Альберт Видалийн шагнал хүртсэн 20 настай гагнуурчин

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 04 ・ 1

 

ОХУ-ын Казань хотноо болсон дэлхийн ур чадварын тэмцээнд 63 орны 1300 гаруй залуус 56 мэргэжлээр ур чадвараа сорьжь өрсөлдлөө. Манай улсаас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн найман залуу, найман мэргэжлээр ур чадвараа сорихоор эксперт багш нарынхаа хамт амжилттай оролцоод ирлээ. Монголоос оролцсон Т.Оюун-Эрдэнэ гагнуурын мэргэжлээр бахдам амжилт гаргаж, Үндэсний шилдэг болон гагнуурын мэргэжлийн дэлхийн шилдэг гагнуурчин медаль хүртсэн юм. Одоо 20 настай Т.Оюун-Эрдэнэ дэлхийн 38 орны тамирчдаас 711 оноогоор арванхоёрдугаар байрт эрэмбэлэгдэж, улсынхаа чансааг ахиулж, Альберт Видалийн шагналын эзэн боллоо. Энэхүү шагнал нь түүнийг олон улсын стандартад нийцүүлэх хэмжээний ур чадвартайг нотолж буй юм.

 

Дэлхийн ур чадварын тэмцээний үеэр 18 цаг гагнуур хийжээ

 

Гагнуурын мэргэжлээр дэлхийд өрсөлдсөн Т. Оюун-Эрдэнэ “Монгол-Солонгосын политехник коллеж”-ийг гагнуурчнаар төгсөөд “Хасуу мегаватт” компанид ажиллаж эхэлсэн байна. Ажлынхаа хажуугаар “Герман-Монголын политехник коллеж”-д сурч мэдлэгээ ахиулах хугацаандаа 30 гаруй коллежийн оролцогчтой өрсөлдөж, “Дэлхийн ур чадвар”-т хүч сорих эрхийг авчээ. Түүнээс хойш “Оюутолгой” компани болон ТЭЦ-IV дээр жил гаруй хугацаанд өдөр алгасахгүй бэлтгэл хийхээс гадна олон улсын хэд хэдэн тэмцээн уралдаанд оролцож амжсан нь сэтгэлзүйгээс эхлээд багагүй туршлага болсон гэнэ. Бэлтгэлийнхээ талаар Т.Оюун-Эрдэнэ “Гагнуур хэмжээ өнгө үзэмжээс эхлээд их  дасгал сургуулилт шаарддаг. Нэг гагнаж үзээд болчихно гэж байхгүй. Их нарийн ур чадвар шаардана. Бэлтгэл хийж байхад өнгөрсөн жил дэлхийн ур чадварт оролцсон ах маань багагүй зөвлөж тусалсан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэмцээний өмнө Солонгост сар гаруй бэлтгэл хийлгэсэн нь маш их тус болсон. Багагүй туршлага судалж, их зүйл сурсан. Өмнө нь хэд хэдэн тэмцээнд оролцож сандралаа дарж чадсан учраас дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох үеэр сандраагүй. Энэ тэмцээний үеэр өдөр тутмын хийдэг ажил шигээ л бодож хамаг чадлаа дайчилсан” гэв.

 

Дэлхийн ур чадварын тэмцээний үеэр гагнуурын төрөл гурав хоног үргэлжилсэн байна. Даалгаварт өгөгдсөн дөрвөн модулийг 18 цаг гагнахдаа багшийн тусламжгүйгээр кабинд ганцаараа даалгавар гүйцэтгэжээ. Т.Оюун-Эрдэнийн хувьд  “Эхний өдөр таван цаг, хоёр дахь өдөр есөн цаг, гурав дахь өдөр нь 3.5 цаг гагнасан. Тэмцээний үеэр хугацаандаа шуурхай гүйцэтгэх чухал байсан. Гэхдээ хамгийн чухал нь хэмжилт буюу оёдлын өргөн нарийн, өндрийг стандартад нийцүүлэх ёстой. Экспертүүд маш нарийн дүгнэдэг. Тухайлбал, нэгдүгээр модулийг рентгенээр харсан. Нүх сүв, холболт, нэвчилт өнгө үзэмжийг нарийн шалгахаас гадна хугалж үздэг. Өгөгдсөн хугацаанд даалгаврынхаа аль хүртэл гагнаж чадах хүртлээ хийдэг” гэсэн юм. Харин түүнээс эхний байруудад оролцсон тамирчдаас дутуу санагдсан зүйл байна уу гэхэд “Зарим даалгавраа төгс хийж чадаагүй. Алдсан зүйл бий. Гэхдээ бусад орны оролцогчдыг харахад гоц ялгарах зүйл байгаагүй. Өнгө үзэмж л сайн байсан. Ер нь улс орнууд тэмцээнд оролцогчдоо маш удаан хугацаанд, дор хаяж 3-4 жил бэлтгэдэг юм билээ. Тухайлбал, Хятадын 2021 онд тэмцээнд оролцох хүүхэд нь бидний оролцсон тэмцээнийг үзээд явж байна  лээ.  Миний хувьд дэлхийн ур чадварын тэмцээний үеэр хэрэглэдэг гагнуурын аппаратаар “Оюутолгой” компани дээр бэлтгэл хийж байсан учраас шинэ зүйл байгаагүй. Төгс гагнахад нэг хувийн чадвар 99 хувийн хичээл зүтгэл хэрэгтэй гэж боддог. Мөн анхаарлаа бүрэн төвлөрүүлэх ёстой. Хамгийн чухал нь уйгагүй давтах хэрэгтэй” гэлээ.

 

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчин

 

Казанийн дэлхийн ур чадварын тэмцээний гагнуурын мэргэжлийн эксперт багш С.Батсайхан Дулааны IV цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид 30 жил ажиллаж байгаа туршлагатай инженер. Мөн дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 онд Бразилийн Сан Паолу, 2017 оны АНЭУ-ын Абу Дабид эксперт багшаар оролцож байжээ. Харин энэ удаад багш, шавь хоёр дэлхийн стандартын босго оноо болох 700 оноог давж 711 оноотойгоор хоёр шагналыг эх орондоо авчирсан юм.

 

Гагнуурын мэргэжлийн даалгавар дөрвөн үндсэн модулиас бүрддэг бөгөөд нэгдүгээрх нь стандарт модуль буюу хавтан, шугам хоолой гагнана. Хоёрдугаар модуль нь даралтат сав бол гуравдугаарт хөнгөн цагаан хийц, зэвэрдэггүй ган хийц буюу нержийн гагнуур хийдэг аж. Энэ дөрвөн модуль гагнуурчнаас өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг. Гадна хавтан болон шугам хоолойг рентген аргаар шалгаж дотоод гэмтлийг тодорхойлдог гэнэ. Харин Т.Оюун-Эрдэнэ энэ бүх нарийн шалгуурыг амжилттай давж тэмцээнээс хамгийн өндөр оноо авсанд нь олгодог  Үндэсний ялагчийн шагнал хүртсэн юм. Мөн гагнуурын төр­лийн босго 700 оноог давуулж дэлхийн стандартад нийцүүлж чадсаныг нь но­тол­сон Альберт Видалийн шагналыг хүртээд иржээ.

 

Гагнуурын мэргэжлийн сайхныг мэддэггүй байхдаа хуульч юм уу цэргийн хүн болно гэж боддог байсан тухайгаа Т.Оюун-Эрдэнэ “14 настайдаа аавын ажил дээр очиж гагнуур хийж үзсэнээс хойш эргэлт буцалтгүй шийдсэн. Их, дээд сургуульд орж болох байсан ч гагнуурчин болохоор коллежийг сонгосон. Аав, ээж маань намайг маш их дэмжсэн. Тэр их итгэлийг нь алдахгүйн тулд сургуулийнхаа шилдэг гагнуурчин болоод анхны шагналаа авч очсон. Гэр бүлийнхнээс гадна багш нар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Оюутолгой”, “Хасумегаватт” гээд намайг дэмжсэн маш олон хүн бий. Тэр хүмүүсийн итгэлийг алдахвий гэхээс л хамгийн их айсан. Тэмцээний үеэр цаг 30 минутын өмнө гагнаж дуусаад гарч ирсэн. Дүн гарах хооронд олон хүний итгэлийг алдсан бол яана аа гээд маш их санаа зовсон. Тэмцээнд оролцоно гэхээс илүү өндөр хариуцлагыг үүрч гарах том сургамж туршлага боллоо. Болдог бол нэг ч хүний нэрийг орхигдуулахгүй хэлэхсэн. Миний амжилт бол олон хүний хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн багийн ажил­­лагаа.Дэлхийн ур чадварын тэм­цээнд оролцсон, бэлдсэн, дэмжсэн, тус­ла­сан, хамтран ажилласан, зохион бай­гуул­сан, тусалж дэмжсэн бүх хүнд баяр­лалаа” гэдгээ манай сониноор уламжилсан юм. Түүний цаашдын зорилгыг сонирхвол “Хэсэгтээ компанидаа ажиллана. Инженерийн мэдлэг чухал учраас да­хиад гагнуурын чиглэлээр суралцана гэсэн бодолтой байгаа. Улс орныхоо то­моо­хон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Гагнахдаа алдаа гаргавал эргээд маш их хохиролтой. Зүүний сүвэгч шиг нүх гаргахад л хүний амь эрсдэх аюултай. Тиймээс маш хариуцлагатай байх ёстой.

 

Хайхрамжгүй хандаж болохгүй. Амар­хан мэт боловч өндөр хариуцлага, мэдлэг, ур чадвар шаарддаг ажил” хэмээсэн юм. 20 насандаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн  гагнуурчин залууд амжилт хүсье.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: