“Оюутнуудад зөв бичих дүрэм заах хүртэл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр мууджээ”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 02 ・ 5

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөр­чилж, шинэчилж иржээ. Тухайлбал, хувьсгалын он жилүүдэд 20, дараа нь 10, сүүлд 1998-2014 он хүртэл хөтөлбөр дунджаар дөрөв, зарим үед 1-2 жил тутамд шинэчлэгдсэн байдаг. Чухам эл үеэс Монголын боловсролын салбарт хэн эрх мэдэлтэй нь гар дүрж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талбар болгосон гэхэд хилсдэхгүй. 2014 оноос хэрэгжүүлсэн ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, түүний дагуу зохиосон сурах бичгүүдийн агуулга, хэл найруулга, шалгалт, даалгавар, үнэлгээ нь оносноосоо илүү алдсаныг, сурах бичгийн тендер, хүртээмж, цаасны стандарт, сургалтын орчин зэрэг асуудлыг тойрон “Өнөөдөр” сонин 20 шахам цуврал нийтлэл бэлтгэн, уншигчдадаа хүргэсэн. Сурах бичгийг шинээр нь, хэдэн мянган тонноор нь хогийн цэгт хаяснаас эхлээд цөм хөтөлбөр яагаад хөрсөндөө буугаагүйг, сурах бичгийн чанар, хүртээмж, сураг­ чийн ачаалал, мэдлэг, чадвар нь жил ирэх тусам дордох болсон шалтгааныг бид тодруулсан. 

Ерөнхий боловсролын салбарт бага ч гэсэн өөрчлөлт, шинэчлэл авчрахын төлөө бэлтгэсэн цуврал нийтлэлээ дүгнэн, “Редакцын уулзалт” хийлээ. Бид редакцдаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Р.Нямцэрэн, Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, нийслэлийн 28 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Одгэрэл, “Мон судар” хэвлэлийн газрын “Дидо” редакцын эрхлэгч Г.Ариунцэцэг, “Соёмбо принтинг” ХХК-ийн менежер Т.Гэрэлмаа нарыг урьж, 2019-2020 оны хичээлийн жилийн “өнгө”-ийг тольдлоо.

-Бидний урилгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд агуулга хүнд, сэдвийн давхцал ихтэй, хичээл цагтаа багтдаггүй, шинэ сэдвийг давтуулах, мэдлэг олгох хугацаа бага гээд олон учир дутагдалтай байсныг бид мэднэ. Тиймээс өнгөрсөн зун хөтөлбөрийг засаж, сайжруулсан. Манай улс сургалтын хөтөлбөртөө анх удаа тохиргоо хийсэн нь энэ. Сайжруулсан хөтөлбөр багш, сурагчийн ачааллыг бууруулах, эсэхийг эхлээд тодруулъя?

Ё.Б: -Юуны өмнө нийт багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. БСШУСЯ 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Үүний хүрээнд гурван гол чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна. Нэгдүгээрт, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, удаах нь салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах. Сургалтын хөтөлбөр боловсролын салбарын гол мөрдөх баримт бичиг учраас хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтод хамаарна. Багш, эцэг, эхчүүд болон олон нийт цөм хөтөлбөрийн хэрэгжилт, агуулга, арга зүйг шүүмжилж ирсэн. Тиймээс Азийн хөгжлийн банк (АХБ) болон олон улсын бусад байгууллагын тусламжтайгаар хөтөлбөрийн үр дүнг шинжилсэн. Хангалттай хэмжээнд үнэлэгдээгүй. Хөтөлбөрийн дагуу суралцаж буй хүүхдүүд, их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг, чадвар муу байна. Боловсролын сайд солигдох бүрт хөтөлбөрийг шинэчилдэг жишиг тогтжээ. Энэ нь олон нийтийг бухимдуулахаас хэтрэхгүй. Үүнээс аль болох зайлсхийсэн. Өнгөрсөн хавраас хөтөлбөрийг засаж сайжруулахаар эрдэмтдийн баг томилж, багш нарт ямар асуудал тулгарч буйг үндэсний хэмжээнд өрнүүлсэн томоохон хэлэлцүүлгийн үр дүнгээр мэдэж авсан. 

Сургалтын хөтөлбөр Үндсэн хууль шиг хөдөлгөөнгүй, царс мод мэт бат бэх байх албагүй. Цаг үеэ дагаад байнга өөрчилж, шинэчлэх ёстой. Тэр утгаараа хөтөлбөрийн агуулгыг танаж, сайжрууллаа. Тухайлбал, бага ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж 35, дунд, ахлахынх 8-9 хувиар багассан. Анги, хичээл хоорондын агуулгын давхцалуудыг арилгаснаар заавал үзэх сэдвийн тоо 800 орчмоор цөөрсөн. Өөрөөр хэлбэл, нэг цагт заах хичээлийн агуулга сийрэгжсэн гэсэн үг. Агуулга хэдий чинээ бага, тодорхой байна, тэр хэрээр хүүхэд мэдлэг, чадвар эзэмших боломж бүрддэг. Өмнө нь заавал үзэх ёстой хичээлүүдийг цагтаа багтаах гэж багш нар үйлээ үздэг байлаа. Цагтаа багтаагүйг нь гэрийн даалгаварт өгдгөөс болж сурагчийн ачаалал хэрээс хэтэрсэн. Харин энэ хичээлийн жилээс багш, сурагчид сургалтын хөтөлбөрийн сайжруулсан хувилбараар хичээллэхээр ачаалал нь тодорхой хэмжээнд буурна. Сургалтын хөтөлбөрт нэр өгч, өмчлөх хандлага бий болжээ. Тиймээс цөм гэдэг үгийг хасаж, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нэрээр цааш хэрэгжүүлнэ.

“СУРАГЧ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГИЙН 59 ХУВИЙГ СУРЧИХААД БАЙХАД МУУ ҮНЭЛГЭЭ ӨГЧ БОЛОХГҮЙ” 

-Боловсролын үнэлгээний төв сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг 2014 оноос үнэлдэг болсон. Цөм хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын дунд явуулсан сорилын гүйцэтгэлээр хүүхдүүд 30-40 хувьтай буюу маш хангалтгүй дүн үзүүлжээ. Сурагчдын амжилт, сурлагын чанарыг хэрхэн ахиулах “нууцыг” хөтөлбөрийн сайжруулсан хувилбарт тусгасан гэв үү? 

Л.Г: -Боловсролын үнэлгээний төвөөс сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэх зорилгоор судалгаа хийдэг болсон. Зорилго нь сурлагын амжилтын чанарыг тогтооно гэхээс илүүтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нар юун дээр алдаж, онож байгааг илрүүлэх. Ингэхдээ хүүхдээр дамжуулж мэдлэг, чадварыг нь үнэлж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангаж байна. Чанарын үнэлгээний судалгааг хийхдээ олон улсын жишигт нийцүүлсэн. “Манай улс олон улсын судалгаанд хамрагдвал” гэж тооцож, бэлтгэх байдлаар зохион байгуулсан. Урьд нь V, IX ангиас тогтсон судлагдахуунаар, улсын шалгалтаар дамжуулан чанарын судалгааг авдаг байсан. Сурагчийн мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх дүрэм, журам батлагдсаны дагуу аль ангиас, ямар хичээлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх хэрэгцээ, шаардлага байгааг эхлээд тодорхойлж, тухайн судлагдахуунаар нь судалгаа авч эхэлсэн. Тухайлбал, III ангийнхнаас математик, монгол хэл, хүн ба орчин, дуу хөгжмийн хичээлээр анх удаа үндэсний хэмжээнд чанарын үнэлгээ хийсэн. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 02/

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    Монгол хэлнийхэн ажилтай байх гэдэг юмуу гэж андуурам дүрмээ өөрчлөх нь ийм болгоод байгаа юм. Одоо их дээд сургуульд монгол хэлний анги биш л юм бол зааж яадгиын.

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    Маргашгүй үнэн бол өнөө үеийн их дээд сургууль төгсөгчидийн монгол хэлний зөв бичгийн алдаа. Бичгийн хэв алдагдсан явдал гэдгийн өнөөгийн Боловсролын систем мэдэхгүй байгаа нь харамсалтай

    Хариулах
  • зочин / 2019 09 сар 02/

    Би 1972 онд 7-р анги төгссөн.Тэр үед зааж байсан хэл бичгийн дүрэм үнэхээр гайхалтай байсан учраас өнөөг хүртэл би бичгийн ямарч алдаагүй бичиж чаддаг.Их мэдэгчид хэтрэхээр залуучууд л хохирох юм байна л даа

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    сонирхолтой

    Хариулах