Б.Жаргалсайхан: Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 07 сар 30 ・ 3

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентын ардчилллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар өнгөрсөн 27 жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засаж залруулахад чиглэж байгаа учраас нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа намуудын удирдлагууд УИХ-ын даргад илэрхийлэв.

Тэр дундаа байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалтыг бий болгох, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөхөөр тусгасантай улс төрийн намууд санал нэгтэй байгаа, тиймээс хэлэлцүүлгүүд дээр гарсан тодорхой саналуудыг тусгах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн зүйлийн 35 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байцгаав.

 Уулзалтад оролцсон улс төрийн намуудын удирдлагууд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:

-Юуны төлөө Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй юм. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан.

Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална гэж үзэж буйгаа хэллээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 1+ / 2019 08 сар 02/

    За тэгээд бүүр 3 танхимтай болвол аав хүү зээ гээд бүгд багтах байх. Сайн бодоорой.

    Хариулах
  • Бат / 2019 07 сар 31/

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

    Хариулах
  • Зочин / 2019 07 сар 31/

    сонирхолтой

    Хариулах