Шахмал түлшний түүхий эдийг коксжсон эрчим хүчний нүүрс учраас ахуйд хэрэглэх боломжтой гэж дүгнэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 28 ・ 2

Өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссоос үүрэг болгосны дагуу НОБГ, НМХГ, НЭМГ, НАБТГ-аас өнөөдөр /2019.10.28/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэрээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарсан. Мөн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг багатай эрчим хүчний нүүрс тул ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсныг бидэнд албан ёсоор ирүүллээ” гэсэн юм.

ОХУ-ын Москва хотын Элчин Сайдын Яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлах “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхэд 2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр тус лабораториос шинжилгээний битүүмжилсэн хариуг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ.

 

 

Техникийн шинжилгээгээр шахмал түлшний чийглэг нь 2.4 гарчээ. Стандарт үзүүлэлт нь 10 ба түүнээс доош байх ёстой юм.

Үнслэг чанарын стандарт үзүүлэлт нь 29 ба түүнээс бага байх ёстой. Шинжилгээгээр 22.2 байгаа нь тогтоогджээ.

Дэгдэмтгий чанар нь стандартаар 22 болон түүнээс бага байх учиртай. ОХУ-ын лабораторийн шинжилгээгээр 19.6 гарсан байна.

Хүхэр нь 1 ба түүнээс бага байх ёстой бол 0.89 байгаа нь тогтоогджээ. Харин илчлэг нь 6374 гарсан байна. Ингэснээр ОХУ-ын шинжилгээний хариугаар шахмал түлш нь стандартын шаардлага хангаж буй нь тогтоогджээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эдийг коксжсон эрчим хүчний нүүрс учраас ахуйд хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн хариуг ирүүлжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: