Сургаар сонссон мэдээллээ сурах бичигт наасаар байх уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 24

Соёл, өв, уламжлал, бахархлын тухай бүлэг, сэдвүүдийг баримтын алдаатай боловсруулж, сурах бичигт оруулсныг зургаас харна уу. Дорнын хөгжмийн зэмсгүүдийг монгол үндэснийх гэж оруулсан. Морин хуурын зураг нь Өвөр Монголынх. 40 мянган жилийн тэртээх археологийн олдвороор нэн эртнийх хэмээгддэг лимбэ хөгжмийг Монголын хоньчин, хургачин хүүхэд бүтээсэн мэтээр оруулж. Хөгжмийн зэмсгээр дамжуулан хүүхдүүдэд олгох түүхийн мэдлэг энэ мэтчилэн “түүхий” байна.

“Улс үндэстнийг устгахад атомын бөмбөг, эсвэл алсын тусгалтай пуужин ч хэрэггүй. Зүгээр л боловсролын системээр нь оролд, үр дүн нь маш тодорхой. Барилга байгууламжууд нь инженерүүдийнхээ нүдэн дээр нурж, өвчтөнүүд нь эмч нарынхаа гарт үхдэг” гэх айхавтар сургамж үг бий. Боловсролын систем нь нуран унасан, бодлогоо тодорхойлж, барьж чаддаггүй манайх шиг улсад тохирох зүйрлэл мэт санагдав. Учир нь Монголын боловсролд харийнхан гар дүрээгүй ч хамгийн аймшигтай нь, бид өөрсдөө энэ салбараараа тоглож, “оролдож”, үр дүнг нь амссаар иржээ. Ерөнхий боловсролын сургуульд заалгасан мэдлэг нь амьдралд тусаа өгдөггүй, оюутнууд нь зөв бичиж чадахаа байсан, эзэмшсэн мэргэжил, чадвар нь ажил дээр гараад гологддог гээд манай шат шатны боловсролын байгууллагуудын сургалтын чанар хэр муудсаныг “хэлээд” өгөх жишээ мундахгүй.

Эх хэл, соёл бол тухайн үндэстний хамгийн чухал үнэт зүйл байдаг. Харин бид эдгээр үнэт зүйлээ үгүй хийхэд ойрхон болсныг эрдэмтэн, судлаачид энэ цагт сануулж байна. Одоо мөрдөж буй ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, түүний дагуу зохиосон сурах бичгүүдээр өнөөгийн багачуудад мэдлэг, мэдээлэл олгоно гэдэг тун ч ярвигтай болоод буй. Сэдэв, эх, дасгал, даалгаврууд нь ойлгомжгүй, агуулга нь сургалтын хөтөлбөртэйгөө зөрдөг, үг, үсэг, найруулгын түмэн алдаатай зэрэг сурах бичиг боловсруулах үйл явцад гарсан, гарч буй алдаа завхралуудыг “Өнөөдөр” сонин хөндсөөр ирсэн. Цаашид ч алдаа мадгийг нь засах хүртэл хүүхдүүдэд мэдлэг өгөх үүргээ “умартсан” сурах бичгүүдийг энэ мэтчилэн “задалж”, зарлана.

Дэлхийн боловсролын хамгийн сүүлийн үеийн системийг хоёрхон ангилж байна. Тархины, зүрхний боловсрол гэж. Манайхаар бол сургалтын байгууллагуудын сунжирсан агуулга, заавал үзэх ёстой гэх уйтгартай сэдвүүд, дааж давшгүй их гэрийн даалгавар зэрэг нь тархины боловсролдоо хамаардаг. Харин зүрхнийх нь хэл, соёл, өв, уламжлалаа хайрлан хамгаалах, өвлүүлэх, хүнлэг, энэрэнгүй байх, эцэг, эх, ахмад үеэ хүндлэх, нийгэмд үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлах ёстойг заадаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх