Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарлан хянаж байгаа гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 07 ・ 1

Өнөөдөр Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өнөөдөр /2020.2.7/ шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэрээ Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу короновирус илрээгүй гарсан гэв.

Мөн Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна зургаан хүнийг ХӨСҮТ-д, Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарлажээ.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шинэ коронавирусийн 31436 тохиолдол, 638 нас баралт, 3474 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын 70 хувь нь Ухань хотод гарч байна. ДЭМБ нь шинэ коронавирусийн халдварыг хязгаарлах хариу арга хэмжээг авах зорилгоор 675 сая ам.долларын стратеги төлөвлөгөөг гаргасан. Энэ ажлын хүрээнд Япон зэрэг орнууд хандив өгч эхлээд байна. Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны төлөөлөлтэй видео хурал хийж, нөхцөл байдлын талаар санал солилцсон. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 11, 12-нд коронавирусийн судалгааг уялдуулах зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн шинжилгээний хариунууд бүгд сөрөг буюу хэвийн гарсан. Өчигдөр /2020.6/ ХӨСҮТ-д зургаан иргэнийг тусгаарласан. Аймгуудын хувьд Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан, шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирээд байна. Хамгийн гол нь анхаарлаа сулруулж болохгүй, маскаа тогтмол зүүж, олон хүн цугласан газраар явахгүй байхыг хичээгээрэй” хэмээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: