Хаягдал ургамлын тос, өөхөн тос, хуванцараас биодизель түлш гаргаж авна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 28

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тиймээс экологид ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэлхийн эрдэмтэн судлаачид хайсаар байна. Уур амьсгалын дулаарал, байгалийн доройтлоороо дэлхийн улс орнуудаас дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа монголчууд эко үйлдвэрлэл эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэл гэж үзэх болсон. Энэ чиглэлд багагүй амжилт гаргаж байгаагийн нэг жишээ нь ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн инновацийн төслийн багийнхан ургамлын тосноос эко буюу биодизель түлш гарган авсан явдал юм. Тэд анх 2009 онд цэвэр ургамлын тосноос биодизель түлш гарган авах туршилтыг хийж байсан бол 2014 онд хаягдал ургамлын тосноос уг түлшийг гарган авч болдгийг амжилттай туршиж тогтоогоод байна. Түүнчлэн малын өөхөн тос, хаягдал хуванцар материалаас байгаль, экологид ээлтэй өртөг багатай биодизель түлш гарган авах ажлыг туршиж, импортыг орлох үйлдвэр нээх төсөл санаачлаад байгаа ажээ. Ингээд бид ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, “Дотоод шаталтын хөдөлгүүр” процессийн багийн “Ургамал, амьтны өөхөн тосноос биодизель түлш үйлдвэрлэх” инновацийн төслийн багийн ахлагч Г.Энхбаяртай ярилцлаа.

 

-Сүүлийн үед ургамал, амьтны тосноос биодизель түлш гарган авах тухай нэлээд ярих болжээ. Таны хувьд хэзээнээс хаягдал ургамлын тосноос биодизель түлш гарган авах санаа төрсөн бэ?

 

-Би эхлээд товчхон түүх ярья гэж бодож байна. Дизель хөдөлгүүрийг анх зохиосон Р.Дизель гэж эрдэмтэн анхны хөдөлгүүрээ 1893 онд зохион бүтээсэн байдаг. Харин энэ хөдөлгүүрээ ургамлын гаралтай дизель түлшээр туршсан түүхтэй. Тэрээр 1912 онд “Ургамлын гаралтай дизель түлшийг газрын тосны гаралтай дизель түлштэй эн зэрэгцүүлж хэрэглэх цаг мөдхөн ирнэ” гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр дэлхий нийтэд газрын тосны нөөц хомсдоод ирэхээр ургамал, амьтны тос, хаягдал материалын гаралтай биодизель түлшийг хөгжиж буй орнууд өргөнөөр хэрэглэж байна.

 

-Энэхүү биодизель түлш, газрын тосноос гарган авдаг уламжлалт дизель түлшнээс юугаараа онцлог, давуу талтай юм бэ?

 

-Биодизель түлшний хэрэглээг нэмэгдүүлэх гол шалтгаан нь нэгдүгээрт ургамал, амьтны болон хаягдал материалын гаралтай биодизель түлшинд агаарыг бохирдуулдаг бодис бараг байхгүй гэж хэлж болно. Зарим үед бохирдуулагч бодисыг 50-60 хувь бууруулдаг талтай. Хоёрдугаарт, зууралдах шинж чанар өндөр байдаг учраас эд ангиа тослох чадвар нь илүү байдаг. Ингэснээр хөдөлгүүрийн нөөц, ашиглалтын хугацааг уртасгаж өгдөг. Ер нь хөгжингүй орны том хотуудын томоохон мөрнүүдээр дизель түлшээр ажилладаг усан онгоц явдаг. Мөн тэдгээр хотууд дизель түлшээр явдаг нийтийн үйлчилгээний автобуснууддаа биодизель түлшийг 100 хувь хэрэглэж байна. Учир нь биодизель түлш нь дээр хэлсэнчлэн давуу талтай төдийгүй экологийн цэвэр түлш юм.  Үндсэндээ дэлхий нийтээр тулгамдаж буй хүлэмжийн хий, агаарын бохирдлыг үлэмж бууруулдаг учир уламжлалт дизель түлшний үйлдвэртэй эн зэрэгцэх ач холбогдол өгч, энэ төрлийн түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, төр засаг нь дэмжин ажиллаж байна.

 

-Манай улсын хувьд ганц, хоёр ААН биодизель түлшийг үйлдвэрлэж байгаа юм билээ. Төр засгаас дэмжих, зах зээлд нэвтрүүлэх боломж хэр байна вэ?

 

-Энэ  талаар төр засгийн дэмжлэг их дутагдаж байна. Уг нь бидэнд дизель түлшийг орлуулах буюу импортын дизель түлшийг орлуулах тал дээр дотоод нөөц бололцоогоо ашиглаад хөгжүүлэх боломж байна. Тухайлбал, ресторануудын хаягдал ургамлын тос, мал, амьтны өөхөн тос, бусад хаягдал хуванцар материалыг урвалд оруулж биодизель түлш гарган авч, хэрэглээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Тиймээс бид өнгөрсөн жил БШУЯ-нд энэ чиглэлээр жижиг цехийн төсөл бичин санхүүжилт хүссэн. Гэвч дэмжигдээгүй. Энэ жил ахиад өгөхөд бэлэн болсон байгаа. Эхний ээлжинд нэг жижиг цех байгуулаад туршилтаар ажиллуулж, олон нийтэд таниулах шаардлагатай байна. Ер нь газар тариалангийн аж ахуй эрхлэгчид хаягдал материалаа ашиглаад, хаягдал тос аваад дизель болгон хөдөлгүүртээ хэрэглэх боломжийг бид харж байна. Хаягдал материал бол үнэгүй юм шүү дээ. Тэгэхээр өртөг, зардал бага гарна.

 

 

-Жижиг цех байгуулах төсөлд тань хэчнээн төгрөгний санхүүжилт шаардагдаж байгаа вэ. Цех байгуулснаар дотоодын дизель түлшний хэрэглээний хэдэн хувийг хэрхэн хангах боломж байна вэ?

 

-Зориулалтын тоног төхөөрөмжийг худалдан аваад үйлдвэрлэл явуулахад 80 гаруй сая төгрөг шаардагдаж байгаа юм. Германд бол тоног төхөөрөмж нь найдвартай, сонголттой бий. Хэмжээний хувьд ч янз бүр. Жижиг цехийг нүүдлийн чанартай хийсэн ч болно. Жишээлбэл, явуулын байдлаар сум, орон нутагт очоод өөх, өөхөн тос худалдаж аваад тэргэнцэр дээр тоног төхөөрөмжөө суурилуулан үйлдвэрлэлээ явуулан газар дээр нь биодизель түлш болгоод хүмүүст таниулж болно л доо. Үүнээс гадна хамгийн наад зах нь бид нийслэлийн утааг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс нийтийн тээврийн автобус болон дизелиэр явдаг бүхий л тээврийн хэрэгсэлд биодизель түлшээ түгээх хүсэлтэй байгаа юм. Учир нь газрын тосноос гаргаж авсан дизель түлш утаа их ялгаруулдаг. Үүнийг бууруулахын тулд мөн зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнээр биодизель түлшээр хангах боломж байгаа юм. Ингэхдээ дулааны улиралд 100 хувь хэрэглэж, хангаад байж болно. Харин өвлийн цагт царцах гээд байдаг тул уламжлалт дизель түлштэйгээ 20 хувь хольж хэрэглэх боломжтой юм. Ингээд ирэхээр үнэ өртөг нь хямд тусах давуу талтай. Бид эхний ээлжинд автобус компаниудын нэг баазад ч гэсэн турших саналтай байна.  Ингээд зах зээлд нэвтрүүлэхэд өдөрт 100-300 литр түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цех хэрэгтэй. Цаашдаа 500-аас дээш литрийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.

 

-Явуулын байдлаар үйлдвэрлэж газар дээр нь хүмүүст үзүүлж болно гэж та хэллээ. Биодизель түлшийг үйлдвэрлэхэд хэдий хугацаа зарцуулагддаг юм бэ?

 

-Биодизель түлш гаргаж авахад түүхий эд маань 16 цагийн дотор урвалд орж түлш болдог. Тэгээд хэмжээнээсээ хамаараад хэр их үйлдвэрлэх нь тодорхой болно. Бид нөөц бололцоогоо ашиглаад 10-15 литр биодизель түлш үйлдвэрлэж болох тохируулалттай халаагуур савыг өөрсдөө худалдан авсан. Сайтар хутгаж урвалд оруулдаг учраас таган дахь хутгуурыг “монголчлоод” өөрсдөө бүтээсэн.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх