Америкийн нууцаас…

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 07

Америкийн ололт амжилтын нууц нь тинк-танк бодлогын судалгаандаа оршдог бөгөөд тэд 2000 гаруй бодлогын судалгааны хүрээлэндээ дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэн мэргэд судлаачдыг мөнгөөр зодон авчраад судалгаа шинжилгээ хийлгэн төрөл бүрийн салбарт бодлогоо оновчтой зөв тодорхойлсноор дэлхийг эзэгнэсэн хэвээр байна. Унах машин өмсөх хувцас идэх хоолоо мексик хятадуудаар төвөггүй хямдхан хийлгэчих тэдэнд гол нь дээшээ сансар огторгуй доошоо электрон протон гэрлийн бөөм ДНК-г задлан нууцыг нь атгаснаар дэлхийг төдийгүй ертөнцийг эзэмдэх санааг давхар өвөрлөж байдаг.

Мөнгөгүй ч гэлээ дэлхийн ухааны сор болсон аль ч улс орны оюутан залуучуудад жилийн 50-100 мянган долларын сургалтын тэтгэлэг өгч сургаад үнэлж баршгүй хүний хүчин зүйлтэй тэднийг авч үлдэн ажлын байраар хангахад тэд алсдаа тэтгэлэгээсээ хэд дахин илүү оюуны болон бизнесийн хөрөнгө оруулалтыг америкийн нийгэмд оруулж байдаг. Мөн дэлхийн хамгийн хурд хүч мөнгө эрх мэдэл нэр хүндтэй урлаг спорт улс төр бизнесийн одуудад америкийн байнга оршин суух зөвшөөрөл, иргэншил авахад саадгүй тул тэд хамаг нөөцөө америк руу зөөж америкийг улам хүчирхэгжүүлж байдаг.

Ганц эрчим хүчний бодлогыг аваад үзэхэд, газрын тосны үнийг навс унаган баррелийг нь 60$ болгож зөвлөлтийн эдийн засгийг сөхрүүлэн коммунизмыг нураах, Ирак Афганы дайн болоход 60 байсан тосоо 160 болгоод зөрүүгээр нь дайны зардлаа нөхөх, газрын тос 160 болонгуут Европ Хятад зэрэг нефтээр маруухан улсууд сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээнд хамаг төсөв хөрөнгөө гарган 50 доллараас ч хямд төсөр сэргээгдэх эрчим хүч онолын хувьд гаргаж аваад яг хэрэгжүүлдэгийн даваан дээр буцаагаад 40 ногоон болгож даажигнан тэдний эхлүүлсэн хамаг төсөл хөтөлбөрийг будаа болгож хаалгыг нь бариулах зэрэг ухаалаг ухаалаг төрийн бодлого шийдлүүдийг дээрх тинк-танк судлаачид л сэтгэж улстөрчид нь хэрэгжүүлж байдаг.

Мөнгө электрон болсон өнөө үед хоосон цаасан ногооныг өдөр шөнөгүй хэвлэж буурай орнуудад зээл бонд хэлбэрээр зээлдүүлээд буцаагаад жилийн дараа юутай хүүтэй нь чулуу болгоод авч байгаа нь монголд ч хамаатай. Олз омог олчих санаатай гартаа хүрз барьсан, бас ч үгүй кармаандаа нэг доллартай нутгийн сайхан гүндүүгүй монгол эр, ганзага хоосон гадаад эртэй говьд таарч яриа хөөрөө өрнүүлэн мөнгө зээлэх санаагаа хэлтэл цаадах нь Бололгүй яахав, чамд барьцаанд нь тавих юу байгаа гэтэл Хүрз байна гээд нутгийн эр хүрзээ барьцаанд тавьтал, гадаад эр Нэг доллар жилийн хүүтэйгээ хоёр доллар. Харин би хүүгий нь шууд суутгаж авна гэхэд Тэгэлгүй яахав, одоо хүүгий нь төлөөд дараагийн жил үндсэн зээлээ төлөхөд надад ч амар гээд кармаанд байсан ганц доллараа мань эр хүүнд нь өгөв. Гадаад эр баруун гараараа нэг долларыг нь аваад зүүн гараараа буцаан өөрт нь зээлүүлэхийг анзаарах манатай, мөнгө зээлсэндээ бөөн баяр болсон нутгийн эр толгодын цаагуур түнш нь орохын цагт  Ингэхэд би ер нь юу хийчихвээ, байгаа хөрөнгөө барьцаанд тавиад, байсан мөнгөө хүүнд өгөөд, дээрээс нь баахан өртэй үлдэх чинь юу билээ гээд нилээн бодов. Бодоод бодоод бүүр бодын шийр дөрөв гэгчээр ёстой нөгөө УИХ-ын топ санхүүч, улс төрчид Оюутолгойг олон жил шалгаад шалгаад учир нь олдохгүй санхүүгийн махинацид нь толгой нь эргээд сүүлдээ бүүр бууж өгч байсантай л ус агаар адил жишээний мөнгөний схем сүлжээг америкууд л сэтгэнэ. Америкийн хийж буй дайн дажинаас эхлээд хууль журмын цэг таслал хүртэл бодлогын судалгаан дээр үндэслэгдэж хэзээ хойно ч гэсэн уг судалгаа нь буруу болох нь нотлогдвоос уг тинк-танк хүрээлэн судлаачдын нэр хүнд нь навс унаж бусад өрсөлдөгч нартаа жийгдэн бодлого судалгааны зах зээлээс арчигднаа л гэсэн үг.

Тиймээс судлаачид уг асуудалдаа шинжлэх ухааны бүхий л аргыг хэрэглэн туйлын няхуур нямбай шударгаар хандана. Асуудлыг хорь гучин жилийн өмнөөс ч эхлэн судлан алсын харааг гучин жилээр стратегийн зорилтоо 10 жилээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гурван жилээр ч гаргана. Заримдаа гурван жил Бин Ладенг судалж судалж байгаад гуравхан минутын дотор устгах гүйцэтгэх ажиллагаа ч үүнд хамаарна.

Өөрсдийн өрсөлдөгч тал, улс үндэстэний лидерүүд, дэлхийн нэр нөлөөтэй хүмүүсийн сайн муу тал гэр бүл хобби хэлхээ холбоо ашиг сонирхолын зөрчил, тэдний но-той баримтуудыг байнга судалж хадгалж байгаад шаардлагатай үед гаргаж ирэн үгэнд ордоггүй Панамын ерөнхийлөгч генерал Норьега шиг нэгнийг төр улсыг нь эзлэн түрэмгийлж байгаад ч нисдэг тэргээр баривчилж авчраад хар тамхины хэргээр дөчин жилээр шийтгэж байсныг ерээд оны түүх гэрчилнэ.

Хэдэн жилийн өмнө Францын ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай, тухайн үедээ Олон улсын валютын сангийн тэргүүнээр ажиллаж байсан Доминик Страус Каннд тулгасан Нью-Йоркийн хүчингийн хэрэг мөн л иймэрхүү өнгө аяс сценариар явагдан сонирхсон талууд нь улс төрийн зорилгодоо хүрснээс гадна өмгөөлөл хуулийн фирмүүд нь ч хэдэн саяар давхар бурзайж байдаг.

Америкийн төр бодлого зангидагч боловсон хүчнээ тавь жаран жилээр ч, заримдаа бүх насаар нь ч тухайн бодлого тодорхойлогч зөвлөхөөр тогтвортой ажиллуулдаг. Тухайлбал, жилийн  өмнө зуу наслаад өнгөрсөн Билл Грэйм /1918-2018/ гэхэд л 1945 оноос 2017 он хүртэл ерөнхийлөгч Труманаас авхуулаад Обама хүртэлх Америкийн бүх арванхоёр Ерөнхийлөгчийн шашин төрийн зөвлөхөөр жар гаруй жил тасралтгүй ажилласан бол мөн оны сүүлээр талийгч болсон Америкийн гол аюулгүй байдлын бодлого тодорхойлогч Бжезинский 1960 оноос Ерөнхийлөгч Жон Кеннедийн зөвлөх, 1965 оноос Ерөнхийлөгч Линдон Жонсоны зөвлөх, 1976 оноос Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1979 оноос Рейганы бодлогын зөвлөх хийн коммунизмыг нурааж, түүний НАТО-г тэлэх геостратеги нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаагаас харахад Америк дэлхийг тэр чигт нь Бжезинскийн бодлогоор сүүлийн жаран жил эргүүлжээ. Харин Бжезинскийн дэвшүүлсэн ирээдүйд Ази Европ хоёрыг зааглан тэнцвэржүүлж барих Пан-Монголизм хэзээ хэрхэн яаж хэрэгжихийг цаг хугацаа л харуулах үлдэж /зураг дээр АНУ-ын Ази-Номхон далайн Аюулгүй байдлын судалгааны хүрээлэнд/.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

www.medeel.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх