Сурагчид гурван долоо хоногийн турш бямба гаригуудад хичээллэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 06 ・ 2

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийт таван долоо хоног сурагчдын хичээлийг түр зогсоож, хөл хорио тогтоосон билээ. 

Тэгвэл сурагчид уг хөл хориог тавигдахаар гурван долоо хоногийн турш бямба гаригуудад хичээллэж хичээлээ нөхөхөөр болов.

Энэ талаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "Таван долоо хоног сурагчдын хичээл завсардаж байгаа. Таван долоо хоногийн нэг долоо хоног нь цагаан сарын албан ёсны амралт учраас цаана нь төлөвлөгдсөн дөрвөн долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа гэсэн үг юм. Тиймээс нэг долоо хоногийг сурагчдын гуравдугаар улирлын амралтаас авч шийдсэн. Тухайлбал, нийслэлийн сурагчид хоёр долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид гурван долоо хоног амрах ёстой байснаас нэг долоо хоног хасагдаж байгаа юм.

Үлдсэн гурван долоо хоногийг гуравдугаар сарын Бямба гаригуудад хичээллэх байдлаар шийдсэн. Харин үлдсэн хоёр долоо хоногийн хичээлүүдийг телевизийн хичээл байдлаар агуулгын зохицуулалт хийлээ. ЕБС-ын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээл хоёрдугаар сарын 3-наас улс орон даяар эхэлсэн. Өөрөөр хэлбэл хоёр долоо хоногийн хугацаанд телевизийн хичээл орно. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид гуравдугаар улиралд ямар хичээл, агуулга судлах ёстой тэр агуулгуудыг боловсролын хүрээлэнгээс баталж, телевизийн хичээл байдлаар сурагчдад зааж байгаа" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: