Г.Батхүү агсны хүү Ганхөлөг: Аав минь шударга бай, хүнд хэлэх зүйлээ шууд хэлж бай гэж сургадаг байсан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 20 ・ 4
 

УИХ-ын гишүүн,УИХ-н дэд дарга, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга, төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдаад багагүй хугацаа өнгөрч байна.

Тэрбээр Монголын хурдан морины соёлд үлэмж гавьяа байгуулсан, бизнесийн салбарт манлайлан цойлж, улс төрд олон түмний хайр хүндэтгэл, итгэлийг хүлээн ажиллаж байсан билээ. Түүний ууган хүү Б.Ганхөлөгтэй ярилцлаа.

-Энэ жил та бүхэн Хүй долоон худагийн дэнжид асар майхан, гэрээ барьж наадмаа хийлээ. Хэчнээн насны морьд сойсон бэ. Морьд хурдан байв уу?

-Хүмүүс баяр наадамд яасан дуртай юм бэ гэж бодсон байж магадгүй. Бидний хариулт энгийн л дээ. Аав маань наадмыг бүтэн жил хүлээдэг. Хамгийн дуртай, хамгийн хайртай баяр нь байлаа. Ялангуяа, аав маань улсын наадамд хурдан хүлгийнхээ тоосыг үзнэ гэдэг маш том хувь заяа гэж ярьдаг байсан.

Төрийн наадамдаа оролцоно гэдэг агуу юм. Дээрээс нь зурагтаар овог, нэрээ дуудуулчихвал тэгээд тэр жил хамгийн сайхан гэдэг сэн. Аав минь өнгөрчихлөө. Бид өөрсдөө баярлаж наадахдаа гол нь биш.

Аавынхаа хүсэж байсан зүйлийг биелүүлж байна гэдэг утгаар нь хайртай морьдыг нь бариад уячихъя, наадмаа хийдгээрээ хийе, хурдан морьдоо сайхан уралдуулчихъя. Хоорондоо ярьж байгаад ингэж шийдсэн.

Аав минь байсан бол ийм л зүйлийг хүсэх байсан. Аав минь дээрээс харж байгаа гэж бодож наадмаа хийсэн. Зургаан насны морьдыг бүгдийг нь уясан. Морьдоо зургаадугаар сарын 6-нд бариад, ёслоод наадмаар уралдууллаа.

Азарга 10 гараад, их нас 20 гараад ирж байна. Дажгүй сайхан наадлаа. Монгол уяач хүн чинь морь бүтэн, хүүхэд бүтэн ирэхэд л сайхан наадам гэж ярьдаг шүү дээ. Энэ жил нар хур тэгширсэн сайхан зуншлага боллоо.

-Монголын морины соёлд тэргүүн төлөөлөл болсон Батхүү агсангүйгээр энэ жилийн наадам боллоо. Олон түмэн, тэр дундаа хурдан хүлэгт хайртай хүн бүр үгүйлэн саналаа. Та бүхний гал дээр аавын тань найз нөхөд, ах дүүс гээд олон хүн ирж байх шиг харагдсан?

-Наадмын нээлт 11-нд болдог. Харин уяачид бид 10-ндаа нээлтээ хийчихдэг. Гурван хоног Хүй долоон худаг дээр, өмнөх жилүүдэд гардаг байсан дэнж дээрээ гэр орон, асар майхнаа барьж наадлаа. Энэ жил аав минь байхгүй, орон зай нь хоосроод их л эвгүй байгаа.

Аавыг минь дэмждэг найз нөхөд.улс төрийн намынхан, нутгийн зон олон гээд бүгд л ирлээ. Манай аав олон холбоог тэргүүлдэг байсан. Тэдгээр холбоодын хүмүүс гээд олон хүн ирсэн. 

-Г.Батхүү агсан моринд үнэнхүү хорхойтой. Амьдрал нь байсан гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Ер нь аав тань наадам дөхөхөөр их хөөрнө биз. Хөл нь хөнгөрөөд явчихдаг байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Морь барих өдрөө тэсэн ядан хүлээнэ. Өдрөө харна. Заавал бар өдөр барина. Ихэвчлэн зургаадугаар сарын эхээр л барьдаг юм даа. Ер нь их баярлаж хөөрнө шүү дээ. Өмнөх өдөр нь бэлтгэлээ базаана.

Морь барина гэдэг нь морь ёсолно гэсэн үг. Лам хувраг аваачиж ном уншуулж сайхан ёсолно. Тэр өдөр их сайхан даа.

Тухайн өдрөөс хойш морио уяад эхэлчихнэ. Морины ажлаа хийнэ. Дундуур нь сунгаанууд явна. Бага, дунд? их сунгаа гэж явдаг. Тэндээс морьдын маань хурд, хүч харагдана. Ингээд алийг нь улс, алийг нь бүсэд уралдуулах уу гэж харж байгаад шийднэ дээ.

Энэ мэтээр зун бол манай аавын хувьд хамгийн сайхан улирал нь байсан. Морь бол миний аавын хувьд амь, амьдрал нь байлаа.

-Г.Батхүү агсныг өвөө, эмээгийн хүүхэд байсан гэж сонссон. Энэ талаар дурсахгүй юу?

-Аав маань хөдөөний хүүхэд. Адуу мал дунд өссөн. Манай эмээ, өвөө оюутан байсан. Тиймээс аавыг эмээ, өвөө дээр нь орхиод сургуульдаа явчихдаг байсан гэдэг. Миний хувьд хөгшин аав, ээж шүү дээ. Аав маань эмээ, өвөө хоёр дээрээ өссөн дөө.

Гаваа өвөө бол “Монгол транс" компанийн анхны таван жолоочийн нэг байсан юм билээ. Манай аав хөгшин аавын кабин дотор байнга л явна. Тэгж л өссөн дөө. Ер аавыг дагаад ч тэр үү бид техникт их дуртай, энэ чигийн хүмүүс дээ.

Аав маань Гаваа өвөө, Ханд хөгшин ээжийн хүмүүжлээр хүмүүжсэн. Багаасаа адуу мал дээр өссөн. Гэрт орж эм, гадаа гарч эр болно гэж ярьдаг шүү дээ. Тэрэнтэй ижил их ажилсаг хүүхэд байсан гэдэг.

Тэрийг дүү нартаа өгөөд ундыг нь уулгачихаад гарч үнээгээ саана, сүүгээ хөөрүүлнэ гэх зэргээр гэрийн бүхий л хар бор ажлыг хийдэг байсан байгаа юм. Тэгээд хичээлдээ явдаг. Орой ирэхэд аавын ажил овоорчихсон хүлээж байдаг байсан гэдэг. Ер нь аав минь ясны ажилсаг хүн байсан. Манай хөгшин аав мөн тийм зан чанартай хүн байсан тул тэгж хүмүүжсэн байх. Аав маань нэг юм эхлүүлбэл заавал дуусгаж байж санаа нь амардаг байлаа. Заавал үр дүнг нь үздэг хүн байсан.

-Танай адуу мал хаагуур байна вэ. Ямар хүмүүс адгуулж маллаж байна вэ?

-Манай их адуу Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бий. Тэнд бас монгол үхрийн суурь 100 гаруй үхэртэй. Мөн халимаг үйлдвэрийн 100 гаруй үхэр бий. Ер нь Дорнод руу мал маань байна. Манай адууг Нийслэлийн алдарт уяач н.Батболд гэж хүн маллаж, уядаг. Манайхантай 20 гаруй жил нөхөрлөж байна.

-Г.Батхүү агсны үүсгэсэн Шунхлай угшлын талаар тодруулахгүй юу?

-Аав маань амьдралынхаа 20 гаруй жилийг Шунхлай угшлын адууг бий болгоход зориулж зүтгэсэн. Бий болсон. Анх 1995 онд Уртын Дамдинжав гэж хүнээс Толин хул азаргыг авч байсан. Тэр үеэс хойш өдгөө 1,000 гаруй адуутай болжээ.

Энэ дунд соёмбо хүрэн, шарга азарга гэх зэргээр олон хурдтай адуунууд маань байлаа. Тэдний цусыг хооронд нь сэлбэж угшил бий болгосон. Түүнийг бид Шунхлай угшил гэж нэрлэж байгаа юм.

Мэдээж нэг ийм угшил гаргахад маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна. Үүнийг манай аав бий болгож чадсан. Аав маань Өвөрхангай аймгийн Хужирт сум, Шунхлай хайрханы өвөрт төрсөн юм.

-Алдарт Толин хулын талаар дэлгэрүүлэхгүй юу. Одоо бий юу. Үр төл нь олон болсон уу?

-Дээр өгүүлсэнчлэн, Толин хул азаргыг 1995 онд Уртын Дамдинжав гуайгаас авч байсан. Улсын баяр наадамд уяад 1996 онд түрүүлсэн байдаг. Мөн 1997 онд айрагдсан. Их хурдад дөрвөлсөн гэх зэргээр амжилтууд нь жил дараалан ирдэг байсан.

Мундаг хурдан буян бидэнд заяасан юм болов уу гэж боддог. Их бэлгэшээдэг. Их буян юм даа гэж боддог. Толин хул азарга одоо байхгүй. Харин үр төлүүд нь олон бий. Манай адууг очоод харвал ихэнх нь хул зүсмийнх байгаа, Толин хул хул зүсмийн сайхан адуу байсан. Яс, цус сайтай адуу чинь өөрийн зүсээ хадгалж үлддэг юм байна. Ямар ч зүсмийн гүүтэй үржүүлэхэд ген нь өөрийгөө авч гарч ирж, зүсээ хадгалдаг нь харагдаж байна.

-Үр төл нь сайхан давхиж байна уу?

-Улс, бүсийн наадамд нэлээн хэд сайхан давхисан. Аав маань их өглөгч хүн байсан. Өөрийнхөө адууг хүнд их бэлэглэнэ. Бэлэглэсэн адуу нь дандаа хурдалдаг онцлогтой. Өвөрхангай, Хэнтий зэрэг олон газар хурдалж байгаа шүү. Бүсийн наадамд түрүүллээ, айрагдлаа. Улсын наадамд тэдэд орлоо гэх зэргээр олон сонсогдож байдаг.

-Та уяач удмаа үргэлжлүүлэн авч яваа хүн. Аймгийн алдарт уяач цолтой. Аавынхаа морь уях арга ухаанаас хэрхэн суралцсан бэ. Ер нь багаасаа л аавыгаа дагаж адуу мал хэмээн явдаг байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. 10, 11 настай байхад хичээл дуусаад маргааш нь аав бидэнд эмээл, бакаль, дээлийг нь боож өгөөд хөдөө явуулчихдаг байсан.

Зуны гурван cap ерөөсөө л адуун дээрээ байна. Хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө орж ирнэ. Тас хар царайтай. Усанд орж, гар, нүүрэндээ тос нялж сайраа арилгасан болоод хичээлдээ ордог байлаа. Сайраа ч бараг гүйцэд арилгаж чаддаггүй байсан байх аа.

Есдүгээр сарын нэгэнд хичээл ороход багш зуны амралтаар юу хийсэн тухайгаа зохион бичлэгээр бич гэнэ. Ангийн хүүхдүүд тийм ч зусланд явсан, тэгж ч амарсан гэх зэргээр бичдэг байсан. Харин би гурван cap адуу маллаад, морины баас арилгалаа гэж бичилтээ биш. Тухайн үед хүүхэд байсан болохоор тиймэрхүү санагддаг байлаа.

Одоо ингээд бодоход мундаг том ухааныг бидэнд өвлүүлж байжээ. Монгол өв соёлыг боловсролын системд хийгээд тэрийг нь бид багшаар заалгаж сурдаг эрдэм биш юм. Монгол ухааныг хүн амьдрал дээр, хажууд нь байж, очиж үзэж, өөрөө хийж байж ойлгодог, мэддэг, сурдаг юм байна гэж боддог.

Морины уяа сойлго гэдэг бол маш том шинжлэх ухаан. Бурхны номны оргилд хүрнэ гэж байдаггүйтэй ижил морь уях шинжлэх ухааны оргилд хүрнэ гэж байхгүй хэмээн нэг эрхэм хүн хэлж байсныг сонссон. Би бол аавынхаа хажууд сурагч.

Аавын минь морь уях ухааныг 10 дугаар анги төгсөж, оюутан болоод амьдрал дээр гарч байгаатай зүйрлэвэл би хажууд нь дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд. Өөрөөр хэлбэл, аавынхаа эрдэм ухааныг өөрийнхөө багахан сурч мэдсэн зүйлтэй зүйрлэвэл ийм ялгаатай гэж хэлэх гэсэн юм. Аав минь их мундаг хүн байлаа. Аавынхаа бараг салхин дор нь зогсоход юмыг ойлгодог.

Хэлж ярьж байгаа бүхнээс нь шамдан суралцах хичээдэг байлаа. Мэдээж ааваас минь үлдсэн эрдэм ухаан байлгүй л яах вэ. Гэхдээ би тэгж, ингэж морь уядаг гэж ярих дургүй. Ичдэг юм. Хөдөлмөрийг минь улсаас үнэлээд аймгийн алдарт уяач цол өгсөн. Би маш их бэлгэшээж байгаа.

-Таны эмээ Оюун гуайн бие сайн уу. Саяхан гарсан Ш.Гүрбазар гуайн нэвтрүүлэг дээр ануухан сайхан харагдаж байна лээ. Гэхдээ үрээ алдсан эхийн сэтгэл ямар хүнд байгааг бид бүрэн ойлгож чадахгүй шүү дээ?

-Манай эмээ чинь хар залуугаасаа Өвөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын ажлыг олон жил хийсэн хүн байдаг. Удвал гуайг Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга байхад эмээ маань Өвөрхангай хариуцсан эмэгтэйчүүдийн даргаар ажиллаж байсан юм.

Удвал гуайн удирдлага дор ажиллаж байсан гэсэн үг л дээ. Мөн МАХН-ын үед Өвөрхангай аймгийн намын дарга хийж байсан. Манай эмээ орос хэлний багш мэргэжилтэй. Ер нь сэтгэлийн хаттай, хатуужилтай хүн. Хэр баргийн нулимс унагахгүй дээ.

Гэхдээ дотроо маш хэцүү байгаа. Тэрийг бид нүднээс нь хараад мэддэг. Шүдээ зуугаад эмээ минь хөөрхий байж байна. Бид ч гэсэн дотроо эмтрээд, гаднаа тэрийгээ харуулж болдоггүй. Эмээгийн бие хаа дажгүй ээ. Гэхдээ сэтгэл санаа нь мэдээж их хүнд байгаа.

-Ээжийн тань бие сайн уу?

-Сэтгэл санаа хямралтай байгаа. Биеийн байдал, эрүүл мэндийн хувьд гайгүй.

-Г.Батхүү агсан айлын том. Доороо гурван дүүтэй бил үү?

-Аав айлын том нь. Манай аавын доод дүү нь Батчимэг. Дараа нь Батсайхан, Бат-Эрдэнэ гэж бий. Эхээс дөрвүүлээ.

-Бүгд тус тусын бизнес, ажил амьдралаа залгуулаад явж байна уу?

-Тийм ээ. Тус тусын бизнес, ажил төрөлтэй явж байгаа.

-Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Би 1986 онд төрсөн. Арван жилээ АНУ-ын Флорида мужид 2005 онд төгссөн. Швейцарын Женевийн олон улсын их сургуулийг 2011 онд дүүргэсэн. Тэгээд Монголдоо ирж ажиллах болсон.

Тухайн ондоо би “Эрдэнэс Таван толгой” компанид гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр орж ажлын гараагаа эхлүүлсэн. Тус компанид таван жил ажилласан. 2015 онд Эрчим хүчний яаманд Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн.

-Аав тань та бүхнийг хэрхэн хүмүүжүүлж ирсэн бэ. Эцэг бүр харилцан адилгүй байдаг шүү дээ. Зарим нь хатуу гараар хүмүүжүүлдэг байхад үг дуугарахгүй хэр нь зөв үйлдлээрээ үлгэрлэж хүмүүжүүлдэг аав ч байдаг шүү дээ?

-Манай аав бидэнд гар хүрч байсныг санадаггүй юм. Ер нь бусадтай гap зөрүүлж байсан тохиолдол байхгүй дээ. Буруу зүйлийг тайлбарлаж өгдөг. Засаж, залруулж өгдөг. Болохгүй шүү гэж ухааруулж хэлдэг. Харахад их сүрлэг, том хүн байсан шүү дээ. Хэн ч харсан сүрдмээр.

Магадгүй би буруу юм хийчихээд аавд загнуулж байхад ээж намайг өмөөрч дундуур орж ирдэггүй. Энэ бол хүүхдийн хүмүүжилд маш хортой гэж үздэг байсан. Мөн өөрийнхөө хүүхдийг өмөөрдөггүй. Дандаа өөрийн хүүхдийн буруу байдаг. Жишээ нь, би жаахан байхдаа нэг хүүхэдтэй муудалцаад ороод ирэхэд чамаас болсон байх, чи тэрүүгээр яваагүй, байгаагүй байсан бол гэх зэргээр өөрийнхөө хүүхдийг зэмлэж, хэзээ ч өмөөрдөггүй байсан. Энэ бүхнээс үүдээд бага байхдаа заримдаа өргөмөл ч юм болов уу гэж бодож байх шиг.

Манай аав хүнийг барагтай бол загнахгүй дээ. Ер нь юмыг сайн хэлж өгдөг. Алдааг нь засаж залруулах талаас нь сайн хэлж өгнө. Хэлээд байхад дахин алдаад байвал мэдээж чангаар хэлнэ шүү дээ. Тийм л сурган хүмүүжүүлэгч байсан даа.

 

Үргэлжлэл бий...

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 08 сар 21/

    Mash saihan yarilclaga bolj

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 20/

    Та бүхэн сайхан, зүй бүхий шийд гаргаж. Тиймээ, аавынхаа үйлийг, үйлсийг таслалгүй, цалгардуулалгүй үргэлжлүүлээд хөтлөөд явахад бүх л юм зүгтэйгээ чигтэйгээ сайхан байна. Ёстой л, ҮЕЭС ҮЕД, ҮРЭЭС ҮРЭЭС БОЛНОДОО, БОЛНОДОО, БҮТНЭДЭЭ БҮТНЭ.

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 20/

    okay

    Хариулах
  • Зочин / 2019 08 сар 20/

    сонирхолтой

    Хариулах