Хуулийн “цоорхой”-д дагтаршсан цас

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 07

 

2019.12.04, 17.30 цаг. Цирк орчмын талбай

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Уг хуульд үүргийг нь тодорхойлж өгснөөс бус, хариуцлага тооцох тухай тусгаагүй. Зөрчлийн хуульд ч цас, мөсөө цэвэрлээгүй бол торгоно гэх заалт байхгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа ойр орчмын зам талбайн цас, мөсийг цэвэрлэхгүй бол ямар ч хариуцлага тооцохгүй, торгохгүй гэсэн үг. Хорооны хэсгийн ахлагч нар цас, мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжийн удирдлагад сануулга өгч, мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдэхээс өөр зүйл хийж үл чадна. Мэргэжлийн хяналтын байцаагч ч тухайн газарт очоод бас л хугацаатай албан даалгавар өгөхөөс бус, цас цэвэрлээгүй хэмээн торгож чадахгүй.

Хуульд цас цэвэрлээгүй хэмээн торгох заалт үгүй учраас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд сая нэг юм хариуцлага тооцох эрх үүснэ. Тодруулбал, Зөрчлийн хуульд төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд торгоно гэж заажээ. Тиймээс аж ажуйн нэгжүүд цас, мөсийг тэр бүр санаачилгаараа цэвэрлэдэггүй. Хүн халтирч унаж, гэмтэж бэртсэний дараа л цэвэрлэсэн болдог. Гэхдээ энэ нь үйлчлүүлэгч дахин бэртэхээс болгоомжилсон хэрэг биш юм. Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд заасны дагуу хохирогч иргэнд төлбөр төлөхөөс зайлсхийсэн арга гэлтэй. Өнгөрсөн жилийн өдийд нэгэн настан Улаанбаатар төмөр замын өртөөний орох, гарах хэсгийн шатан дээр халтирч унан, гараа хугалжээ. Нас өндөр болсон хүний бэртэл эдгэхдээ удаан байдаг. Эмээ гараа шохойдуулан, сойж, хоёр сар гаруй шаналсан гэсэн. Гэхдээ хууль эрх зүйн мэдлэггүй тул УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ямар нэг төлбөр мөнгө нэхэлгүй өнгөрчээ. Өдгөө гар нь байнга янгинаж өвддөг аж. Аж ахуйн нэгжүүд гаднах зам талбайгаа цэвэрлээгүйгээс иргэд энэ мэтээр хохирдог. Энэ бол наад захын л асуудал. Хариуцлагагүй байгууллага цас, мөсөө цэвэрлээгүйгээс илүү ноцтой гэмтэл бэртэл гарч байсан жишээ захаас аваад бий.

Үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хангах, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд ойр орчмынхоо 50-хан метр газрыг цэвэрлэж болно оо доо, уг нь. Нийслэлд өнөөдрийн байдлаар 20 000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэх. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр, тэдгээрийн 4000 нь гаднах талбайн цасаа цэвэрлэдэг аж. Дийлэнх нь цасаа цэвэрлэхгүй, дагтаршиж, мөсттөл нь байлгадаг. Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээг нарийвчлан хүргэж буй. Аль сард, хэдний өдөр, хэдэн цагт цас орохыг бүр нарийвчлан мэдээлдэг болсон. Тиймээс бэлтгэлтэй байж, цасыг дор нь шүүрдээд цэвэрлэчих боломжтой санагдах юм. Уг нь, өөдлөх айл үүднээсээ гэж монголчууд ярьдаг. Байгууллага үүд хаалгаа тордож, ойр орчмоо цэвэрлэж өнгө засаж байж үйлчлүүлэгч татагдаж, орлого нь өсдөг байлтай. Тиймээс цас цэвэрлэнэ гэдэг хотын хэн нэг дарга даамалд зориулсан ажил бус, өөрийн эрх ашигт л нийцүүлж буй үйлдэл шүү дээ.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Аж ахуйн нэгжүүд орчиндоо цэвдэг хандаж байна

Аж ахуйн нэгж, байгууллагууд гаднах талбайнхаа 50 хүртэлх метр хэсгийг цэвэрлэх үүрэгтэй. Ингэснээр иргэд аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд үүргээ биелүүлж буй, эсэхийг сурвалжиллаа.

Үдийн нар үүд рүү нь тусдаг барилгуудын урдах талбай цасгүй, зарим хэсэгт мөс тогтжээ. Харин сүүдэртэй, газрууд цас, мөстэй, хальтиргаа ихтэй аж. Зарим аж ахуйн нэгж зөвхөн хүн явах хэсгийн цасыг цэвэрлээд хоёр талд нь овоолчихож.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюуны ундраа” группийн байр орчмын Арслантай гүүрний шат мөстөж, эвгүй гишгэвэл халтирахаар болжээ. Байрны баруун буланд байрлах “Немодент” шүдний эмнэлэг, “Монгол эм импекс концерн” эмийн сангийн үүд ч цастай харагдав. Тэдгээр аж ахуйн нэгж яагаад гаднах талбайгаа цэвэрлэхгүй байгааг лавлалаа. “Немодент” эмнэлгийн захирал Б.Ням-Од “Манайх “Оюуны ундраа” группийн байрны хэсгийг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Эндхийн ажилчид хоорондоо зохицон, 14 хоногт нэг удаа гаднах талбайгаа цэвэрлэдэг. Харин цас орвол “Оюуны ундраа” группийн цэвэрлэгч арилгах ёстой” гэв. Харин “Оюуны ундраа”-гийн угтагч, үйлчлэгч нар “Их цэвэрлэгээнд эмнэлгийнхэн оролцдоггүй. Үүднийхээ цасыг цэвэрлэ гэж хэлэхээр “Өөрсдөө хий” гэдэг. Уг нь хүрз, шүүр зэргийг манайхаас гаргаж, түрээслэгч байгууллагын ажилчид их цэвэрлэгээнд хамрагдах ёстой” хэмээсэн юм. Мөн зохион байгуулагч эмэгтэй “Цасыг 14 хоногт нэг удаа ээлжилж цэвэрлэхээр түрээслэгч эмнэлгийн захиралтай тохиролцсон. Манайх өмнөх долоо хоногт цэвэрлэсэн. Энэ удаа эмнэлэг, эмийн сангийнхан хариуцах ёстой” гэв.

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө 2” кинотеатрын үүдний хэсгийн талбай халтиргаатай, шат нь цастай, ойрд цэвэрлээгүй янзтай харагдав. Зохион байгуулагч бүсгүй “Цас орвол манай хамгаалагч, үйлчлэгчид цэвэрлэдэг. Сар бүрийн 15-нд түрээслэгч байгууллагын ажилтнуудтай хамтран нийтийн их цэвэрлэгээ хийдэг. Гаднах цасыг яг одоо ажилчдаа гаргаад цэвэрлүүлчихье. Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан даалгаврын дагуу цас цэвэрлэснээ гэрэл зургаар баталгаажуулж, хороо руу илгээдэг” гэлээ. Тус албан даалгаварт байгууллагууд цас цэвэрлэх төхөөрөмжөө сайжруулах, өнгөрсөн сарын 20-ноос ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг тогтмол арилгаж, сар бүрийн 15, 25-нд дүүргийн ЗДТГ-т зургийг нь илгээх тухай тусгажээ.

Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх “Марал”, “Тэмүүлэн” дэлгүүрийн дундах замд халтиргаа үүсжээ. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арк” хүнсний дэлгүүрийн үүдний хэсэг цэвэрхэн, харин хоёр талд нь цас овоолсон харагдав. Худалдагч нь “Би ганцаараа ажилладаг. Цасаа цэвэрлэж дийлэхгүй нь. Гэтэл урд талын “Миракл” эмнэлгийнхэн цасаа манай хашаа руу давуулаад хаячих юм” гэлээ. Өнөөх эмнэлгийн харуул “Ганц эмэгтэй цасаа цэвэрлэж хүч хүрэхгүй болохоор хоёр тийш нь түрээд орхичихдог юм билээ. Бид цас цэвэрлээд хашааныхаа буланд овоолдог. Тийшээ аваачиж хаях завтай хэн байх вэ. Манай харуулууд цэвэрлэчихдэг” хэмээв. Ямартай ч эдгээр аж ахуйн нэгжийн овоолсон цас нь нийлжээ.

Цасаа цэвэрлээгүй байгууллагынхны хэлдэг нийтлэг хариулт нь “Манайх цэвэрлэдэг, тэднийх оролцохгүй байна”. Амьдарч буй орчиндоо ингэж хүнийрхүү сэтгэлээр, цас, мөс шиг хүйтэн ханддагаа бид хэзээ болих улс вэ.

Бэлтгэсэн: Б.Уянга

С.Батбаатар: Зам, талбайн үйлчлэгч, жолооч нар бэлэн байдалд ажиллаж байна

Өвөл эхэлснээс хойш цас гурван удаа их хэмжээгээр орсон. Цас орсны дараа хотын гудамж, зам талбай мөсөн гулгуур болдог. Нийслэлийн Хот тохижилтын газрын дэд дарга С.Батбаатартай цас, цэвэрлэгээний талаар ярилцлаа.

-Цасыг цэвэрлэж, зайлуулахад хүндрэл учирч байна уу?

-Манай байгууллагын хэмжээнд 500 орчим хүн зам, гудамж талбайд ажиллаж, цас, мөс цэвэрлэж байна. Аравдугаар сард Баянхошуу, Толгойт орчмоор цас орсон. Арваннэгдүгээр сарын 11-нд бас цас орсон. Уржигдар их хэмжээний цас орсон. Зам талбайн үйлчлэгч, жолооч нар бэлэн байдалд ажиллаж байна. Цас орсон даруйд жолооч нар авто замд бодисоо цацчихдаг. Ажилчид маань явган хүний замыг эхэлж цэвэрлэдэг. Авто замын цас бодист хайлсны дараа хөлдөхөөс нь өмнө машинаар шүүрддэг. Давс, бодистой цасыг мод, сөөг рүү овоолж, болохгүй. Давс цацаагүй хэсгийн цасыг ногоон байгууламжтай хэсэг рүү хийдэг. Цас цэвэрлэхэд нэг их хүндрэл гардаггүй.

-Гудамж талбай цастай байна гэсэн гомдол тасардаггүй шүү дээ?

-Иргэдээс “Манай байрны ойр орчмыг цэвэрлэсэнгүй” гэх мэт гомдол ирдэг. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Хог хаягдлын тухай хуульд зааснаар орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх ёстой.

-Цас цэвэрлэх багаж техник хүрэлцээтэй юү. Нэг хүн хэчнээн ам метр талбай хариуцаж ажилладаг вэ?

-Манай байгууллага 50-60 машин, техник хэрэгсэлтэйгээр цас цэвэрлэдэг. 17 машин нь бодис цацах зориулалттай. Цас орсон үед 03.00 цагт явж бодисоо цацдаг. Бусад үед 06.00 цагт ажил эхэлдэг. Манайхан Улаанбаатар хотын хэмжээнд 160.9 км зам хариуцаж цэвэрлэдэг. Энэ замд Энхтайван, Чингис, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг хотын төвийн том гудамж ордог. Жолооч, үйлчлэгч нар хариуцсан гудамж, талбайтай. Замын өргөн, нарийн, явган замаас тухайн бүсэд байгаа байгууллага хүртэлх зайнаас шалтгаалж, тэдний цэвэрлэх талбай өөр. Тохижилт хийсэн, хийгээгүй талбай, ногоон байгууламжтай, байгууламжгүй хэсэг гээд цэвэрлэхэд өөр арга барил, багаж шаардана. Манайхан цас орсон тухай бүр нь шуурхай цэвэрлэдэг. Алслагдсан буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн авто замын цасыг бид цэвэрлэхгүй. Тэдгээр замд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхантай гэрээ хийсэн компаниуд цэвэрлэдэг. Бас орон сууцны болон гэр хорооллын дундах авто замыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийтлэг үйлчилгээний газрууд хариуцаж ажилладаг.

-Цас хайлуулах давс, бодис хүрэлцээтэй юү?

-Энэ онд цас, мөс хайлуулах 1758 тонн бодис, 624 тонн давс нөөцөлсөн. Энэ нь нэг өвлийн хэрэгцээнд хангалттай, бүрэн хүрэлцэнэ. Одоогоор 655 тонн бодис, 20 тонн давс хэрэглэсэн байна. Цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, ажилтайгаа уялдуулж ажилладаг. Бэлтгэл ажлаа сайтар хангасан. Дөрөвдүгээр сар дуустал бид бэлэн байдалд ажиллана.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх