УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр ҮАБЗ-д хүргүүлсэн билээ. Тэгвэл эл асуудлыг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва Дубайн гэрээг цуцална гэдгээ мэдэгдсэн юм. Харин энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар эсрэг байр суурьтай байгаа бөгөөд цуцлахгүй гэдгээ хэлэв.

Тэрбээр засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас “Оюутолгойн гэрээ”-нд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа.

Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн тул ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн. Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд бүгд Ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай. Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ гэрээг зөв талаас нь засаж сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна гэв.

Д.:Сумъяабазар "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Уул уурхайн салбар маш эмзэг салбар. Бүхий л хүмүүсийн сонирхол янз бүрийн байдлаар ордог. Сайн муу хэлүүлж байгаа ч уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг авч яваа. Салбарын сайдын хувьд энэ том бүтээн байгуулалтын ажлыг зогсоох ч гэдэг юм уу тийм соёлгүй асуудал байж болохгүй гэж бодож байна.

2010 оноос хойш Оюутолгойн бүтээн байгуулалт 8.7 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүнээс 2.3 тэрбум ам.долларыг татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. 700 гаруй аж ахуй нэгж энд үйл ажиллагаагаа явуулж байгаа. шууд болон шууд бусаар 45 мянган хүний аж амьдралыг шийдэж яваа том төсөл. Би Оюунтолгой гэрээ, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гээд байгаа Дубайн гэрээг сайн гэрээ хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ сайжруулаад, ширээний ард суугаад соёлтой байдлаар хөрөнгө оруулагчтай ярилцаад засч залруулах зүйлээ засаад явах боломж бий. Харин үүнийг зогсоох, цуцлах асуудал байж болохгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийлээд авлаа. 

Ямартай ч тэд нэг шийдэлд хүрч удтал дуншсан Дубайн гэрээг цааш хэрхэхийг шийдэх биз ээ.