҮ-д холбогдсон гэх гишүүд юу хэлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 07 ・ 4

УИХ-ын 49 гишүүн ЖДҮ-аас зээл авсан гэх мэдээлэл гарч олны анхаарлын төвд орсоор багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” гэдэг гарчигтай материал дээр УИХ-ын 49 гишүүний нэр гараад байсан юм. Нэр дурдагдаж буй гишүүдийг ЖДҮДС-гаас иргэд, аж ахуйн нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгасан гэх мэдээлэл байна.

Тэгвэл УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

С.БЯМБАЦОГТ: БИ ЖДҮ-ИЙН САНГААС ЗЭЭЛ АВСАН БОЛ АЖЛАА ӨГӨХӨД БЭЛЭН

-ЖДҮ-д холбогдсон гишүүдийн тоо 49-д хүрсэн талаар мэдээлэл гарч байна. Энэ дотор таны нэр байх юм. Зээл авчихсан юм уу?

-Харин тэгээд л гүтгэчихэж. Би энэ ЖДҮ-гийн дуулиан эхлэхэд л хэлж байсан. Надтай холбоотой, хамааралтай ямар ч ЖДҮ-гийн асуудал байхгүй гэж. Хэрэв тийм зүйл байгаа бол ёс зүйн болоод хууль зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэж бүр эрт мэдэгдсэн. Өнөөдөр ч тэр үгээ хэлье. Би болоод миний хамаарал бүхий этгээд ЖДҮДС сангийн зээл авсан асуудал нэгээхэн ч үгүй. Баримт байгаа бол түүнийгээ гаргаж ирээд нотлох ёстой. Ингэж эрээ цээргүй гүтгэж гүжирдэх чинь гэмт хэрэг биз дээ. Намайг харлуулах гээд тэнд Ховдод мөрөөрөө ажлаа хийж яваа хувийн хэвшлийнхнийг бас гүтгэж таарахгүй. Энэ увайгүй гүжир гүтгэлгийг би шүүх прокурор, хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна. Өдий зэрэгтэй яваа минь төрөлх нутаг, түмэн олны минь хүч гэж би боддог. Хууль хяналтынхан хар цагааныг хурдан ялгаж, үнэн худлыг даруйхан тодруулах хэрэгтэй. Хэн нь буруутай, хэн нь буруугүй хэрнээ гүжир гүтгэлгийн бай болоод байгааг ард түмэн мэдэх эрхтэй.

-Таныг “Цант Алтай” гэх компанид ЖДҮ зээл олгосон гэх асуудалтай холбосон байна л даа. Тэгээд л үүнийг тодруулаад байгаа юм. Тантай хамаарал бүхий компани уу?

-Дахин хэлье. Энэ “Цант Алтай” гэдэг компанийн зээл авсан асуудал надтай холбоогүй. Холбоод гүжирдээд байгаа энэ компаний тухайд сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна лээ. Ховдод сүүний үнээний хоёр ферм үйл ажиллагаа явуулснаар өвөлдөө 3700 төгрөг хүрдэг байсан нэг литр сүү 2500 болж хямдарсан. Надтай л холбож хардаад байгаа болохоос биш eр нь харин ч авах ёстой компани нь авчихсан юм билээ. Жинхэнэ эзнээ олсон, Ховдчуудад хэрэгтэй компани зээлэнд хамрагдсан юм байна гэж ойлгож байгаа. Ийм жижиг дунд үйлдвэр, сүүний фeрм дахиад ч Ховдод хэд хэд хэрэгтэй. Яахаараа Ховдод амьдарч байгаа, хотоос алслагдсан гэхээрээ шийтгэгдэж байгаа юм шиг шатахуун, цeмeнт, сүү, гурил, будаа гээд бүх юм нь илүү үнэтэй байх ёстой гэж. Энэ бүхнийг хямд байлгахын төлөө би цаашдаа ч зүтгэнэ. Ер нь Ховдод хийгдэж байгаа сайн муу юм болгоныг надтай холбох гэж оролддог юм. Тэрний л нэг байна. Хийсэн хэрэг, алдсан алдаа байхгүй нь үнэн хойно юунаас айх юм. Үнэн үүрэндээ эргэж ирдэг гэж үгтэй байх аа.

УИХ-ын гишүүн М.Энхболд:

-Төв аймгийн Баяндэлгэр сумын буюу манай тойргийн нэг компани 400 үнээний ферм байгуулах төслийнхөө хүрээд ЖДҮДС-аас зээл авахад дэмжлэг үзүүлэх хүсэлтээ надад ирүүлж байсан. Би ЖДҮДС-д уламжилсан ч зээл олгогдоогүй юм билээ. Уг компанид миний ямар нэгэн хувь, хамаарал байхгүй шүү

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Би ЖДҮ-гээс өөрөө болоод хамаарал бүхий компани зээл авсан бол УИХ-ын гишүүнээс татгалзах болно. Хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-ЖДҮ-чин болсон бол би УИХ-ын дэд дарга болон УИХ-ын гишүүн байх тийм нэр нүүр, ёс суртахуун надад байхгүй. АТГ, прокурор, цагдаа болон шүүхэд хандана. “Өдрийн сонин”-ы дугаарт ЖДҮ-д холбогдсон гэх 49 гишүүний нэрийг зарлажээ. Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч Төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮ санд өгөхөөр шийдснээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан.

Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч дэмжигдснийг нь сүүлд мэдлээ гээд чи ЖДҮ-гээс яагаад зээл авсан юм, намайг нэр оролцууллаа гэж би тэр хүүгийн урмыг хугалах ёсгүй. Юм хийж бүтээе гэсэн залуу хүнд урам хэрэгтэй. Ямар алт ухах гэж байгаа биш төмс тарья гэж байгаа тооцоо судалгаатай төмсчин хүү буруугүй ээ. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авав. Би яагаад ЖДҮ- гээс айж бүхэл бүтэн хүнийг танихгүй, мэдэхгүй гэж хэлэх юм бэ. Үнэнийг л өчив. Намар болно. Аймгийн төвийн хэрэглэгчид монгол төмсөө иднэ. Сумын хэдэн хүн ажилтай орлоготой болно. Энэ л чухал. Харин төмсчин хүүгийн авсан 200 сая төгрөгийн зээлээс би нэг төгрөгийн ашиг харахааргүй амьдралаа босгож, бизнесийн салбарт олон зуун залуусын ажлын байр бий болгож явсан гэдгийг түмэн мэдэх хойно илүү юу хэлэхэв дээ. За тэгээд төмс ургадгаараа ургаж, би залуусаа дэмждгээрээ дэмжинэ. Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар. Төмсчин хүүд амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Би ЖДҮ-ийн зээл аваагүй. Хамаарал бүхий хүмүүс маань ч энэ зээлд хамрагдаагүй. Ор үндэслэлгүй худал мэдээлэл түгээж байна. Энэ худал мэдээлэл цацсан хүмүүс залруулгаа хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Намайг ЖДҮ-ийн зээлийг “Өв Сор Арвай” ХХК-аар дамжуулан авсан мэтээр гүтгэсэн. 2018 оны улсын төсөвт ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 63 тэрбум төгрөг тусгагдсан. ХХААХҮЯ-аас ЖДҮ-ийн зээлд хамрагдах аж ахуйн нэгж, иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг 2018 оны дөрөвдүгээр сард зарласан. Үүнд хамрагдах хүсэлтэй манай тойргийн 13 аж ахуй нэгж, иргэдийн зүгээс “тойргоос сонгогдсон гишүүний хувьд тухайн төслөө холбогдох байгууллагад уламжилж өгөхийг хүссэн” хүсэлт ирүүлсэн. УИХ-ын гишүүн миний бие УИХ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “УИХ-ын гишүүн, иргэд сонгогчдын хүсэлт, саналыг шийдвэрлэх, эсхүл шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд уламжлах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх 13 аж ахуй нэгж, иргэдийн ЖДҮ-ийн зээлд хамрагдах хүсэлтийг тухайн үеийн ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригт уламжилсан. Дээрх 13 аж ахуйн нэгжээс хоёр төсөл шалгарсан юм билээ. Би хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, иргэдээс надад өгсөн итгэлийг алдахгүйн төлөө тууштай ажиллаж ирсэн. Надад ЖДҮ-ээс зээл авах ямар ч шаардлага байхгүй бөгөөд аваагүй, авахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хийж бүтээхийн хүсэлд автсан иргэд сонгогчид тань горьдлого тээн төсөл хөтөлбөрөө ганц гишүүндээ гардуулахыг үзсэн үү та. Олон жил түшмэдийн хаалга татан итгэл нь алдарч ноорч шарласан төслөө нүдэн дээр чинь урж хаяж байхыг харсан уу та. Тэгээд би өөртөө авлаа юу.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Иргэдээ ажилтай орлоготой болгож ядуурлаас гаргах бодлогыг бодитоор хэрэгжүүлэх нь төрийнхний бидний нэн тэргүүнд тавих асуудал мөн. ЖДҮ эрхлэгчдийг төрөөс дэмжих оновчтой бодлого боловсруулж УИХ-д оруулж ирж шийдвэр гаргуулах талаар сонгогчдынхоо дуу хоолой болох үүргээ биелүүлж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байхад үед байнга л ярьдаг цөөхөн гишүүдийн нэг нь би өөрөө. Аймаг орон нутгаас ЖДҮ дэмжих асуудал маш их ирдэг. Гэхдээ жинхэнэ ЖДҮ эрхлэх гэсэн иргэдээс хөрөнгө оруулалтын санхүүжилт хүсэж ирүүлж байсан дүнгүүд нь 10, 20, 50 саяас 100 сая л байдаг юм билээ. Харин би Засгийн газрын гишүүн биш учраас санал бодлоо байнгын хороо, чуулган дээр л хэлдэг ярьдаг. Иргэдээс ирсэн хүсэлт болгоныг холбогдох яам руу нь уламжлахаас илүүг хийж чаддаггүй л дээ. Тиймээс би өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж ЖДҮДСангийн зээл авах санал гаргаж байгаагүй ээ гэдгээ мэдэгдье.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 07/

    iimerhuu uls toriin zaavariig tanai d haanaas ogdog yum be ene sait iimerhuu argaa baesan yumahaas tsaashgui olj umshih yum bihgui sonirholgui mongolchuudiig hagalchih hureenii hov jivees deerdehgui medeelleesoor gui NOVSH

    Хариулах
  • chag yeiin goomoonuud?... / 2019 04 сар 07/

    ene heden nydnii bylainyyd aa!!!ta nariig hen itgeh be?tonilj yz!!!

    Хариулах
  • chag yeiin goomoonuud?... / 2019 04 сар 07/

    ene heden nydnii bylainyyd aa!!!ta nariig hen itgeh be?tonilj yz!!!

    Хариулах
  • Наран гэрэл / 2019 04 сар 07/

    Тэр 2 тэрбумаар нь авчихсан гаруудын тал нь сангийн
    сайд Ч.Хүрэлбаатарынх байх нь гарццагүй.

    Хариулах