С.Баяр: Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт л "но" байгаа. Бусад бүлэгт нь өөрчлөлт хийх шаардлагагүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 16 ・ 7

-Н.Энхбаяр даргад хандаж хэлэхэд, таны үед гарсан бүх хэргийг танд хамаатуулж бас болох нь-

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар өнөөдөр дээр дооргүй ярьж байна. Та шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүний нэг, Улсын Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан. Тухайн үед Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан М.Энхсайхан та хоёрыг Үндсэн хуулийн талаарх асуултуудад гол хариултуудыг өгч байсан гэдэг. Тийм юм уу?

-Яг тийм ч бас биш.

Гол төлөв Б.Чимид гуай хариулж байсан.

Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах Комиссыг анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай даргалж байсан. Орлогч нь Улсын Бага хурлын дарга Р.Гончигдорж. Нарийн бичгийн дарга нь Б.Чимид гуай. Энэ Комисс дотроо олон ажлын хэсэгтэй.

Төрийн байгуулалт, хууль цааз, эдийн засаг, нийгмийн бодлого, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гэх мэт олон ажлын хэсэг байсан. Тэдгээрийг нь Улсын Бага хурлын байнгын хорооны дарга нар Л.Цог, М.Энхсайхан, Т.Очирхүү, Р.Хатанбаатар бид хэд тус тус ахалж байв.

Үндсэн хуулийн төслийг Ардын Их хурлаар хэлэлцэх үед бүгд л ачаалал ихтэй байсан.

Хариуцсан чиглэлээрээ тайлбар өгөх, асуултад хариулах, ажлын хэсгээ хуралдуулах гээд олон үүрэгтэй. Улсын Бага хурлын гишүүдээс гадна чиглэл чиглэлийн олон эрдэмтэн, судлаачид ажлын хэсэгт ордог байсан.

Ардын Их хурлаар төсөл хэлэлцэх явцад хуулийн зохицуулалт, төрийн байгуулалтын асуудлууд зонхилж байсан учраас Б.Чимид гуай, Л.Цог бид гурав бусдаасаа арай илүү ярьж, гарсан асуултад нь хариулж байсан санагддаг.

-Та мэргэжлийн хуульч хүн. Үндсэн хууль батлах үйл явцын талаар та яриач. Ард нийтийн саналыг хэр их тусгаж чадсан бэ?

-Тэр бол нүсэр ажил байсан. Гэхдээ бас ч гэж сонирхолтой, нэр төртэй ажил.

Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил 1990 оны намраас эхэлсэн. Улсын Бага хурал болон дээр дурдсан Комисс, ажлын хэсгийн үй олон хурлаар энэ төслийг ярилцана. Төслийг хэсэгчлэн болон бүхэлд нь жил гаруй хэлэлцсэн байдаг.

Хэлэлцэж буй асуудлаа хэвлэлээр байнга мэдээлнэ, уулзалт хийнэ. Санал онол ч ард иргэдээс цөөнгүй ирнэ. Нийгмийн эерэг идэвх санаачилга маш өндөр байсан үе.

Тэгээд эцэст нь жил “буцалгаж тунгаасан" төслөө Б.Чимид гуай гардаж, нэгтгэн зангидаад. 1991 оны арваннэгдүгээр сард Ардын Их хурлаар хэлэлцүүлх эхэлсэн. Тэнд 400 гаруй депутат хоёр cap гаруй төслийг маань шүүн хэлэлцсэн.

Нийтдээ нэг жил гурван cap буюу харьцангуй богино хугацаанд амжуулж, харьцангуй сайн Үндсэн хуультай болж авсан гэж боддог.

-Ардын Их хурлын депутат 400 гаруй хүн хэлэлцсэн учраас Улсын Бага хурлаас оруулсан анхны төсөл ихээхэн өөрчлөгдсөн, мэргэжлийн хуульч бус хүмүүсийн олон санал Үндсэн хуульд олонхын саналаар орсон учраас төслөө дордуулсан гэж ярьдаг. Тийм юм болсон юм уу ?

-Үндсэн хууль бол нэг талаасаа нийгмийн гэрээ. Нөгөө талаасаа энэ гэрээний гол зарчим, үзэл санааг цогцоор нь хуульчилсан эрх зүйн акт. Тийм учраас нийгмийн төлөөлөл ч хэрэгтэй, мэргэжлийн хуульчдын оролцоо ч чухал.

Үндсэн хуульд тухайн нийгмийн хүсэл мөрөөдөл, эрэлт хэрэгцээ, бодол санаа тусгалаа олсон байх ёстой. Ардын Их хурлын депутатууд бол ард түмний төлөөлөгчид, нийгмийн дуу хоолой нь. Тэдний оролцоо зүтгэлийг үгүйсгэх аргагүй.

Олны ухаан оломгүй далай гэгчээр төсөл хийхдээ мань мэтийн бодоогүй, анзаараагүй үлдээсэн зүйл хэлэлцүүлгийн үеэр цөөнгүй гарсан. Хүн хүн өөр учраас төсөл хэлэлцэж байх үед янз янзын л санал гарч байсан. Хэрэг болох санал ч гарна, эцэг хуульд төдийлөн хамаагүй санал ч гарна.

Үндсэн хуульд яавч орох учиргүй, концепц үзэл санаанд үл нийцэх саналууд ч бас гарч байсан. Үндсэн хуулийн аль нэгэн заалтыг оруулах эсэхийг санал хурааж, олонхын саналаар шийднэ. Тиймээс Улсын Бага хурлаас өргөн барьсан төслийг сайжруулсан ч юм бий, бас дордуулсан ч юм бий. Молхи миний бодлоор шүү дээ.

-Сайжруулсан ч, дордуулсан ч юм бий гэж та сая хэллээ. Аль нь илүү туссан бэ. Та тодорхой жишээ дурдаж болох уу?

-Сайжруулсан нь дордуулснаасаа их байсан биз. Ялангуяа Үндсэн хуулийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн бүлэг дээр улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн депутатуудын санал чухал байсан.

Хоёрхон хуудас энэ бүлэг дээр бид бараг хоёр долоо хоносон байх шүү. Үүний үр дүнд тун чамбай бүлэг болсон гэж боддог.

Дордуулсан юм ч бас бий. Жишээ нь, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага...” гэсэн зүйл байна.

Ленинч онол, сэтгэлгээнээс өвлөгдөж үлдсэн ойлголт. Төрийн эрх мэдлийг хуваарилах сонгодог онолын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн харилцан шүтэлцээтэй, эрх тэгш гурван эрх мэдэл бий. Аль нэг нь “дээд” байх учиргүй. Гэтэл ийм заалт орсон. Парламентын тогтолцоог улам баталгаажуулж буй санаа нь зөв ч, ингэж томьёолох нь ор тас буруу.

Өөр нэг жишээ. Парламентын тогтолцоог сонгоё гэж сонгосон хэр нь Улсын Ерөнхийлөгчийг “сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ” сонгох заалт орчихсон. Ингэснээр “бүх ард түмнээс сонгогдсон” Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа эрх мэдэл булаалдах эхлэл тавигдсан байдаг.

“Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгох юм бол нэгмөсөн АНУ шиг Ерөнхийлөгчийн тогтолцоотой болох нь зүйд нийцнэ” гэхэд “Үгүй. Парламентын засаглал л манайд хэрэгтэй” гэнэ.

Энэ заалт дээр бас их удсан, нэлээд маргалдсан ч “бүх ард түмнээс сонгогдох” заалт батлагдсан.

Тэгээд яван явсаар Ерөнхийлөгч гэх институц нь гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг булаацалдсан, бүхнийг захирах амбицтай субъект болон “томорч” эхэлсэн түүхтэй.Энэ мэтээр төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдах, үндсэн гурван эрх мэдэл харилцан хяналт тэнцэлгүй болж, холилдон хариуцлага сулрах,- төрийн ажил буруу тийш хэлбийж эхэлсэн нь үнэн.

-Үндсэн хуульдаа гap хүрэх ёсгүй гэж үздэг хүмүүс ч цөөнгүй байгаа. Болохгүй байгаа бүх юм, өнөөдрийн алдаа завхрал Үндсэн хуулиас болоогүй, сахилга хариуцлага хаана хаанаа алдагдсанаас болж байна гэж ярьдаг. Энэ талаар таны бодол?

-Тэр үнэн. Өнөөдрийн бүх буруу, зөрүүг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Гэхдээ хэчнээн сайн хууль байгаад тэрийгээ мөрдөхгүй бол амьдрал жигдрэхгүй, сайжрахгүй. Тиймээс хэн нэгний мөрөөдөөд байгаа шиг “чанга хатуу гар” биш, хуулийн чанга хатуу засаглал хэрэгтэй.

Хуулийн өмнө бүгд бөхийдөг, сөгддөг байж гэмээнэ юм журамдаа орно, амьдрал сайжирна. Дарга цэрэг, энгийн нарийн иргэд гэж ялгалгүй, бүгд хуулийн өмнө сөгддөг байх ёстой. Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтны биш, хуулийн диктатур ноёлох ёстой.

Үүний зэрэгцээ Үндсэн хуулиа амьдралд нийцүүлье, сайжруулж засъя гэж байгаа нь зөв. Сая миний жишээ болгосон болон өөр зарим заалтыг шинээр томьёолон батлах хэрэгцээ бий болсон.

Үндсэн хууль маань зургаан бүлэг, далан заалттай, Бичгийн стандарт цаасны хорь орчим хуудсанд багтдаг цомхон баримт юм шүү дээ. Үүний 1, 2, 4, 5, 6 дугаар бүлэгт нэг их засвар шинэчлэл хийх шаардлага үгүй гэж би үздэг.

Гагцхүү “Монгол Улсын төрийн байгуулал” гэх 3 дугаар бүлэгт л “но”-той зарим асуудал бий. Хамгийн урт, хамгийн адармаатай бүлэг. Тэрийг засах, янзлах хэрэгтэй. Төрийн байгуулал маань, ялангуяа гүйцэтгэх эрх мэдэл маань энгийн бүтэцтэй, эрх үүрэг нь бүрэн ойлгомжтой байх ёстой.

Гол асуудал бол төрийн аливаа үүрэг эзэн хаягтай байх ёстой, хариуцлага тооцох боломжтой байх ёстой. Энгийн энэ суурь зарчим амьдралд хэрэгжсэн байхад учиртай.

-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаарх гарч байгаа санал, төсөлтэй та танилцаж судалсан уу. Энэ чухал ажилд та яагаад оролцдоггүй юм бэ. Шинэ Үндсэн хуулийг батлахад rap бие оролцсон хүний хувьд та яг одоо л идэвх зүтгэлээ гаргах ёстой юм биш үү?

-Санал, төрлүүдтэй хэвлэлд гарч буй хэмжээнд нь бол танилцаж, уншиж, сонсож байгаа. Гэхдээ нэг их судлаад л, дүн шинжилгээ хийгээд байгаа юм бол надад алга. Ийм чухал ажлыг төр зохион байгуулдаг. Идэвх зүтгэлээрээ давхиад ордог сайн дурын уран сайханчдын үзлэг, концерт биш.

-Гарсан олон санал, төслийг уншиж, сонсож байхад танд ямар бодол төрж байв даа?

-Санал олон байж болно. Харин Үндсэн хуулийн концепц бол цорын ганц л байх ёстой. Миний хэлээд байгаа гол санаа бол энэ юм. Бид парламентын тогтолцоогоо хэвээр хадгалах гээд байна уу, эсвэл өөрчилж Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжих гээд байна уу гэдэг маань суурь асуулт.

Нэгэнт сонгосон парламентын тогтолцоогоо хадгална гэж өнөөгийн УИХ үзжээ гэж би ойлгосон. Хэрэв тийм бол яг тэр л тогтолцооныхоо үндсэн зарчим, үзэл санаанд нийцсэн санал, онолын хүрээнд л хэлэлцүүлэг өрнөх ёстой гэж бодогдох юм.

Гэтэл яригдаж байгаа тэр олон санал дотор огт өөр тогтолцоонд хамаарах санал, онол хоорондоо холилдсон байдалтай яваад байх шиг.

"Төрийн тэргүүн болсон нэг хүнээс хэт их хамааралтай байх нь Монгол Улсад осолтой” гэж үзсээр ирсэн.

 

 

 

Автомашинтай зүйрлэе. Машины хөдөлгүүр нь бензин үү, дизелийн түлш хэрэглэдэг үү гэж ялгардаг. Бензин хөдөлгүүртэй тэргэнд дизель хөдөлгүүрийн эд анги суулгах, орлуулах гэж оролдох нь утгагүй. Үүнтэй л адил юм. Энд тэндээс гаргасан олон саналыг сонсож байхад энд тэнд үзсэн, таалагдсан гэсэн машины элдэв эд анги машиндаа авч зүүх гээд яриад байх шиг.

Зарим нь бүр машины биш, мотоцикл, дугуйн эд анги ч санал болгож байх шиг. Тиймээс давын өмнө ойлголтын зөрүүгээ гаргаж сайн жигдлээд, дараа нь нэгдсэн нэг концепц дээр ярилцах хэрэгтэй л дээ.

Тэрнээс “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэх маягийн бүгдэд таалагдах “найрсаг” аргаар Үндсэн хуулиа найруулж болохгүй санагдана.

-Москвагийн Их сургуульд сурч байхдаа “Парламентын тогтолцоо” гэх сэдэв судалж байсан гэж та номдоо бичсэн байсан. Гэтэл Улсын Бага хуралд байхдаа таныг Монгол Улсад Ерөнхийлөгчийн тогтолцоо илүү зохино гэж ярьдаг байсан, Үндсэн хуулийн төсөл боловсруулж байх явцад энэ саналаа оруулах гэж зүтгүүлсэн гэж ярьдаг юм билээ. Тэр үнэн үү?

-Тэр үнэн, та ч овоо сайн мэдээлэлтэй яваа юм байна.

Ерөнхийлөгчийн тогтолцоо манайд илүү тохиромжтой гэж би боддог байв. Төрийн тэргүүн, өрхийн тэргүүнээ дээдлэн хүндэлдэг монголчууд бидний хандлага, сэтгэлгээний онцлог, гүйцэтгэх засгийн шийдвэрийг түргэн шуурхай гаргадаг давуу тал, хариуцлага үүрэх болон тооцох тогтолцоо илүү ойлгомжтой, энгийн байдаг гэх мэтийн давуу тал энэ тогтолцоонд бий.

Мөн улс төрийн намуудын төрийн ажилд оролцох оролцоо арай бага гээд сайн тал бас бий. Тэрийг нь ярьж, хувь гишүүнийхээ хувьд ятган ухуулж, нэлээд л юм болдог байв. Зүтгүүлээд байсан юм бол үгүй. Гэвч санал хураагаад Улсын Бага хурлаас Парламентын тогтолцоон дээр суурилсан төсөл дээрээ тогтох болсон. Тэрнээс хойш би олон юм яриагүй. Олонхоо дагахаас өөр яах билээ.

-Одоо энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Бүрэн төгс тогтолцоо гэж хаана ч үгүй. Сайн, муу тал аль алинд нь бий. Тухайн орны төрт ёсны уламжлал заншил, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшин зэрэг онцлогт нь аль нь илүү тохирох вэ гэдэг л асуудал.

Ерөнхийлөгчийн тогтолцооны эерэг талыг би сая хэлсэн. Тэр нь хэвээрээ байж л байна.

Гэхдээ тэр үед ч, одоо ч  “төрийн тэргүүн болсон нэг хүнээс хэт их хамааралтай байх нь Монгол Улсад осолтой” гэж үзсээр ирсэн.  Тэр нь ч бас ортой л доо. Тэгээд ч парламентын тогтолцоогоо бүрэн төгс хэмжээнд нь, ном ёсоор нь хэвшүүлээгүй байж, одоо тэрнээсээ гэнэт буцна гэж юу байх билээ. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг дээ.

-Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр таныг Улсын Бага хурлаас гарах өргөдлөө өгсөн гэж ярьдаг. Эсэргүүцлээ ийм байдлаар илэрхийлсэн гэдэг. Яагаад тэгсэн юм бэ?

-Эсэргүүцэл илэрхийлэх юу байх вэ. Бүхэлдээ бол сайн Үндсэн хууль болсон гэж үзэж байсан.

Үргэлжлэлийг Өдрийн сониноос уншина уу 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 08 сар 18/

    MONGOL HUMUUSIIG ZARJ IDDEG HUND MONGOLCHUUDIIN UNDSEN HUULI CH HAMAAGUISHDEE. DEMIIREHIIN...

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 17/

    Хулгайч ажилд оролцох л дутаж дээ

    Хариулах
  • asdfa / 2019 08 сар 16/

    muu urvagch shorond oroh geed ih sandarch baina daa ene lalar, uhej dald orooroi chi. Chinii eh ornoo hudaldaj, avilgald avsan heden caas cin huuhduud cin gai l bolno doo. chi harj l baigaarai lalar min.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 16/

    chi odoo bolio,hutsahaa boli,chamaar mongol dutahgui,hol ochij huts hunii gazar bgaa housendaa ochij dald or,chamd mongoloo geh tuich baihgui,gai mii

    Хариулах
  • МАН / 2019 08 сар 16/

    энэ луйварчин шоронд үхээгүй юм уу,,,,,,,,,,

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 16/

    love it

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 16/

    сонирхолтой

    Хариулах