Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "2025 оны долдугаар сарын 9-нд Эрдэнэс Тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажил эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нь нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг.
Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн. Эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байв. Энэ бол нүүрсний үнэ буурснаас, нүүрснээс шалтгаалсан.
Ажлаа аваад түүхэндээ анх удаа улсын төсвийг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэсэн төсвийн тодотгол хийсэн. Өнөөдөр эдийн засаг сэргэсэн байгаа. Наймдугаар сарын дүнгээр эдийн засаг 5.7 хувь өссөн.
ЭТТ ХХК-д онцгой дэглэм тогтоосноор наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6 дахин, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь 3 дахин, орлого 1.3 дахин, олборлолт 1.1 дахин тус тус өссөн. Энэ бол тэнд бугшсан хулгайтай тэмцсэний үр дүн. Тэнд явагдсан хяналт шалгалтын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэр ил тод болов. Бүгдийг баталгаа нотолгоотойгоор АТГ-т шилжүүлсэн.
Нүүрс баяжуулах үйлдвэрийг 1 их наяд төгрөгөөр барьж байгуулахдаа яагаад 18 километрийн цаана байгуулсан бэ, энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийж байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянга болгон бууруулсан. Ийм хол зайд барьчхаад Бор тээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихсан, тэр нь ашиглалтгүй. Тээвэр нь бүгд асар өндөр өртөгтэй. Мөн 280 тэрбум төгрөгөөр конвер барихаар байсан. Конвер барьж дуустал 1 их наяд төгрөгийн үйлдвэр нь үр ашиггүй. Ийм л үрэлгэн замбараагүй байсан.
Нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоох, эдийн засгаа сэргээхийн тулд ордуудын үр өгөөжийг сайжруулах шаардлага гарсан. Иймд улсын төсөвтэй хамт Тавантолгойн бүлэг орд дахь эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа ганц орд болох Бор тээгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Бор тээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц УИХ-ын дарга гурван сарын өмнө намын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийсэн.
Залуус гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байлаа.
Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна.
Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.