10 хувийн төлөө ард түмэн бие биенээ барьж идэх цаг ирэх нь ээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 30 ・ 4

 

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар саяхан авлигалыг мэдээлсэн хүнд арван хувийг нь өгөх тухай хууль өргөн барьсан. Тодруулбал, авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийн төслөө барьчихаад авлигын эсрэг тэмцлийг хүчтэй өрнүүлнэ, ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг чухал. Энэ бол их үр дүнтэй арга гэж ярьж байна лээ. Занданшатарын бодож буйгаар уг хуулийн төсөл Монгол Улсад их үр өгөөжтэй, ард түмнээ бодсон асуудал байх нь.

Гэвч яг бодит амьдрал дээр авлигалыг мэдээлсэн хүнд нийт мөнгөн дүнгийн 10 хувийг өгнө гэдэг Монголын ард түмэнд ёс суртахуун гээч зүйл байхгүй болохын эхлэл мөн. Хуучин цагт социализмын үед “нэргүй мэдээлэл”, “НАХЯамны мэдээлэгч” гэдэг мэдээлэл До яамны ногоон малгайтанд бичээд л монголчууд бүгд бие биенээ барьж өгдөг байсан. Гучин долоон оны хэлмэгдүүлэлт ерөөсөө “нэргүй мэдээлэл” гэгчийн дор явагдаж Монголын ард түмнийг толгой дараалан буудаж алсан. 40 мянган хүн хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 30 гаруй мянган сэхээтнийг буудаж алсан байдаг. Наад захын жишээ гэхэд тухайн иргэн нөхрөө юм уу, аавыгаа ахыгаа баригдаад явахад ойр орчмынхоо хүмүүсийг матаж, мэдээлдэг байсан. “Энэ айлын хүн манай нөхөртэй адилхан лам байсан. Одоо яахаараа зүгээр хонь малаа хариулаад явж байдаг юм. Түүнийг баривчлах хэрэгтэй” гэж матаж, мэдээлээд баривчлуулж байж санаа нь амардаг байсан.

Тэгэхээр Занданшатарын өөрийнхөө толгойлж буй Их хуралд өргөн мэдүүлсэн энэхүү хууль батлагдвал яг гучин долоон оных шиг байдал Монголд хүссэн хүсээгүй бий болно. Монголын нийгэм тэр чигтээ үл итгэлцэл, хардалт сэрдэлт, матаас, ховоор дүүрнэ. Ажил хийдэг хүн ч гэж байхаа болино. Хавь ойрынхныгоо матсан, хамаатан садан, найз нөхөд гэлтгүй нэгнээ гүтгэсэн, хардсан, нэгэндээ үл итгэсэн, бие биенээ яснаасаа үзэн ядсан ийм л хорсолт хогийн нийгэм нэг л мэдэхэд бий болчихно. Аливаа нэг дарангуйлагч нийгэм дарангуйллаа барьж тогтоож байхын тулд ард түмнийг нийтээр нь ийм ховч, матаач өс хонзон, өстөн дайсан болгодог жамтай. Бие биенээ барьж идэхийг нь харж бах тав нь ханадаг. Монголчууд бидэнд бэлээхэн ийм туршалага байгаа. Ялангуяа Занданшатарын Монгол ардын намд. Энэ нам 70 жил ноёрхохдоо ард түмнийг ард түмэн биш, хүнийг хүн биш болгосон. Бүгдийг нь матаасчин, мэхлээчин болгож хүний ёс суртахуун гээч зүйлийг нь уланд нь гишгүүлж хүнийг тухайн дарангуйлагч нийгмийнхээ шаар шавхруу болгосон байдаг.

Бидний магтан дуулах гээд байдаг социализм ердөө матаасан дээр тогтож байсан. Монгол төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын дэргэд 15 жил шадар туслахаар нь ажилласан эдүгээ 90 настай Батцэнгэл гэж өвгөний хэлсэн үг бий. “Би энэ амьдралдаа матаасчдын шуурган дундуур явж иржээ” гэж. Бал даргад ирсэн захиа захидал, бичиг хэрэг бүхий л зүйл шадар туслахаар нь дамждаг байсан нь мэдээж. Тэр бүгд ерөөсөө матаас байсан гэдэг. Эрдэнэт хүнийг ёс суртахуунгүй, энэрэн хайрлах сэтгэлгүй, нэгнээ хүндэтгэх хүндэтгэлгүй, дандаа ар хударгаар нь хорлодог, нүүрнээс далдуур элдэв дээдээр хэлдэг тийм л нийгмийн шаар шавхруу болгосон социалист дэглэмийн үлдэгдэл Занданшатартангууд л өнөөдөр ийм хууль санаачилж чадна.

Авлигын эсрэг тэрхүү хуулийн төслөө юу ч гэж уран донгодож, улс оронд хэрэгтэй мэтээр ярина, мөн чанартаа бол тэр нь нийгмийг бутаргах, улам зэрлэг, цэвдэг хүйтэн байдал руу аваачдаг юм. Хэрвээ Занданшатар зүтгүүлээд хууль батлагдаж 10 хувийг өгдөг болбол Монголын шүүх, прокурор, хууль хүчнийхэн ямар айхавтар зэрлэг балмад, улангассан байдалтай болно гэж санана. Авлигын асуудалд орооцолдсон ямар ч хүнийг шүүхээс буцаана гэж гонж. Хэрвээ тухайн хэргийг буцаах юм уу, хэрэгсэхгүй болговол өөрт нь ирэх 10 хувийн мөнгө бүтэхээ болино. Тиймээс ёстой яхийтал нь суулгаж байгаад, ясыг нь цайтал үзэж байгаад хэргийг нь хүлээлгэнэ. Жишээ нь, 60 тэрбумын хэрэг гэж бий. Ямар ч хэрэг биш, зүгээр л аман яриа. Гэвч үүнийг шүүх, прокурорынхон 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон нөхдийг хэнийг нь ч хэн гэхгүй, өмнө нь ямар албан тушаалтай, найз нөхөд хэн байсан нь хамаагүй, ёстой ясыг нь цайтал үзэж байгаад хэргийг хүлээлгэнэ. Ёстой нөгөө улангассан чоно шиг дайрна. Учир нь 60 тэрбумын 10 хувь зургаан тэрбум төгрөг. Зургаан тэрбум төгрөг гар дээр нь тавигдана гэж бодохоор хүн нэгнээ хайрлах, хүндэтгэх, юун ёс суртахуун...бүгд цаашаа биз дээ. Тэр их мөнгийг авахын төлөө тухайн хэргийг нь ямар нэгэн аргаар хүлээлгэж таарна.

Арван хувийн хууль батлагдвал Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерүүд хамгийн түрүүнд шоронгийн хадаас болно. Ойрынх нь багш нар, нарийн бичгүүд нь шууд л мөнгөний үнэр аваад захирлаа матна. Мөн эмнэлгийн дарга нар, эрүүл мэндийн тасгийн эрхлэгчид, цэцэрлэгийн эрхлэгчид бөөнөөрөө шоронд явна. Сум, дүүргийн тамгын газрынхан нэгнээ матаад эхэлнэ. Бүх сумдын Засаг дарга нар, иргэдийн хурлын дарга нар, тамгын газарт алба хашдаг бүхэн ээлж дараалан шоронгийн хаалга татна. Үнэн худал нь эс мэдэгдэх, баталгаагүй, хардсан сэрдсэн мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудыг барьж хорьж эхэлнэ. Мэдээж дээр өгүүлсэнчлэн 10 хувийн төлөө тэд буцаана гэж гонж. Ингэж л сум орон нутаг, дүүрэг хороонд нэгнээ үзэж чадахаа байсан, нэгэндээ яснаасаа өширхсөн, дайсагнасан ийм л хүмүүс бий болж, бузар булай нийгэм газар авна.

Ер нь энэ Занданшатар гэдэг хүн Монгол Улсад өширхөж явдаг юм шиг, Монголын ард түмэн өстөн дайсан нь юм шиг санагдахаар хууль санаачилдаг нь сонирхолтой. Тэрээр 2009 онд Сү.Батболдын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Гадаад харилцааны сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон хууль батлуулаад Монголын эдийн засгийг хөмөрчихсөн юм. 17 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг 0 зааж ард түмэн амаараа шороо үнхэнэ гэдэг болж, улс орон элгээрээ харуулдаж байсан. Түүний горыг одоо хэр нь Монголын ард түмэн амсаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоосон Гадаад харилцааны сайд түүнийг Монголын сэхээтэн бүхэн толгой дараалан зүхэж байсан цаг саяхан.

“Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хуулийн төсөл Их хурлаар батлуулчихаад, Монгол Улсаа элгээр нь хэвтүүлчихээд тэр гадагшаагаа яваад өгсөн. Гэтэл одоо дахиж Их хуралд суухгүй гэдгээ мэдээд Монголын нийгмийг хөмрөх хууль санаачилж байна. Их хурлын эрхэм гишүүд Занданшатарын авлигын 10 хувь гэх хуулийг баталж огтоос болохгүй. Бүх иргэдээ бууны нохой болгочихоод үр хүүхэд чинь энэ нийгэмд яаж амьдрах юм бэ. Эрхбиш төрийн түшээд энэ бүхнийг ухаарч байгаа байлгүй. Занданшатар бол яахав, тэртэй тэргүй гадагшаа арилаад өгөх биз. Бусад гишүүдийн үр хүүхэд Монголдоо амьдрах байлгүй. Тиймээс дахин давтан хэлэхэд монгол хүний ёс жудаг бүхнийг уланд нь гишгүүлсэн, хүнийг хүн биш, нийгмийн шаар шавхаруу болгож мэдэх энэ хуулийг хэрхэвч баталж болохгүй ээ.

С.ДАРАМСҮРЭН

ӨДрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 10 сар 01/

    энэ хууль батлагдах ёстой.Ер нь зарим хүмүүс яахаараа дандаа юмыг сөргүүлж байдаг байнаа.Эсэргүүцээд байгаа хүн өөрөө их авилгач,авилга авагч байх нь дээ.

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 01/

    10 биш 20% болгох хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 30/

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 30/

    Хариулах