Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 19 ・ 13

Монгол Улсын төсөвт даацтай хөрөнгө оруулдаг салбар нь уул уурхай гэдгийг бид мэднэ. Тэр дундаа нүүрсний олборлолт, экспорт хамгийн их татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Тэгвэл нүүрснээс ч дутахааргүй хөрөнгө оруулалттай, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн чухал шийдвэр бол малыг амьдаар нь экспортлох явдал болоод байна.

Уул уурхайн баялаг бол шавхагддаг баялаг. Харин мал аж ахуйн салбар бол монголчуудын өнө удаан жил эрхэлж ирсэн, нөхөн сэргээгддэг баялаг юм. Харин энэ баялгаа экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэр хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хөндсөн учраас л өнгөрсөн хугацаанд “Буянт малаа хятадуудын хоол болгохгүй. Энэ бол Хятад улсын манай улсыг эзлэх стратеги” гэх мэтээр олон нийтэд буруу, зөрүү ойлголт төрүүлэхийг оролдов. Үнэндээ Монгол Улсад ашигтай шийдвэр гэдгийг төр засгийн хүрээнд, бизнесийнхэн, малчдын хүрээнд ч хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Малыг амьдаар экспортлохтой холбоотой гурван удаагийн тогтоолыг Засгийн газраас баталжээ. Тодруулбал, 2017 онд 142, 284, 2018 оны 318 дугаар тогтоолыг тус тус баталсан байдаг аж. Эдгээр тогтоолуудад малыг амьдаар нь экспортлохтой холбоотой хорио цээрийн бүс байгуулах, Монгол, Хятадын мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хамгийн сүүлд Засгийн газрын 318 дугаар тогтоолд үржлийн бус бог мал буюу нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгасан байдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд чамгүй бүтээн байгуулалт эхлүүлсэн байдаг юм байна. Мал экспортлох эрх авсан “Болор гантиг” компани сонгон шалгаруулалтаар хорио цээрийн бүс байгуулах 600 га газрыг 2.1 тэрбум төгрөгөөр авчээ. Америк, Хятадын хөрөнгө оруулалттай “Бийт Монгол” компани тус бүсэд 400 сая юань буюу 65 сая ам.дорлларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Энэ хүрээнд албаны томоохон уулзалт, хэлэлцээр, харилцан гарын үсэг зурах арга хэмжээнүүд ч зохион байгуулагджээ. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард Хорио цээрийн бүс байгуулах шаардлагад хоёр улсын холбогдох байгууллагын удирдлагууд гарын үсэг зуржээ. Тэгвэл малыг амьдаар экспортлох нь Монгол Улсад ямар ашгийг өгөх вэ?

Монгол Улс 2017 онд 66.7 сая толгой мал тоолуулсан. Үүний 30 сая нь хонь, 27.5 сая нь ямаа, 3.9 сая нь нь үхэр 3.5 сая адуу, мөн 478 мянган тооны тэмээтэй гэсэн статистик гарч байв. Яг энэ тоон мэдээллээр мэргэжлийн байгууллагууд дүгнэхдээ Монгол орны бэлчээрийн даац 75 хувиар хэтэрлээ гэж мэдэгдсэн. Тэгвэл дараа жил нь буюу 2018 онд Монгол Улс 20.1 сая төл хүлээн авсан. Бэлчээрийн даац яаж нэмэгдсэнийг тайлбарлахад илүүц биз. Энэхүү буянт сүргээсээ монголчууд жилд дунджаар 10 сая толгой малыг хүнсэндээ хэрэглэдэг. 52 мянган тонн махыг БНХАУ руу, 20 мянган тонн махыг ОХУ, Иран зэрэг бусад улс орон руу экспортолдог. Гадагшаа экспортолсон махыг амьдын толгойд шилжүүлбэл 3.5 сая толгой мал болдог аж. Ингээд бодоход Монгол Улс жилд 13.5 сая малыг хүнсэнд хэрэглэж, экспортолж гаргаж байна. Жилд хүлээн авдаг төлийн тоотой харьцуулбал, 6.5 сая мал эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр үлддэг гэсэн тооцоо гарч байгаа юм.

Уг нь Монгол Улс 1990 оны үед 25 сая толгой малтай байхдаа экспортын хэмжээ өнөөгийнхөөс хавьгүй илүү байсан судалгаа байна. Тухайн үед гадаадад 241 мянган тонн мах гаргадаг байж. Тоо толгойд шилүүлбэл энэ нь 10 сая толгой мал болж байна. Харин 20 жилийн дараах статистик малын тоо толгой бараг гурав дахин нэмэгдсэн ч экспортын хэмжээ гурав дахин буурсан үзүүлэлт гарч байгаа юм. Үүнээс харахад дотоодын хэрэглээ өсч, мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалт нэмэгдсэн гэвэл худлаа. Махны үнэ тэнгэрт хадаж, малчдын гар дээрх түүхий эд үнэгүй хэвээрээ л байгаа.

Мал амьдаар гаргах шийдвэр ёсоор бол үржлийн бус бог малыг шилж сонгохгүй гэсэн шаардлага тавигдаж байгаа юм билээ. Хорио цээрийн дэглэмийн бүсэд малаа 45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, тэжээж тарга тэвээрэг авсны дараа хилээр гаргах шаардлагыг Хятадын талаас тавьж байгаа аж. Энэ нь ч монголчуудад ашигтай гэлцэж байна.

Хорио цээрийн дэглэмийн бүсийг олон улсын “OEI” стандартын дагуу эрсдэлийн үнэлгээ хийхэд хамгийн тайван бүс гэж үнэлжээ. Тус бүс газарт нэг хонь өдөрт 1780 төгрөгийн өвс, тариа, эмчилгээ, ариутгал хийгдэж, үүн дээр үйл ажиллагааны зардал нэмэгдээд 3200 төгрөгийн зардал гарах тооцоо хийжээ. 45 хоногийн хугацаанд хилээр гаргах малыг ингэж тэжээх тэжээл, өвс, царгас, овьёосынхоо 70 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс хангах юм байна. Харин вандуй, эрдэнэ шиш зэргийг ОХУ-аас, эрдэс шим тэжээлийг БНХАУ-аас хангахаар төлөвлөжээ.

Үнэндээ БНХАУ-ыг махаар хангах хангалттай нөөц Өмнөд Монголд бий. Өмнөд Монгол 140 сая толгой малтай. Тиймдээ ч БНХАУ-ын Засгийн газраас Өмнөд Монголын эрх ашгийг бодож, Монголоос экспортолсон мал, махыг Бээжин, Өмнөд Монголоос дотогш Хятадын гүн рүү нэвтрүүлэхийг хориглосон юм билээ.

Манай улсад махны 80 орчим үйлдвэр бүртгэлтэй байдаг. Үүний 40 орчим нь үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг юм байна. Гэхдээ үүнээс тун цөөхөн нь зориулалтын үйл ажиллагаа эрхэлдэг гэж эх сурвалжууд хэлж байна. Нэг үгээр манай махны үйлдвэрүүд хамгийн их ашиг сонирхолтой, малчдын гар дээрээс хамгийн хямдаар авч хэрэглэгчдэд хамгийн өндөр үнээр хүргэх ченж ажиллагаа тогтвортой байх нь тэдэнд хамгийн ашигтай байдаг гэж энэ чиглэлийн бизнесийг гадарладаг хүмүүс өөр зуураа ярилцдаг. Гадаад руу мал, махны экспортыг нэмэгдүүлээд эхэлбэл ашиг орлого нь буурах энгийн логик харагдаж байгаа учраас л эсэргүүцэх шалтгаан болж байна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Магадгүй тийм ч байж мэдэх. Гагцхүү тэд 60 сая толгой малтай монголчуудад хямд үнэтэй мах хэрэглүүлье гэж ганц удаа уриалга гаргаагүй хэрнээ гадагшаа гаргаж ашиг олъё гэхэд хамгийн түрүүнд эсэргүүцэж байгаа улс гэдгийг нийт олноороо харж байна.

Ямар сайндаа л малыг тогонд цохиулж гаргаж байгааг зүй бус хэмээн мэдэгдэж байх вэ дээ. Уг нь энэ аргыг олон улсад нэвтэрсэн шилдэг арга гэж үздэг юм билээ. Эсрэгээрээ бидний малаа муулдаг аргыг мал, амьтан зовоосон бүдүүлэг хуучны арга гэж дэлхий нийт хардаг нь нүдэн дээр ил байгаа нь л үнэн.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: www.dnn.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: