Амьсгалсны төлөөс нь амьгүй ураг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 16 ・ 2

Зургаан удаа жирэмсэлсэн ч хүүхэдтэй болж чадаагүй эмэгтэй долоо дахиа “олчихоод” жигтэйхэн баярласан талаар эмч сэтгэл эмзэглэн ярив. Бүсгүй урьд нь нэг бол зулбан, эсвэл дутуу төрснөөс үрийн зулай үнэрлээгүй аж. Ийм шалтгаанаар хүүхдээ алдсан ээжүүдэд эмч нар гуравдугаар сараас хойш жирэмслэхийг зөвлөх болжээ. Учир нь өвөл ураг зулбах, хэвлийдээ бүтэх, гүйцэд тээсэн ч амьгүй төрөх тохиолдол олширдог болсон тул нэг ч гэсэн эрсдэлийг ингэж бууруулж буйгаа тэд хэлсэн.

“Улаанбаатар хотын хүн амын нас баралтын шалтгааны 13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой. Сүүлийн 15 жилд утааны уршгаар амьсгалын тогтолцооны өвчин 26.8, зүрх, судасных 18.1 хувиар нэмэгдсэн” гэсэн статистикийг эрүүл мэндийн байгууллагынхан өгсөн. Хотын утаа бидний эрүүл мэнд, аминд халдаад удсаны наад захын жишээ энэ. “Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, ургийн гажиг, зулбалт, дутуу төрөлтөд нөлөөлөхгүй” гэж саяхныг хүртэл мэлздэг байсан эрх баригчид ухамсартай бол ард түмнээсээ уучлалт гуйх байлаа.

Энэ намар дулаахан байна. Гэвч удахгүй утааны улирал ирнэ. Агаарын бохирдлыг бууруулна гэж сайд, дарга нар жилийн жилд олон янзын арга саам сэдэж, яндан, зуух тараасан ч тусыг эс олсон тул энэ жилийн гол арга хэмжээ болох шахмал түлшинд ч иргэд итгэхгүй байгаа. Уугих утааны хэмжээ буурч мэдэх ч хорт агууламж нь түүхий нүүрснийхээс ч аюултайг эрдэмтэд сануулсан учраас тэр. Бид ч яах вэ, тэр байтугай утааг “бараад”, даваад гардаг юм. Гэхдээ Монголын ирээдүй хэвлийдээ бүтэж, дутуу, эсвэл амьгүй төрсөөр байхад хэлээ хазаад, дуугүй өнгөрч болно гэж үү.

Улаанбаатар хотод хавар, зун, намарт ураг зулбах тохиолдол 1000 төрөлтөд 20-23 бүртгэгддэг бол утааны улиралд буюу арваас хоёрдугаар сард энэ үзүүлэлт 70-73-т хүрдэг юм байна. Өөрөөр хэлбэл, хэвлийдээ эндэх ургийн тоо өвөл 3-4 дахин нэмэгддэг гэсэн үг. Бодит байдал нь л ийм. Үүнд ямар нэгэн хачир, нэмэлт тайлбар шаардлагагүй. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Батхишигээс тодруулснаа хүргэе. Тэрбээр “Жирэмсний 12 хүртэлх долоо хоногт ураг амьгүй болохыг өсөлтгүй, 13-22 долоо хоногтойдоо эндэхийг зулбасан гэж үздэг. Харин жирэмсний 22 долоо хоногтойгоос дээш ураг “бүтэлгүйтвэл” амьгүй төрөлтөд бүртгэнэ. Ерөнхийдөө жирэмсний 23-37 долоо хоног хүртэлхийг дутуу төрөлт, түүнээс дээшихийг гүйцэд тээсэнд тооцно. Хэт эрт үедээ буюу 28 долоо хоногтойгоосоо өмнө төрвөл жин нь 1000 граммаас бага байдаг. Ийм хүүхэд амьдрах чадвар султай, цөөн хувь нь л хүн болдог. Олон улсад 500 грамм, түүнээс дээш жинтэй төрсөн хүүхдийг амьдруулдаг бол манайд энэ нь 800-1000 граммаас эхэлдэг.

Ер нь 28-32 долоо хоногтойдоо төрсөн ч амьдрах, эсэх нь эргэлзээтэй. Ураг зулбах, өсөлтгүй болох, дутуу болон амьгүй төрөхөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай улсын хувьд ураг зулбах тохиолдлын тоо улирлын чанартай, харилцан адилгүй байгаа нь судалгааны баримтуудаас харагдана. Түүн дотроо бас хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, оюутнуудын дунд ураг зулбах тохиолдол намрын эхний саруудад ихэсдэг. Миний таамаглаж буйгаар, оюутнууд хичээл амрах дөхөхөөр, эсвэл төгсөлтийн баярын үеэр замбараагүй болдог шиг санагддаг. Зарим нь жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар ураг нь энддэг бол нөгөө хэсэг нь бусдын ам дамжсан ярианд итгэж, янз бүрийн эм ууж, албаар зулбуулдаг. Ингэж эрүүл мэнд, амиа эрсдэлд оруулж, умайгаа авхуулах тохиолдол ч цөөнгүй гарч байна. Нөгөө нэг шалтгаан нь мэдээж агаарын бохирдол.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

http://unuudur.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: