Г.Отгонбаатар: Эхнэрээ үүрсэн долоон жил надад зовлон байгаагүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 19 ・ 3

“Эхнэрээ үүрсэн долоон жил надад зовлон биш харин ч хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэгээхэн хэсэг байсан. Гэр бүлийнхээ төлөө эдгэсэн эхнэртээ би үгээр илэрхийлэхийн аргагүй хайртай. Эхнэрийнхээ хүнд өвчинтэй тэмцэх гэж өөрийн гэсэн бүхнээ зарж, эцэстээ  гурван чемодан  хувцас, хоёр хайрцаг номтой л үлдсэн. Яг тэр үед хэчнээн тав тухтай гэр орон байсан ч “Жинхэнэ аз жаргал гэдэг бол элэг бүтэн амьдрал” юм байна гэдгийг сэтгэлээсээ хэзээ ч арилахгүй болтол ойлгосон” гэж тэр яриагаа эхэллээ. Г.Отгонбаатарын эгэл жирийн боловч чин сэтгэлээр дүүрэн амьдралыг “ТВ-8” телевизийн “Тавилан” нэвтрүүлэг анх сурвалжилж, үзэгчдэд хүртээл болгож байсан юм. Эхнэрээ хайраараа эмчилсэн түүний амьдралын долоон жилийн түүх уншигч танд ч мөн урам, хайр, сэтгэл зүрхний хүч болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна.


-Анх та эхнэртэйгээ танилцсан түүхээсээ хуваалцах уу. Манай зарим уншигчдад та шинэ танил байж болох?

-2003 онд танилцаж байлаа. Байнга орж, гардаг нэг ахынхаараа очтол тэднийд хөдөөнөөс дүү нь оюутан болж ирсэн тухай ярьсан юм. Би бодохдоо хөдөөний хүүхэд гэхээр улаан хацартай, бор охины л тухай төсөөлж байлаа. Тэгсэн гаднаас хөдөөнийх гэж огтхон ч хэлэхээргүй цэвэрхэн цагаан охин ороод ирлээ. Тухайн үед тэр ахынхаар солонгос хүмүүс орж гараад байдаг байсан болохоор тэдний нэг юм болов уу гэж бодов. Хэн хэн нь юм ярихгүй, чимээгүй суугаад л байсан. Тэгсэн харин нөгөө охин маань гарахдаа “Баяртай” гэж хэлэхээр нь ахын яриад байсан хотод ирсэн дүү нь юм болов уу гэж тааж билээ. Ингэж анх харснаас хойш үерхэх тухай гурван ч удаа хэлсэн боловч эхний хоёр дээр нь зөвшөөрөөгүй ээ (Инээв). Харин гурав дахь захианд маань зөвшөөрсөн хариу өгч, бид хоёр жил орчим үерхэж, дотноссоныхоо дараа 2004 онд хуримаа хийж, гал голомтоо асааж байлаа.

-Хүнд өвчинтэй тэмцэж, ялан дийлсэн та хоёрын амьдралын түүх олон хүнд урам зориг өгдөг. Тэгэхээр энэ тухай асуухад таныг эмзэглэхгүй байх аа гэж бодож байна. Та хоёрт маань тэр хүнд өдрүүд хэзээнээс ирсэн юм бол... Таны эхнэр Ж.Өлзийхутаг яг ямар оноштой байсан бэ?

-Биднийг хуримаа хийхээс өмнөхөн эхнэр маань ревматизм буюу хэрх өвчинтэй болж, гар нь бага зэрэг мэдээ алддаг болж эхэлсэн. Гэр бүл болсноос хойш эхнэрийн  бие нэлээд муудаж, ойрхон газарт таягтай, холхон бол үүрүүлж явдаг боллоо. Үүрээд явж байхад янз бүрийн юм бодогдоно. Явцын дунд “Өөр эмчилгээ байхгүй. Өвчин намдаах эмнээсээ өдөрт гурвыг уугаарай. Монголд эмчлэгдэх боломжгүй” гэдгийг эмч нар хэлсэн. Тэр үед хүн их л олон зүйл боддог юм билээ. Эхнэр маань өвчинтэйгөө хэдий тэмцэж байгаа ч хорвоогийн жамаар явчихвал яах билээ? Би ганцаараа үлдэж, болохгүй, түүнийгээ явуулж болохгүй гээд л үргэлж шанална. Тухайн үед том охин маань дөнгөж төрсөн байсан. Эр хүн тэгээд их “муухай”. Хэрэв эхнэр маань охин, бид хоёроосоо үүрд явчихвал бидний дараагийн амьдрал яах билээ ч гэж бодно. Хэнтэй энэ амьдралаа туулах билээ гэж бодсон чинь янз бүрийн л хүмүүс бодогдож байсан шүү... Тийм зүйл бодож байгаадаа эхнэрээсээ, өөрөөсөө ч ичиж, маш муухай санагдаж байлаа. Эхнэрээсээ урваж байгаа юм шиг сэтгэл маш хэцүү болсон. Ингээд бүхнийг ургуулж бодож суухдаа тэр бодлууд дундаасаа би олон зүйлийг олж, өөртөө үлдээж чадсан. Нэг өглөө эхнэрээ үүрээд таван давхраас бууж байхдаа “Миний ханиа, намайг уучлаарай. Би чиний талаар янз бүрийн зүйл бодмооргүй байна. Би зүгээр л чамтай хамт амьдармаар байна. Би чамаас уучлалт гуйж байгаа шалтгаан нь бодсон бодлуудтай минь холбоотой” гээд өөрийнхөө бодсон, шаналсан сэтгэлээ бүгдийг нууж хаалгүй хэлсэн.  Эхнэр маш сайн ойлгосон. Ойлгохоос гадна тэр маань “Би чамтайгаа он удаан жил хамт амьдарна. Би эдгэрнэ. Охиныгоо хүнтэй сууж байхад нь чамтайгаа  би зэрэгцээд сууж байх болно” гэж амласан.  Энэ үг бидний амьдралыг дахин хөл дээр нь босгох шиг болсон.

Гэргий Ж.Өлзийхутаг: Тэгж бодох шалтгааныг би өгсөн байх. Ерөнхийдөө тухайн үед өвчний өмнө сөхөрч, энэ амьдралыг удахгүй орхиод явах юм байна гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байсан. Нэг өдөр нөхөртэйгээ ярилцаж байгаад “Би юунд ч харамсахгүй. Энэ хүртэл чи минь намайг жаргалтай амьдруулсан. Чи минь залуу юм чинь сайн ханьтай учраарай. Охиныг минь сайн ээжтэй болгоорой.  Надаас илүү чамайг халамжлах сайн эмэгтэй учирна” гэж ярьснаас хойш ханийн маань сэтгэл их өвдсөн байх. Нөхрийгөө надаас юу ч нууж хаахгүй ярьснаас хойш бид хоёр дахиж нэг нь өвдөх, үлдэх, шаналах тухай дахиж хэзээ ч ярихгүй байхаар шийдэж, нэг нэгэндээ байж болох бүх хүч, хайраа зориулж ирсэн. 

-Таны гэргийг анхны охиноо тээж байхад эмнэлэг хяналтдаа аваагүй гэж ярьж байсан. Хүүхэд тээхийг зөвшөөрөөгүй гэсэн үг үү?

-Тэгсэн. Гэрлэсэн залуу хосуудын хувьд үр хүүхэдтэй болно гэдэг бол маш их аз жаргал. Бид хоёр гэрлээд удаагүй байхад эхнэр маань бие давхар болсон. Эмнэлэгт хандаад, хяналтад оръё гэтэл эмч нар эхнэрийн биеийн байдлыг харчихаад, хүүхэд бол эрүүл бойжиход асуудалтай, тээж, төрүүлэхэд эрсдэлтэй гэж хэлсэн.  Үүн  дээр эмч нарын буруу бол байхгүй. Угаасаа манай эхнэрийн  биеийн байдал тэр үед тааруу л байсан. Ингээд бид хоорондоо ярилцаж байгаад хүүхдээ үргэлжлүүлэн тээхээр болсон. Нэг өдөр эхнэрийн гэдэс хатуурч, сандаргалаа.  Охин минь хэдийнэ ээжийнхээ гэдсэнд долоон сар болчихсон. Бид хоёр хүүхдээ төрүүлнэ гэж зүтгээд, эмч нарыг багагүй сандаргасан байх. Ингээд кесеверо хагалгаа хийж, долоон сартай байсан охиноо хагалгаагаар төрүүлсэн. Азаар охин минь эрүүл саруул өсөн торниж, одоо 14 нас хүрч байна. Хөөрхөн дүүтэй ч болсон. Бага охин минь дөрвөн настай.

-2012 онд танай гэр бүлтэй анх уулзаж байсан. Тэр үед нэвтрүүлэг хийж байхдаа та гурвын мөрөөдлийн талаар асууж байсныг санаж байна уу?

-Маш сайн санаж байна. Миний мөрөөдөл тухайн үед маш энгийн, тодорхой байжээ.

Эхнэртэйгээ гудамжаар хөтлөлцөж алхахыг л би мөрөөддөг байсан.

Эхнэрээ хөтөлж алхалгүй бараг долоон жил болсон. Дандаа үүрүүлээд явдаг байсан. Зах, дэлгүүрээр үүрч явж, хүнсээ цуглуулна. Захын модон вандан дээр эхнэрээ суулгаж амраагаад, авах хувцсаа сонгодог байлаа. 2011 оны Мартын 8-ны өдөр шиг санаж байна. Эхнэрээ салхилуулангаа үүрээд явж байсан чинь хэсэг залуус хажуугаар өнгөрөхдөө “Эхнэр чинь тасраад уначихаа юу. Монгол эр хүний хийморийг доройтуулсан арчаагүй эр байна” гэж хэлээд, бид хоёр руу хог шидэж байсныг мартаж чаддаггүй юм. Гэхдээ тийм зүйлд нугарахгүй ээ. Тэр үед надад хэн юу гэж хэлэх, бусдад ямар харагдах, санагдах надад огтхон ч сонин биш байсан. Миний мөрөөдөл эхнэрээ хөтлөөд, хамтдаа сайхан алхах л байсан. Одоо тэр мөрөөдөл маань биелсэн байна гэхээр сайхан байна. Одоо би эхнэрээ өдөр бүр болзоонд урьж, гарыг нь хөтлөөд хүссэнээрээ алхдаг. 

Эхнэр Ж.Өлзийхутаг: -Би тухайн үед юу ч хийж чадахгүй, гэртээ л суудаг байсан. 2012 онд таг суумгай болсон. Нөхөр минь хөтөлж ариун цэврийн өрөөнд оруулахаас эхлээд миний бүх зүйлийг хийдэг болсон. Охин хичээлдээ,  нөхөр өглөө ажилдаа явахдаа намайг орон дээр суулгаад гарна. Цайны цагаараа ирэхэд нь би яг л суулгасан газар нь сууж байдаг байлаа. Би нөхрийгөө ажлаас ирэхэд нь бусдын эхнэр шиг хоолыг нь хийж өгөх юмсан, охиндоо хувцсыг нь өмсгөж, үсийг нь самнаж өгөөд гаргах юмсан гэж үнэхээр их хүсдэг байсан.  Өнөөдөр миний энэ мөрөөдөл ч биеллээ олсон. Долоон жилийн өмнө миний охин “Хөөрхөн дүүтэй болмоор байна” гэж ярьж байсныг санаж байна. Охины маань хүсэл ч бас биелсэн.

-Ингээд ярилцаж суух сайхан байна. Хүн амьдралаас бүхнийг хүсэх боломжгүй. Гэхдээ хүсвэл ямар ч бэрхшээлийг даван туулж болдог гэдгийг та хоёр маань өөрсдийн амьдралаар харуулжээ. Маш их тэвчээр, итгэл, сэтгэл, халгиж цалгисан их хайр та хоёроос мэдрэгддэг?

-Тийм ээ.  Бид анх айл болж, хуримаа хийх үедээ залуу хосуудын өмнө тулгардаг асуудлаас харин ч тойруу байлаа. Байр орон сууц, машин, бүр хувийн бизнестэй ч байсан. Хуримаа хийхэд хоёр талын аав, ээж минь бэлдэж өгсөн. Дутуу юм байхгүйгээр бид амьдралаа эхлүүлсэн. Эхнэрийнхээ өвчинтэй тэмцэхдээ байгаа бүхнээ нэг нэгээр нь алдсаар, хамгийн сүүлд гэрийнхээ бүх зүйлийг зарж, гурван чемодан  хувцас,  хоёр  хайрцаг номтой л үлдсэн. Яг тэр үед хэчнээн тав тухтай гэр орон байсан ч “Жинхэнэ аз жаргал гэдэг бол элэг бүтэн амьдрал” юм байна гэдгийг сэтгэлээсээ хэзээ ч арилахгүй болтол ойлгосон. Тэгж бэдэрч, шаналж явах үед “Тавилан” нэвтрүүлгийн хамт олон бидний амьдралын түүхээс хуваалцаж, буянтай олон хүн бидэнд тусалсан. Хандив, мөнгө ч нэлээд цуглаж, манай гэр бүлд туслах аян өрнөж, тэр тус дэмээр бид эмчилгээндээ амжилттай яваад ирсэн. Эмчилгээнээс ирснийхээ дараа бид хоёр халбага, сэрээ худалдаж авахаас эхлээд дахин шинээр айл болж, шинэ амьдралаа эхлүүлсэн. Одоо бид дутуу хөтүү зүйлгүй, сэтгэл дүүрэн, сайхан амьдарч байна. Хоёр хүүхэд маань эрүүл чийрэг өсч, өндийж байна. Хань минь хүнд хэцүү үеэ давсан. Өмнө нь өвчин намдаах эмнийхээ мөнгөөр л тасарчихгүй юмсан гэж боддог байсан бол одоо өөр болсон. Охидынхоо  ирээдүйг төлөвлөж, гэр бүлээрээ гадаадад сурахаар төлөвлөн, тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж байна. Амьдрах сайхан шүү дээ.

Миний  том охин аавынхаа халааг авсан. Орой ирэхэд гэрээ цэвэрлээд, шалаа угаачихсан, дүүгээ усанд оруулчихсан байдаг. Ээжийнхээ нүүрийг будах, хувцас өмсүүлэх, нүүрийг нь угаах зэргээр энэ гэрийн бүх ажилд тусалж байна. Бага гомдол хэлдэг. Миний охины үеийн хүүхдүүд ааш араншин нь янз бүр байна. Иймд бид охиндоо их талархаж явдаг.

Долоон жилийн өмнөх үе, өнөөдөр хоёрыг харьцуулж харвал тэнгэр, газар шиг зөрүү байна. Хүн өнгөрснийг хурдан мартдаг юм шиг байна. Өмнө нь эхнэрээ аваад үлдчих юмсан, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, элэг бүтэн гэр бүлтэйгээ амьдрах юмсан гэж л тэмцэж байлаа. Өөр илүү зүйлийн талаар боддоггүй байсан. Өнөөдөр гэтэл бодох, хүсэх зүйл илүү олон болсон байх жишээтэй. Гэр бүлийн уур амьсгал , амьдралын хэмнэл хүртэл дагаад өөрчлөгдсөн байна. Хамгийн гол нь гэр бүл минь их амар тайван байна. Бидний амьдралд олон шинэ хаалга нээгджээ, эргээд харахад. Энэ бүхэнд өдөр бүр талархаж явдаг.

-Олон залуу хос амьдралд тохиолдох янз бүрийн л асуудлаас болоод шантарч байна. Гэр бүлээсээ салалт нэмэгдэж, хосуудын харилцаа үнэ цэнэгүй болж байна. Та амьдралынхаа төлөө олон бэрхшээл давсан хүний хувьд нийгмийн энэ өнгө аясыг илүү мэдэрдэг байх?

-Хүн нэг л амьдарна. Хоёр биш... Эргээд харамсахгүй шийдвэр гаргах нь хамгийн чухал. Саяхан нэг гэр бүлийн хоёртой ярилцаж суухад “Бид хоёр ч яахав, салахад асуудалгүй. Хүүхдэд л хэцүү байна” гэж ярилаа. Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, бие биенээ ойлгох тухай өнгөц бодолтой байна уу гэж би бодсон. Гэр бүл салахад бүгд хохирогч болдог. Гэр бүл бутрахад амьдрал яг аяга шиг л хагардаг.  Гэр бүл саллаа гээд хожиж байгаа хүн нэг ч байдаггүй. Зовлонгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Бүх амьдралд өөр өөрийн гэсэн брэхшээл байгаа. Гэхдээ тэр зовлон гэдэг зүйл чинь өөрөө амьдралын жаргалыг тодруулж өгдөг чухал зүйл гэж би ойлгодог. Эхнэрээ үүрээд явж байсан, эхнэрийнхээ нүүр гар, шүд амыг нь угааж өгдөг байсан өдрүүдээ эргээд бодоход өчүүхэн ч зовлон биш. Харин ч бие биендээ өөрийгөө зориулж, нэг нэгнийхээ төлөө амьдрахын үнэт чанарыг олж ухаарсан. Хэрвээ хэцүү ч гэлээ тэр цаг хугацааг бидний амьдралаас аваад хаячихвал бидний хайр, бид хоёрын амьдрал ийм үнэн, нугарахгүй байгаа ч билүү...

Амьдралын сайхан нь хамтдаа гунигаа хуваалцах. Нэг нь алхаж чадахгүй байхад нөгөө нь үүрээд , нэг нь ядраад ороод ирэхэд нөгөөх нь яаж ч бие нь өвдөж байсан нүүр дүүрэн инээмсэглээд угтах нь аз жаргал шүү дээ. Зовлон, жаргал, дутагдах гачигдах бүхэн учир шалтгаантай гэдгийг залуу гэр бүлүүд маань ойлгож байгаасай гэж хүсэж байна. Эхнэрээ үүрсэн долоон жил надад зовлон биш, харин ч хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэг байсан. Гэр бүлийнхээ төлөө эдгэж, эрүүл болсон эхнэртээ маш их баярлаж явдаг. Би түүндээ маш их хайртай.  Мөн долоон жилийн турш гэр бүлтэй минь хамт байж, тусалж дэмжиж байсан ТВ8 телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Энэ хамт олон бидний амьдралд гэгээг татуулсан жим гаргаж өгсөн хүмүүс гэж эхнэр бид хоёр, манай гэр бүл хүндэтгэж явдгаа хэлэхийг хүсч байна. Монголын бүх сайхан гэр бүлүүддээ амьдралын аз жаргал, чин үнэнч хайр хүсье.

Ц.ГЭРЭЛМАА (ТВ8 телевиз)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 07 сар 20/

    МУНДАГ ЗАЛУУ БАЙНА ТАНАЙ ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

    Хариулах
  • таны төлөө / 2019 07 сар 19/

    энэ хэрх өвчинг хаана эмчлүүлж эдгэрснээ хэлж туслаач ийм өвчинд шаналж байгаа хүмүүст тус болох хэрэгтэй бна

    Хариулах
  • Зочин / 2019 07 сар 19/

    Zov sain zalyy bna daa

    Хариулах