Ч.Чимэдбат: Хол замд жолооч нар зүүрмэглэж байгаа нь томоохон зам тээврийн ослын шалтгаан болж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 06 ・ 1

 

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Нийслэлд явагдаж буй зам засварын ажил болон бусад шалтгааны улмаас хэд хэдэн замыг хэсэгчлэн хааж байна. Энэ талаар тодруулахгүй юу. Хэдэн хүртэл хаах вэ?

-БНТУ-ын үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үед цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж замыг хэсэгчилж хааж байгаа. Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудыг хэсэгчилж тодорхой хугацаагаар хаасан. Гэхдээ хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хүндрэл учруулахгүй, бухимдуулахгүй байх үүднээс л чиглэж болох хөдөлгөөнүүдийг зохицуулаад ажиллаж байна.

Ачаалал их уулзваруудад Тээврийн цагдаагийн албаны хоёроос гурван албан хаагч ажиллаж хөдөлгөөн зохицуулж үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг авто радио 96.3-аар иргэдэд шууд хүргэж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтраад иргэдэд цаг үеийн нөхцөл байдлыг дамжуулж байна. Цаг уурын нөхцөл байдал, борооноос шалтгаалж зохиомол түгжрэл үүсч байгаа. Зорчих хэсэг нойтон үед хурдаа тохируулж, төв замыг сонгохгүй байхыг жолооч нарт зөвлөж байна.

-Зам засварын ажлаас шалтгаалж хэд хэдэн газар зам хаасан байсан?

-100 айлын зам буюу Цагдаагийн гудамжийг зам засвартай холбоотойгоор хэсэгчилж хаасан. 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх 1.6 км замд өргөтгөл шинэчлэл хийж, гурван хэсэг хувааж хааж байна. 32-ын тойргоос “Хангай хотхон” хүртэлх 0.3 км замыг зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 10-ны өдрүүдэд хаасан. “Хангай хотхон”-оос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-ны өдрөөс 28-ныг хүртэл хааж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг долдугаар сарын 28-наас ирэх сарын 15-ныг хүртэл хаана. Иймд тус чигийн авто замаар зорчих болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд барилгын ажил хийгдэх хугацаанд үйлдвэр үйлчилгээгээ төлөвлөөд явах хэрэгтэй байна.

-Олон хүн аймгийнхаа наадмыг зорьсон байх. Нөхцөл байдал ямар байв?

-Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 366 мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан.

Осол хэргийн улмаас зургаан хүн гэмтсэн. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлж, цаашид гарч болох хор уршгаас урьдчилан сэргийлж, хуулийн дагуу шийдвэрлэж ажилласан. Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой осол, хэрэг бүртгэгдээгүй. Гэхдээ амралт зугаалгын цаг үргэлжилж байгаа.

Усархаг бороо их хэмжээгээр орж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хурдаа тохируулах шаардлагатай байна. Албан хаагчид 21 аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын хурдыг хэмжиж хөдөлгөөнт байдлаар хяналт тавьж ажлаа зохион байгуулаад явж байна. Жолооч нар маань энэ пост цагдаатай, өнгөрчихвөл цагдаа байхгүй гэсэн сэтгэхүйгээр хурд хэтрүүлж согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн ослын хохирогч болдог. Ийм учраас Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байна. Нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хаана ч явсан таныг цагдаа хянаж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй байх. Хөдөө орон нутгийн замд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг зөрчлүүд их илэрдэг.

-Сая том оврын автобус шатсан хэрэг гарсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу. Ойрмогхон хугацаанд л хэд хэдэн автобус шатсан хэрэг гарлаа. Ямар зөрчил гаргасны улмаас шатаж байна вэ?

-Төв аймгийн нутаг дэвсгэрт том оврын автобус шатсан хэрэг гарсан. Хөдөлгөөнд оролцож буй жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахгүй бол том оврын автобус шатсан хэрэг нэг бус удаа гарлаа.

-Энэ сарын дундуур Тээврийн цагдаагийн албанаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан гэсэн. Энэ хугацаанд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байв?

-Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 960 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 600 гаруй нь зам тээврийн ослын шинжтэй байсан. Зам тээврийн ослоос шалтгаалаад баяр наадмын үеэр 13 хүн амь насаа алдсан. Үүний 12 нь орон нутгийн замд байсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ” аянг эрчимжүүлэн зохион байгуулж ажиллаж байна. Жолооч нар маань энэ аянд нэгдэж, замын хөдөлгөөнд хурдаа тохируулан оролцох хэрэгтэй. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хүндэлж байгаа хэрэг. Хамт зорчиж яваа хүмүүсийнхээ амь насыг хариуцаж яваа гэдгээ ухамсарлаж 100 км цагийн хурдтай явж байгаа бол 80 км цаг болгоорой. Хурдан явж ирэв үү гэж биш сайн явж ирэв үү гэж мэнд мэддэг шүү дээ. Цагдаагийн байгууллага зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа ч хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын сахилга бат, ухамсар гэдэг зүйл чухал.

-Тав хоногийн дотор л 13 хүн зам тээврийн ослоос амь насаа алдана гэдэг харамсалтай юм. Хурд хэтрүүлснээр зам тээврийн ослын хохирогч болж байгааг иргэд ойлгож байгаа байх. Өөр ямар шалтгаанууд байна?

-Зөвхөн хурднаас шалтгаалж биш ядарсан, зүүрмэглэсэн үедээ зам тээврийн ноцтой осол хийсэн тохиолдол сая хэд хэд бүртгэгдлээ. Манайхан орон нутгаасаа оройхон гараад шөнөжин давхиад хар зам дээр гараад ирдэг. Шөнөжин жолооны ард суусан хүн ядарч нойр нь хүрнэ. Нойр хүрч байгаа ч зүүрмэглэхээ мэддэггүй. Хэсэг замыг зүүрмэглэж туулчихаад цочоод сэрж байгаа тохиолдол байдаг шүү дээ. Ингэж яваад л өөрийнхөө болон өрөөлийн амь насыг хохироож, эд хөрөнгийг нь сүйтгэдэг. Ядарсан л бол орон нутгийн замд битгий жолоо барь. Жолоо сэлгэх хүнтэй бай. Амарч ядаргаагаа гаргаж, нойроо сэргээгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно шүү дээ. Ингэснээр та зам тээврийн ослоос өөрийгөө, хамт яваа хайртай хүмүүсээ хамгаална. Нүд ирмэхийн зуурт л та зам тээврийн ноцтой осол хийж хэдэн ч хүний амийг авч одох эрсдэлтэй. Үүнийг цаг тутам санаж, ухамсарламаар байна даа.

-Зам тээврийн осолд холбогдож байгаа тээврийн хэрэгслийг та бүхэн судалдаг байх. Манайд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл олон байгаагаас нь зам тээврийн осол буурахгүй байгаа гэх яриа байдаг. Энэ талаар судалгаа мэдээлэл байдаг уу?

-Манай улсад 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 800 гаруй мянга нь автомашин. Өдөр тутам бол 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцог. Нийт бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн 51-ээс дээш хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй, Японд үйлдвэрлэсэн автомашинууд байдаг. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед ийм жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд бүтэн орж байж л урдаас ирж буй тээврийн хэрэгслийг харах боломжтой. Эсвэл хажууд сууж буй зорчигчоороо замаа харуулж гүйцэж түрүүлдэг. Өнөөх нь тээврийн хэрэгслийг гүйцэд хардаггүй, ирж яваа тээврийн хэрэгслийг цаашаа явж байна гэж харах ч юм уу ийм байдлаар гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийж аваар хийх тохиолдол байдаг. Гэхдээ буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл гэхээс илүү жолоочийн хариуцлагын асуудал яригддаг.

-Наадмын дараа намар гэдэг. Амралт зугаалгын цаг дуусна. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Энэ үеэр ТЦА-ийн албанаас замын хөдөлгөөнийг бууруулах ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Сар орчмын дараа л хичээлийн шинэ жил эхэлнэ. Орон нутгаас 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирдэг. 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор томоохон худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн ачаалал их авдаг. Үүнтэй холбоотойгоор нийслэлд орон сууцны хоорондох таван цэгт зохион байгуулалтыг өөрчилж өгсөн. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Мөнгөн завьяа” дэлгүүрийн хажуугаар хойшоо Ард кино театр луу гардаг замыг хойш нь нэг чигийн хөдөлгөөнд оруулж өгсөн. Мөн “Компьютер ланд”-ыг нар буруу эргэх буюу ороод зүүн талаар хойшоо тойроод баруун талаар нь урагшаа гардаг болгож зохион байгуулсан. Мөн найман шарга худалдааны төв, 25 дугаар суваг телевизийн хоорондох замыг хойшоо С1 телевиз рүү гардаг гарц хүртэл хойшоо нэг чигийн хөдөлгөөнтэй болгож өгсөн. “Теди” худалдааны төвөөс урагшаа урт цагааны уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж өгсөн байгаа. Мөн Баянзүрх нутаг дэвсгэр Жуковын музейн баруун талаас “Гялс” төв рүү явж байгаа орон сууцны хорооллын дундах замыг баруун тийш нь нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Нийт хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

www.Dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: