Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 04 сар 23
・ 1
Судалгаануудаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг өндөр гарч байна.
Лав сүүлийн арваад жилд МАН-ын даргын нэр хүнд ингэж өсч байгаагүйг судлаачид хэллээ. Энэ үнэний ортой л доо.
Гэхдээ энэ нь У.Хүрэлсүхийн хувийн рейтинг юм. Тэр намын дарга, тиймээс намаар нь харвал бас өөр болно. Учир нь У.Хүрэлсүхийн энэ үнэлгээг нам унагах хэмжээний хэдэн улстөрч МАН-д бий.
Тэднээс хамгийн түрүүнд нэрлэж болох хүн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир юм.
Энэ этгээд ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон. ЖДҮ-гийн хэрэг бол муухай л даа. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр тусгай санд төвлөрүүлсэн бага хүүтэй зээлийг Д.Дамба-Очир “хусчихсан” юм.
Тэрээр “Сапфир стоун” ХХК-ийн ЖДҮХС-гаас авсан зээлтэй нэр холбогдсон. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжсэн байдаг.
“Сапфир стоун” ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг. Зээл авах хүртлээ ямар нэг үйл ажиллагаа явуулж ирсэн нь ч эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, яаж яваад 1.0 сая төгрөгийн хөрөнгөтэй компани 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь анхаарал татахаар байгаа юм.
Тиймээс АТГ-ынхан мань гишүүнийг ЖДҮХС-гийн 1.2 тэрбум “Сапфир стоун” ХХК-ийн данс руу орсноос хойш нааш нь цааш нь болгосон асуудлаар шалгасан байна.
Харин Д.Дамба-Очир “…Энэ асуудалд би хамаагүй” гэж анхнаасаа гүрийсэн. Гэвч хамаатай гээд хуулийн байгууллага гаргаад ирсэн.
Ингэсэн ч “…Би зээл аваагүй, УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан” гэж бас гүрийсэн. Гэтэл АТГ, прокуророос түүнд холбогдох хэргийг өөр хоёр гишүүнийхтэй хамт шүүх рүү шилжүүлсэн байгаа юм.
Байдал ийм дээрээ тулчихаад байхад гүрийсэн хэвээрээ л байгаа. Хэрэг нь цагаадсан хэдэн гишүүний тоонд өөрийгөө оруулчихсан л тууж явна лээ.
Энэ талаас нь харахаар бас л өөдрөг гүргэр хүн юм.
Ер нь бол Д.Дамба-Очир гишүүн ЖДҮ-гийн асуудалд хамаатайгийн цаагуур хамаатай. Энэ хүний холбогдсон “Сапфир стоун” ХХК-ийн дансаар орсон ЖДҮХС-гийн 1.2 тэрбум төгрөг гарахдаа “…Тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтээр ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй” байдлаар зарцуулагдсан байна.
Тэгэхээр Д.Дамба-Очир “…Би буруугүй” гэдэг үгээ шүүх дээр л нотлох ёстой болж байгаа юм. Нөгөөтэйгүүр Д.Дамба-Очир ингээд УИХ-ын гишүүн гээд явж байх ёс зүйн хувьд боломжгүй хүн гэгддэг. Япон мэтийн ёс зүй, ёс суртахуун ярьдаг, түүнээс үхтлээ ичдэг оронд бол төр рүү зүтгэх нь битгий хэл л юм болно.
Гэсэн ч Монголд бол өөр ажээ.
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Дамба-Очир 2016 онд дахин нэр дэвшиж сонгогдсон.
Энэ хүн 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Анод” банкны хэргээр шалгагдаж байсан. Дараа нь Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106 километр замыг долоон жилийн турш барихдаа чанарын шаардлага хангаагүй, зураг төслийн дагуу бариагүй гээд бөөн асуудал босч ирсэн. Д.Дамба-Очирын энэ зам тавиад жил ч бололгүй өвөл нь энд тэндээ овойж хөлдөөд, хавар гэсэхээрээ бутарч унаад онгойсон хар нүх болсон доо. Хүмүүс мартаагүй л байгаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.