Хүний эрх зөрчигдсөнийг мэдээлж байхад Ц.Нямдорж сайдын чих бөглөөтэй байсан уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 09 ・ 5

Монголд, тэр тусмаа салбар дотор нь хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрснийг   Ц.Нямдорж сайд гэнэт мэдэж гэнэ. Энэ хүртэл тэрээр хамар доорхоо харахгүй явж. Гэтэл нэг өдөр харааны шил зам дээрээс олдож,  аваад зүүтэл аймшигтай зүйлүүд байгааг  олж харж илрүүлсэн юм байх.

Тэр нь С.Зоригийг хөнөөсөн аллагын гүйцэтгэгч гэх үндэслэлээр иргэдийг эрүүдэн шүүсэн бичлэг. Хууль зүйн салбарт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлаас  ийм  дүгнэлт хийж болохоор  байна. Монгол хүний амь нас үнэгүйдэж, олон зуугаараа амь эрсдэж байгаа. Энэ дотор цэргийн казармд, шоронгийн камерт ч  зодуулж, тамлуулж, дарамтлуулж амь насаа алдсан хүн олон. Эрхтэн дутуу, эрэмдэг зэрэмдэг болсон нь ч байна. Гэтэл аль аль нь төрийн хамгаалалтад байгаа онцгой обьект шүү дээ.

 

Төр тэр хүмүүсийг хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь үүргээ биелүүлээгүй байж, хэрэг гарсны дараа  арьсаа,  нэр хүндээ, зэрэг цол, албан  тушаалаа  хамгаалж ирсэн.

Амиа алдсан хүнийг буруутгана, суурь өвчтэй байсан, өөрийн буруугаас гэмтэж бэртсэн гэж мэдээлнэ. Энэ салбарт төрийн форм өмссөн  араатнууд олширсныг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээл­лийн­хэн харин  тухай бүрт нь мэдээлж байлаа. Тэр болгонд эрх мэдэлтнүүдийн зүгээс гүтгэсэн, харлуулсан, худал мэдээ тараасан гэхчилэн чичлэж, залруулж байна гэж сүржигнэдэг байсан. Эсвэл огт  үзээгүй, хараагүй мэт таг болчихно. Ийм л байдалтай явж ирсэн. Хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг ХЭҮК нь тайлан илтгэлдээ оруулан УИХ-д өргөн барьдаг ч гишүүд уншихгүйгээр ширээн дотроо хийгээд хав дарчихдаг юм байна гэдэг нь сая ил болсон. Тэндээсээ архив руу ороод замхардаг нь ч батлагдсан. ҮАБЗ нь юу хийж байсан нь тодорхойгүй. Тэгвэл хэвлэлээр олон нийтэд цацагдсан хүний эрх зөрчиж байгаа талаарх  эх сурвалжуудын хэлж ярьсан баримтуудыг ҮАБЗ ч, ХЗДХЯ, салбарын сайд, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсэг, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ шат шатандаа яагаад анхаарч, шалгаж нягтлаагүй юм бэ.

Өнөөдөр гэнэт  “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг илрүүлсэн” хэмээн  Сүр Данзангийн дүрд тоглож буй  Ц.Нямдорж сайдад дуулгахад С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх эмгэнэлт жүжиг хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг “Зууны мэдээ” сонин хамгийн олон удаа  мэдээлж ирсэн юм. Манай сэтгүүлчид  Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуайтай  олон удаа ярилцлага хийж гаргасан. С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгалмаа гуайг олж уулзан хэвлэлд анх удаа яриулж  байв. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай  ярилцлага хийж байсан. УИХ-ын гишүүн байхдаа Хорих 461 дүгээр ангийн  нөхцөл байдалтай танилцсан  Ц.Оюунгэрэлээс тодруулга ярилцлага авч байв. Тэд шоронд хүний эрх зөрчигдөж, хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж, дарамталж байгааг ярьдаг, хэлдэг, түүнийг нь бид дамжуулж ирсэн. Энэ бүхэн бол хүний эрх зөрчигдсөн баримтууд. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамъян “Улс төрийн аллага I, II”, “Тагнуулынхны сум ташаа тусах вий дээ”, “Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм” гэсэн эрэн сурвалжилсан цуврал нийтлэлүүдийг “Зууны мэдээ” сониноор дамжуулах олон нийтэд хүргэсэн билээ. Тухайн үед Ц.Нямдорж сайд нүдээ таглаж, чихээ бөглөөд сууж байгаагүй байх. Тиймээс тэдний “Зууны мэдээ” сонинд  ярьсан  онцлох эшлэлүүдийг  сануулж байна.

 

Л.Жавзмаа /Содномдаржаагийн ээж/: Үсийг нь зулгааж, чихийг  нь  огтолно гэж зодож, дарамталсан байна

♦“Миний хүүд 2014 оноос да­рам­тал­сан мессэж ирдэг болсон. Хэв­лээд, цагдаагийн байгууллагад өгө­хөд  тоогоогүй. Жил гаруй хуга­цаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд барьж яваад дөрөв хоног сураггүй байсан. 2016 он

♦Хүүг маань баривчилсан эхний долоо хоногт аймшигтайгаар дарам­талж “1937, 1938” оны их хэлмэгдүүлэлт шиг элдвээр тарчилгаж, хэрэг үүсгэх, хүлээлгэх гэж гарын үсэг зуруулах, өмгөөлөгчгүйгээр байцаалт авах, Ц.Амгаланбаатараар дарамтлуулах, тэр ч байтугай гэрчүүдийг хүртэл хэлүүлэх, сандал өргүүлэх, сууж босгох зэргийг хийж байсныг мэднэ.  2017.1.17 

♦Би хүүтэйгээ уулзсан. Түүнийг хориг­дож байх хугацаанд нь сэтгэл са­нааны дарамт үзүүлсэн байна. 2017.8.4

♦Миний хүүг баривчилж явсныхаа дараа тусгайлан бэлдсэн өрөөнд оруулаан Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Үсдэж, зодож, чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно, энэ хэргийг хүлээхгүй бол чи гэртээ харихгүй хэмээн дарамталж байсан талаар хүү минь хэллээ. 2018 он

♦ “Миний хүүг хэрэг хүлээлгэх гэж олон хоног хорьж, зодож дарамтлан  аппаратад хүртэл оруулсан. Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно гэж сүрдүүлж, мансууруулж байгаад хэрэг хүлээлгэсэн”  2018.11.12

♦“Тагнуулынхан анх барьж явахдаа  миний хүүг тамлаж тарчилгах өрөө, хүнээ бэлдчихээд ирсэн юм билээ. Камерт нь Ц.Амгаланбаатарыг оруу­лан зодуулдаг, тэр нөхөр баас, шээс цацаж дарамталдаг байсан. 2019 он

 

Д.Байгалмаа /Булганы ээж/:Хурц гэрэлтэй өрөөнд хорьж,  солих хувцас оруулдаггүй

♦Эргэлт оруулахгүй, ээжийг нь уулзуулахгүй байгааг ойлгохгүй юм.

♦24 цагийн гэрэлтэй нөхцөлд хорьсон. Эргэлт оруулахгүй, унших ном, сонин ч оруулдаггүй.

 

Ц.Оюунгэрэл: Булганы өрөөний гэрэл бусад өрөөний гэрлээс  тод байсан

♦Булганы өрөө тэнд хоригдож байгаа камер бүхэлдээ, бие засах хэсэг нь ч гэсэн тэнд хоригдож байгаа   бүх эрчүүдийн нүдэн дээр ил байсан. Камерынх нь гэрэл бусад камерынхаас илүү тод байсан. Түүнийг хорьсон эхний нэг сард хувцас өгөөгүй, маш их даарсан гэсэн.  Бичсэн өргөдөл, захиаг нь дамжуулахгүй хурааж авдаг, яг 1937 он шиг байна. Таван сар болоход ганцхан удаа солих хувцас оруулсан байна шүү дээ.  2016.4.19

 

Т.Хүрэлбат: Камерт нь орж “шорон хэсэх сайхан байна уу” гэж дарамталдаг гэнэ

♦Ц.Амгаланбаатар тагнуулын хүнтэй хамт дүүгийн минь камерт орж ирээд “чи хүн алсан хэргээ хүлээ, шорон хэсэх сайхан байна уу” гээд дарамталдаг гэнэ. Булганыг ч бас айлгаж, дарамталсан байх. Том охин нь ээжийнхээ араас хөөцөлдөж яваад осолд орж нас барсан. Ер нь биднийг байнга хар машинтай хүмүүс дагаж, маш их айдас хүйдэстэй байх боллоо.  2018.1.3

Эх сурвалжуудын зөвхөн “Зууны мэдээ” сонинд гарсан ярилцлага, тодруулгаас эшлэхэд ийм байна. Хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр ч  тэд өчнөөн удаа  байр сууриа илэрхийлсэн. Хүний эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлсээр байхад  “Загас мэт” чимээгүй байсан эрхмүүд өнөөдөр л гэнэт мэдсэн юм шиг дүр эсгэж байгаад  олон нийт эгдүүцэж, эсэргүүцэж байна шүү, Ц.Нямдорж  сайд аа.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 09/

    заваан хазгай хэлт зайлаа

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 09/

    Энэ нэг хөгшин шуналийн тулам богцныхоо амыг хаах болоогүй л юм байх даа

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 09/

    Араажав телевизгүй,айлын байр хөлслөж суудаг,хэрэг материал танилцах эрхгүй,зөвхөн сайдын цалин авах үүрэгтэй амьтанд их зовлон байгаадаа,албан тушаалд дуртайдаа л олон арван жил энэ албанд суусан болохоос өөр хүн бол аль эрт яваад өгсөн шүүдээ.

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 09/

    Өөрийн гэсэн орох оронгүй,үзэж харах телевиз радио байхгүй ядарсан амьтаны задарсан үйлдлийг,хэрэвээ энэ улс оронд чинь хууль ёс гэж байдаг бол,хэрэвээ хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрх эдлэж үүрэг хүлээдэг бол,хэрэвээ шудрага ёс гэж байдаг бол олон түмэн олон талаас нь шүүж хариуцлага тооцох цаг б

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 09/

    Хүний эрхийн үндэсний комиссын гол үүрэг, хийх ажил нь энэ байтал цаасан дээр тайланд ганц нэг үг үсэг тавьсан болж, эхий эцээхгүй, тугалы нь тураахгүй гэгчээр аялдан дагалдчихаад одоо болохоос нэг их ажил хийсэн мэт, буруугаа бусдад тохчихоод, бурхан мэт ариухан болох уг нь хэрэггүй юм. Нэрий нь ав

    Хариулах