Шүүх тойрсон асуудлууд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 06

 

Т.БАТСАЙХАН

Шүүх засаглалд үүссэн хямрал намжих шинжгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургадугаар сарын 27-нд зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Одоо дахиад хэд хэдэн шүүгчийг явуулах тухай ч яригдаж эхэллээ. Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Түүний орны хүн болон ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох асуудал ч  гацчихаад байгаа.  Мөн Ерөнхийлөгчийн түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг болох  С.Төмөрбатыг АТГ-ынхан АНУ-аас авчирах ажиллагаа явуулж байгаа. Гэсэн ч хүндрэлтэй асуудал олон байгааг  өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллийнхээ үеэр ярьсан байдаг.  Энэ  мэтчилэн  шүүхийн байгууллага авлига албан тушаалын хэрэгтэй холбогдсон, бүтэц бүрэлдэхүүн дутуу, дахин түдгэлзэх шүүгч нар хэн бэ гэсэн айдастайгаар шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна.

 

Ерөнхийлөгч дахин шүүгч нарыг түдгэлзүүлнэ…

 

Ерөнхийлөгчийн тухайд ШЕЗ-ийн саналыг үндэслэн дээрх 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Ингэж нэгэн зарлигаар олон шүүгчийг түдгэлзүүлсэн нь шүүн таслах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг ярьсаар байгаа. Тухайлбал, түдгэлзсэн 17 шүүгчээс дөрөв нь Ерөнхий шүүгч, тав нь Улсын дээд шүүхийн шүүгч байгаа юм. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим гэхэд найман шүүгчтэй. Аливаа хэргийг таван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэдэг. Үүнээс тавыг түдгэлзүүлсэн байдаг. Тэдгээр шүүгчийн тухайд Салхитын мөнгөний ордтой холбоотой 125 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Хэдийгээр мэдээлэл батлагдаагүй ч хуулийн байгууллагынхан шалгаж буй юм. Мөн Ерөнхийлөгч дахин хэд хэдэн шүүгчийг түдгэлзүүлэхээр бэлтгэж байгаа  гэх мэдээлэл байгаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан уг асуудлыг судалж дүгнэлт, мэдээлэл гаргаж байгаа гэх мэдээлэл бий. Ингэхээр Ерөнхийлөгч удахгүй дахин түдгэлзүүлэх зарлигт гарын үсэг зурах бололтой.

 

Шударга үнэнийг олж чадахгүй зугатсан уу?

 

Түүнчлэн сүүлийн үед 17 шүүгчийн нэг болох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Төмөрбаттай холбоотой мэдээлэл олны анхааралд байна. Тэрээр гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. С.Төмөрбат “Ээжийнхээ үхлийн шалтгааныг тодруулж, шударга үнэнийг олно” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байлаа. Гэвч удалгүй Ерөнхийлөгч түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.  Мөн С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний мөнгөтэй ярьж байгаад саатуулагдсан, тус улсаас орогнол хүссэн гэх яриа ч гарсан байдаг.  Энэ нь үнэний ортой байв. Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас мэдээлэл хийхдээ шүүгч асан С.Төмөрбатыг авчирхаар хуулийн дагуу боломжит бүх аргыг ашиглаж байгаа ч АНУ-ын тал түүнийг эрүүгийн хэрэгт татаагүй, сэжигтэн гэж үзэж буй нь багагүй хүндрэл учруулж байгаа юм байна” гэдгийг тодотгосон байдаг.  Мөн  Улсын Ерөнхий прокурор  Д.Жаргалсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын багт орж тус улсад айлчлахдаа С.Төмөрбатыг эрх зүйн туслалцааны хүрээнд эх оронд нь буцаахаар Америкийн мөрдөн байцаах байгууллагад хандсан байгаа” гэдгийг хэлсэн байна.

 

ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг батлаагүй байна

 

Дараагийн нэг асуудал нь ШЕЗ одоог хүртэл бүтцийн хувьд эмх замбараагүй байна. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүний орны хүн болон ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох учиртай. Шүүгчид хуралдаж,  Т.Мэндсайхан, Д.Цогтсайхан нарыг зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр болсон. Харин одоо Улсын дээд шүүхээс нэг хүний нэрийг дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлснээр ШЕЗ бүрэлдэх учиртай. Гэвч Улсын дээд шүүхээс одоо болтол зөвлөлийн гишүүнээ тодруулаагүй байгаа нь энэ асуудлыг гацахад хүргэжээ. Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Ерөнхийлөгч томилох хуулийн зохицуулалттай байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.6  МЯГМАР  №155  (6122)

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх