Хүүгээ амиа хорлоход хүргэсэн эцэгт хоёр жилийн ял оноов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 03

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн З төрсөн хүүгээ “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсэний улмаас 10 настай Н гэрийнхээ буюу орон сууцны 5 давхарын цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны 12 дугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд “ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.   

 

Сүүлийн үед сэтгэл судлаачид гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүүхдэд амиа хорлох бодол төрж, улмаар оролдлого хийдэг гэдгийг онцлон анхааруулж байгаа.

Иймд хүүхдийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид гээд хүүхэдтэй харьцаж байгаа бүхий л хүмүүс тэднийг сонсож, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг нь ямагт анхаарч байх шаардлагатай байна.  

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх