С.Зоригийн хэргийг намууд ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байна гэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 19

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан  хэргийн талаар өнөөдөр Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ.  

 

Энэ үеэр тус намын дарга Ц.Ганхуяг “Хэвлэлийн хурал хийх гол шалтгаан нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хохироосон хэрэгтэй холбоотой. Талийгаачийн төрсөн өдөр маргааш тохионо. Жил болгон хоёр өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай.

Илрэхгүй, захиалагч нь ил болохгүй байгаа энэ хэрэг дээр манай нам хүлээцтэй хандаж ирсэн. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүлээцтэй хүндэтгэлтэй, тэвчээртэй хандаж байлаа.

Гэтэл харамсалтай нь сүүлийн үед энэ хэрэг хоёр намын хоорондын ашиг хонжоо оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсаж  байна. Эрүүдэн шүүсэн гэх 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлч, иргэний байгууллагын нийгмийн төлөөлөлд үзүүллээ. Ард түмэнд үзүүлсэнгүй. Тиймээс ард иргэдийг ижил тэгш мэдээлэл авах хэрэгслээр хангахыг шаардаж байна. Хэргийн нотлох баримт бүгд байхад гурван шатны шүүхийн хуралдааны материал шийдвэрийг ил гаргахыг шаардаж байна. Цаашдаа үнэнийг олохын төлөө улс төрийн тэмцэл өрнүүлн" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр энэ хэрэг илрэхгүй байж магадгүй. Нотлох баримтыг ч устгаж, захиалагчийг бүрхэг болгох гэж байна.Тиймээс энэ асуудлыг анхаарч, тэмцэхээр Иргэний зориг ногоон намаас мэдэгдэл гаргаж байгаа. Цаашид хэрэг хэзээ ч илрэхгүй нөхцөл байдал үүсэх вий гэхээс айж байна. Хэсэг бүлэг хүмүүс явцын ашиг сонирхлоор хэргийг шийдэх вий дээ. С.Зоригийн амийг хөнөөснөөс хойш 21 жил өнгөрчээ. Хэрэг илэрнэ гэдэгт олны итгэл мөхөж эхлэв. Энэ хэргийг илрүүлэх хүсэл сонирхол огт алга. Тиймээс үнэнийг олохын төлөө намынхан явна. Шүүн тасалсан шүүх хуралдааны шийдвэрийг ил болгохгүй бол улс төрийн тэмцэл өрнүүлнэ. Олон нийтийг зөв мэдээллээр хангахыг уриалж байна гэв.

 

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН МЭДЭГДЭЛ

Монголын төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрцгий аллага гарснаас хойш 21 жил өнгөрсөн ч Зориг агсны хэлсэнчлэн Монгол хүний саруул ухаанд итгэсэн олны итгэл мохоход хүрч байна. Энэ хэргийг илрээсэй гэсэм түмэн олныхоо нэгэн адил Иргэний Зориг Ногоон Нам өнөөдрийг хүртэл хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцолгүй хүлээцтэй хандсаар ирсэн.

Уг хэрэгт хандаж байгаа МАНАН-гийнхны үйлдэл нь нэрт улстөрчийн амь насыг маш нарийн зохион байгуулалттай хөнөөсөн болохыг тэд өөрсдөө энэ хэргийг илрүүлэхийг огт хүсэхгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна.

Энэ хэргийг зарим нам, хууль хяналтын байгууллагынхан өрсөлдөгчөө нухчин дарах намнах хэрэгсэл болгон ашиглаж, хэргийн нотлох баримтуудыг устган, хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчдийн олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэн, цаашид хэргийн захиалагч, хамжигч, алуурчид ул мөрөө баллан хэрэг хэзээ ч илрэхгүй нөхцөл байдал үүсгэх вий гэдгээс маш их санаа зовж байна.

Үндэсний аюулгүй байдал төрийн нууц гэдэг халхавчин дор хэргийг тулган хүлээлгэх хэсэг бүлэг өөрсдийн явцуу ашиг сонирхлоор хэрэг зохион үүндээ хүмүүсийг хоморголон хэлмэгдүүлж хилсээр ял үүрүүлэх нөхцөл бүрдүүлэн, Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгих аюул нүүрлэжээ.

Иймд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүн тасалсан анхан, дунд хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна.

С.Зоригийн амь насанд халдсан хэргийн асуудлаар байгуулагдсан Улсын Их Хурлын Түр хороо энэ асуудалд ултай суурьтай хандан олон нийтийг зөв мэдээллээр ханган хамтран ажиллахыг уриалж байна.

 ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх