Г.Ням-очир: Л.Үнэнбаатар гуайг хууль хяналтынхан хятад руу гаргах биш, авлигын тухай үнэтэй мэдээллийг нь ашиглах байсан юм

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 04 ・ 4

Монголд 30 орчим жил амьдарсан Өмнөд Монголын иргэн Л.Үнэнбаатарыг манай хууль хяналтынхан албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн талаар нэр бүхий хүмүүс мэдэгдэж эхлэв. Уг мэдээлэлд Л.Үнэнбаатарыг монгол, хятад хоёр компанийн хооронд өрнөсөн уул уурхайн тусгай зөвшөөрөл наймаалцах ажилд орчуулагчаар оролцож байсан явдалд буруутгадаг гэнэ. Үүнээс үүдэж 2014 оноос эхлэн түүнийг Хятадын талаас татах асуудлыг тавьж иржээ. Л.Үнэнбаатарыг өнгөрсөн лхагва гаригт Өмнөговь аймагт байхад нь цагдаагийн байгууллагаас Улаанбаатарт авч ирэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэж байгаа юм. Ингээд даваа гаригт Замын-Үүдийн хилээр гаргаж БНХАУ-ын талд хүлээлгэж өгсөн гэх мэдээллийг зарим хүмүүс ярьж байна. Уг мэдээлэл бодитой эсэхийг тодруулахад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд хандахад “Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл алга” гэв.

Л.Үнэнбаатар гэж ямар хүн байсан, тэрээр Монголд 30 гаруй жил амьдарсан шалтгаан, ямар хэрэгт холбогдсон тухай “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын гишүүн Г.Ням-Очироос тодруулж ярилцлаа.


-Өмнөд Монголын иргэн Л.Үнэнбаатарыг саатуулж, хилээр гаргасан тухай та бүхэн цахим орчинд мэдээлэл хийж байна. Чухам юу болсон юм бэ?

-Л.Үнэнбаатар гуай одоо БНХАУ-ын Хөх хотын урьдчилсан хорих төвд хоригдож байгаа. Эхний ээлжинд 30 хоног хорих байх. Энэ хүнд одоо монголчууд бид нэгэнт тус болохоос өнгөрсөн. БНХАУ-ын хуулиар шийдэгдэх байх. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс дээр өөрийг нь дуудсан байдаг. Л.Үнэнбаатар гуай 2014 оноос хойш бичиг баримтгүй амьдарч байгаа хүн. Бичиг баримтгүй хүн чинь амьдрахын эрхэнд ажиллах хэрэгтэй шүү дээ. Өмнөговь аймагт ажил хийж байхад нь цагдаагаас дуудаж “Паспортоо ав” гэсэн гэдэг. Яваад очтол яах ийхийн зуургүй шууд машинд ачиж аваад Улаанбаатарт аваачин Цагдан хорих 461 дүгээр ангид хорьчихсон юм билээ. Тэндээс ням гаригийн орой гаргаад Замын-Үүд рүү авч яваад даваа гаригийн өглөө хилээр гаргасан гэсэн мэдээлэл байгаа. Гэвч одоо хүртэл өмгөөлөгч, ар гэрийнхэнд нь нууцын зэрэглэлтэй гээд шүүхийн тогтоолыг танилцуулахгүй байгаа юм.

-Хэдийгээр ар гэрт нь танилцуулаагүй ч саатуулах шалтгааныг гадарлаж байгаа байлгүй дээ?

-Тэр хүн бол 1990 онд Монголд ирж суурьшсан. Монголд маш олон бизнесмэнүүд таньдаг, энэ хүнтэй хамтарч бизнес хийж байсан. Энэ хүний дэмжлэгээр бизнесээ босгож байсан. 2014 онд монгол, хятад хоёр уул уурхайн компанийн лицензийг шилжүүлсэн наймаанд нь орчуулагчаар оролцсон байдаг. Өөрөө энэ хүн чинь орос, хятад, англи гурван хэлнээс синхрон орчуулга хийдэг, мундаг мэдлэгтэй хүн. Бичгийн өндөр чадвартай, Өмнөд Монголын их сургуулийг төгссөн, сансрын физикч мэргэжилтэй. 1990 онд Монголд хувьсгал гарсны дараа хамаатан саднаа хайж Монголд ирсэн. Тэднийгээ ч олсон.

-Л.Үнэнбаатарыг 2014 онд бас хилээр гаргахыг оролдож байсан гэдэг. Гэвч оргон зайлаад олдоогүй гэдэг юм билээ?

-2014 оны зургадугаар сарын 17-нд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн өдөр байсан. Тэр өдөр Ч.Мөнхбаяр над руу утасдаад “Нэг хүнд тусалмаар байна. Өмнөд монгол, өндөр настай хүн байгаа юм. Чи бидний ааваас ялгаа юу байх вэ” гэсэн. Би ч зөвшөөрөөд Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгт явж очсон. Тэр өдөр Л.Үнэнбаатар гуайг барьж аваад Гадаадын иргэн, харьяатын газар дээр авааччихсан байсан. Маргааш нь Хятадын Иргэн харьяатын ажилтнууд “Air China”-гаар ирж авах байсан юм билээ. Тэгээд Гадаадын иргэн, харьяатын газарт хонуулах гэхэд эмч нар “Зүрх судасны хүнд өвчтэй хүн юм байна. Энд хонуулж болохгүй” гэсний дагуу эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Түүнийг эмнэлэгт гурван офицер хянаж байсан. Бид ярилцаад оргуулахаар болсон. Бие засуулах нэрээр тасгаас нь авч гараад эмнэлгийн цонхоор оргуулж байлаа. Дараа нь тухайн үед Гадаадын иргэн, харьяатын газрын дарга байсан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж хэлдэг юм. “Та нар хүний эрхийг хамгаалж чадсан шүү. Энэ хүнийг тухайн үед хилс хэргээр хилээр гаргах гэж байсныг мэдээгүй” гэж.

-Та яагаад энэ хүнийг оргуулах болсон юм бэ?

-Л.Үнэнбаатар гуайг 2014 он хүртэл би мэддэггүй байсан. Гэхдээ би яагаад өмнөдмонголчуудыг өмөөрч хамгаалаад байдаг вэ гэвэл би өөрөө буддын шашны судалгаа хийдэг хүн. Монголын төвд судлал, бурхны шашны түүхийг бичихийн тулд заавал Өмнөд Монголын бурхны шашны түүхийг сайн мэддэг байх ёстой. Ингээд би судалж эхэлсэн. Олон жилийн турш судалгаа хийсэн, Өмнөд Монголын бүхий л хошуу, аймгуудаар явсан. Ингэж явахдаа өмнөд монголчууд ямар хувь заяатай, тэд ямар зам туулж байгааг олж мэдсэн. 2012 онд манайд Цэнгэл гэдэг өмнөд монгол залууг шоронд хилсээр хорьсон удаатай. Тэр залуу шоронд 30 хоног өлсгөлөн зарласан. Тэр үед би тэр залууд тусалж, олон нийтийн анхааралд тэр асуудлыг оруулж чадсан. Дараа жил нь Алхаа гэж залуу бас л хоригдсон. Дараа нь Монголоос албадаж гаргадаг. Ингэж Монголоос хөөгдөж гарсан өмнөд монголчууд маш олон. 1990 оноос хойш Монголд элэг нэгтнээ гэж тэмцэж ирсэн 1000 орчим хүн байдаг. Тэднээс цөөхөн нь л Монголд үлдэж, өнгөрсөн хугацаанд олонх нь АНУ, Норвеги, Швед, Герман, Ангнли, Франц руу цагаачилсан. Хүн ямар тэнгэрийн дор амьдрахаа өөрөө шийдэх эрхтэй. Монгол Улс тэдэнд маш харгис хэрцгийгээр хандсан. Одоо ч тэр. 2013 онд Өмнөд Монголын Мэргэн гээд малчин залуу бэлчээр нутгаа хамгаалсныхаа төлөө машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэр үйл явдлын маргааш гэхэд Монголд цагаачлах хүсэлтэй байсан 40 орчим иргэн нэгэн зэрэг АНУ руу гарч байсан түүхтэй. Монгол Улсаас Хятад улсад хүн хүлээлгэж өгнө гэдэг ямар хүнд хэцүү зүйл байдгийг би мэднэ. Энэ арга замыг туулаад гарсан хүмүүстэй бүгдтэй нь ярилцлага хийж байсан. Тэднийг Монгол Улсаас газрын хилээр буюу Замын-Үүдийн боомтоор гаргадаг. Ингэхдээ толгойнд нь хар уут углаж, хөлийг нь дөнгөлөөд, гарыг нь гавлаад туугаад гаргадаг. Ингэж хэлснээрээ би БНХАУ болон Хятадын коммунист намыг буруутгаж байгаа хэрэг биш шүү. Харин Монгол Улсын газар нутаг дээр бид яагаад элэг нэгтнүүдээ хайрлаж хамгаалдаггүй юм бэ. Харин ч эсрэгээр нь хууль хүчний байгууллагынхан дээрэмддэг, тонодог, дарамталдаг. Өмнөд монголчуудыг тонож дээрэмддэг хүмүүс нь гадаадын иргэн харьяат, прокурор, тагнуул, цагдаа орсон бүлэглэл бий болчихсон шүү дээ.

-Яаж?

-Эхлээд хоорондоо бизнес хийж байгаа маягаар ямар ч ашиггүй газар асар өндөр үнээр өмнөд монголчуудад зардаг. Мөнгөгүй байсан ч хүнээс их хэмжээний зээл авхуулдаг. Тэгээд мөнгийг нь авангуутаа Хятадад бариад өгчихдөг, албан гаргачихдаг. Ингээд эзэн холбогдогч нь Монголд байхгүй болохоор зээлдүүлсэн хүмүүс нь хохирч үлддэг. Маш олон янзын аргаар ийм дээрмийг хийдэг.

-Л.Үнэнбаатар гуайг тусгай зөвшөөрөл наймаалцсан ажиллагаанд орчуулагчаар оролцсон гэлээ. Энэ талаар өөрөө ямар нэгэн тайлбар хэлдэг байв уу?

-“Надаас Монголын тал ерөөсөө асуухгүй юм. Зөвхөн Хятадад хүлээлгэж өгнө л гэж яриад байх юм. Уг нь Монголын талаас надад ханддаг бол тусгай зөвшөөрөл яаж замбараагүй худалддаг байсан, ямар авлига явдаг байсан талаар жаахан юм мэднэ” гэдэг байсан. Үүний цаана юу харагдаж байна вэ гэвэл монголчууд бид авлигын төлөө тэмцэж чадахгүй байна. Авлигын талаарх маш үнэтэй мэдээлэлтэй хүмүүсийг ашиглах ёстой байсан. Гэтэл бүр санаатайгаар ашиглахгүйгээр, харин ч дуугарчих вий гэж айгаад маш түргэн хилээр гаргасан явдал боллоо. Монголын хууль шүүх прокурорын хүмүүс одоо ар гэрийнхэнд нь болон өмгөөлөгчид нь албан ёсоор мэдэгдэх байлгүй. Бид ч түүнийг нь хүлээцтэй харж байна. Монгол Улсын Төрийн дуулалд “Даяар Монголын ариун голомт” гэж үг байгаа. Монгол Улс үнэхээр дэлхий даяар тархан амьдарч байгаа хүмүүсийн ариун голомт юм бол энэ ариун голомтоосоо яагаад элэг нэгтнээ буцаадаг юм бэ. Монголын төр, хүчний байгууллага ариун голомт руугаа нүд гэж зүйрлэвэл нүд рүүгээ хуруу чичсэн үйл явдал болж байна. Үүнийг цаашид гар хумхиад суух ажил биш. Өнөөдөр Л.Үнэнбаатар гуайг өгнө, маргааш намайг өгнө, нөгөөдөр чамайг өгч мэднэ. Үүнийг хараад тэсээгүй болохоор Ч.Мөнхбаяр бид хоёр “Монгол хүн монгол хнүндээ тусалъя” гэдэг төрийн бус байгууллага байгуулсан. Эрх нь зөрчигдсөн өмнөд монголчуудад тусалдаг. Л.Үнэнбаатар гуайг нутаг буцаасан үйл явдлыг дэлхий дээр тархан суурьшсан өмнөд монголчууд маш их анхааралтай харж байна. Дээрээс нь манай сэхээтнүүд ч харж байгаа.

Саяхны нэгэн жишээ хэлье л дээ. Хонконгод Л.Үнэнбаатар гуайтай адилхан ийм нөхцөлөөр Хятад руу хүнээ шилжүүлэхгүй гэж нэг сая хүн оролцсон жагсаал хийгээд өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Үүнээс харахад Хонконг ялаад Монгол ялагдаад байна.

Б.ЭНХЗАЯА

 

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 11 сар 05/

    Uher mongolchuud uursdiiguu hamgaalahgui bol ta nariig hench hamgaalahgui herev uursdiiguu hujaanart barij uguud baival ta nariig geh hun ene horvoo deer uldehgui bh shuu

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 04/

    UNENIIG HELJ....AVILGACHIN HUULICHID...

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 04/

    Ene yu bolj baina aa Mongolchuudaa, abligiin hergiin gol gerchiig albadan gargah ni henii tussiin tuld ve? Hyatadad uilchildeg turtei bolchihson yum uu gedegtee bish ih hereg ni ilreh vii gej aisan uchuuhen negen hulgai baigaa da tsaana ni, huuli , hyanaltiin baiguulgiig hudulgudug erh hend bii be?E

    Хариулах
  • Гэрэл / 2019 11 сар 04/

    Би ч гэсэн санал нэг байна.Манай Монголчууд цус нэгтэй хилийн гадна байгаа ахан дүүсээ огт анхаарахгүй юм шиг байдаг.Өвөр монголчууд хазара гэх мэт маш өрөвдмөөр хувь заяатай ахан дүүс маань биднийгаа харж чих тавьж нааш нь цай сүүний хээ дээжийг өргөж байдаг гэсэн шүү.Яаж ийгээд Монголдоо ороод ирс

    Хариулах