СУРВАЛЖЛАГА: Төрсөндөө "ХАЯГДСАН" амьдрал

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 16

Хорвоод хоёр хөлөө алдсан хөгжлийн бэрхшээлтэй залуу баргил сөөнгө хойлоогоор “Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад, сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно. Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд, хүслээ чилтэл алсыг ширтэнэ дээ...” хэмээн баргил сөөнгө хоолойгоор дуулна. Түүний дуулахыг хажууханд нь сонсож суусан хөгшин эр байсхийгээд л нулимсаа арчиж байгаа харагдана.

Залуу цааш нь Алсад суугаа ээжий минь, амин хайртай шүтээн минь билээ... хэмээн уянгалуулна. Харин энэ удаад залуугийн нүдийг нулимс бүрхээд ирэв. Юу, юугүй дагаад дуулмаар, бас уйлмаар болно.

Энэ бол улсдаа ганц байдаг гэж хэлж болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-Ирээдүй” асрамжийн газар юм. Энд харж хандах хүнгүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 20-78 насны 45 иргэн амьдардаг. Тэдний 24 нь оюуны хомсдол, сэтгэцийн өөрчлөлттэй бол үлдсэн нь  харвалт, тулгуур эрхтэн, хараа, сонсгол, саажилттай гэсэн эмчийн оноштой.

Энэ талаар “Батгэрэлт-Ирээдүй” төрийн бус байгууллагын захирал Г.Роза “Манай “Батгэрэлт-Ирээдүй” төрийн бус байгууллага 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд хөдөө, орон нутаг болон нийслэлээс нийт 300 гаруй харж хандах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай 300 гаруй иргэн ирж үйлчлүүлсэн. Одоогоор асрамжийн газар маань 14 ажилтантай. Харин 20-78 насны 45 асруулагчтайгаа үйл ажиллагаагаа явуулж байна. Энд амьдарч байгаа иргэдийн 80 орчим хувь нь байнгын асаргаанд байдаг” хэмээн ярилаа. Тэд өнгөрсөн онд 55 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 10-ыг нь ах, дүү нарт нь хүлээлгэн өгсөн байна. Харин есөн асруулагч нь зуурдаар нас баржээ.

-ХҮҮХДҮҮДЭЭ БОДООД Л АСРАМЖИЙН ГАЗРЫГ ЗОРЬСОН-

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-Ирээдүй” асрамжийн газар түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Стандартын шаардлага хангахгүй  дан давхар цагаан байранд үйл ажиллагаагаа явуулаад найман жил болжээ.

Хэдийгээр улсаас тодорхой хэмжээний төсөв өгдөг ч тэрхүү мөнгө нь хаанаа ч хүрдэггүй байна. Тиймээс ихэвчлэн иргэн, аж ахуйн нэгжээс хандив авч амьжиргаагаа залгуулдаг аж.

Харин энэхүү газарт амьдарч байгаа 45 асруулагч бүгд ижил “зовлон”-той гэж хэлж болно. Тэд бүгд их, бага хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй. Түүнчлэн төрсөндөө “хаягдсан”, эсвэл хорвоод тулж түших хүнгүй үлдсэн хүмүүс юм. Гагцхүү хорвоогийн бор хоногийг зурагт үзэж, ном сонин уншихаас гадна хоорондоо шатар тоглож, өдөр бүр амьдралынхаа түүхийг ярилцаж өнгөрүүлдэг байна.

Энэ газарт одоогоос зургаан жилийн өмнө 60-н насны босго давсан Г.Гантөмөр гуай иржээ. Тэрбээр “Би залуу насандаа хөдөө хүчний байгууллагад холбооны инженер хийдэг байсан. Энд суга таягтай байхдаа 2013 онд ирсэн. Манай хөгшин хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдүүдийн асрамжинд байдаг. Хоёрын хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрах хэцүү. Тиймээс л хүүхдүүдээ бодсондоо энд ирсэн” гэв.

Түүнтэй хамт нэг өрөөнд 64 настай асруулагч Х.Батсүх гуай амьдардаг. Тэрбээр анх долоон жилийн өмнө ирэхдээ тархиндаа хүнд бэртэлтэй, харааны бэрхшээлтэй иржээ. Энэ газарт ирснээсээ хойш мартаж, санасан бүхэн нь эргэн сэргэж янз бүрийн хайчилбар, цоолбор хийх болсон байна. Тэрбээр “Би дөрвөн хүүхэдтэй. Доороо 10-н дүүтэй, айлын том хүү. Гэвч эхнэр маань бурхан болсноос хойш харж хандах хүнгүй болсон. Тиймээс л асрамжийн газарт ирсэн” хэмээн ярьж байлаа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх