Ж.Эрхэмбаатар: Авлигатай тэмцэх тогтолцоо үндсэн хуулийн зөрчилд орох эрсдэлтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 12 ・ 1

Хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах органик хуулиуд хийгдэж эхэлсэн үү. Нийт хэчнээн органик хууль дагаж гарах вэ?

-УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж батлах процесс гурван парламент дамнан хэлэлцэж, тасралтгүй хэлэлцүүлэг, мэтгэлцээн дунд өрнөж байж батлагдлаа.

Олон эрдэмтэн судлаач, улстөрчдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн гарцаагүй мөн. Монгол Улсын төрийн байгуулалт, нийгмийн харилцаанд томоохон шилжилтийг хийсэн. 2019 оны зургадугаар сард УИХ-ын 62 гишүүний санаачлан, өргөн барьсан төсөл хэлэлцэх төсөл болж явсан. Өргөн барьсан төсөлд ялангуяа шүүх засаглалын бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлд олон чухал өөрчлөлтүүд тусч, их хүлээлт үүсгэсэн. Харамсалтай нь эдгээр заалтууд хэлэлцүүлгийн явцад унасан. Шүүх засаглалыг хараат бус бие даан ажиллуулах улс төрийн хүсэл зориг байхгүйг харлаа. Энэ бас л нэг үр дүн. Гэсэн хэдий ч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 19 зүйл, 36 заалтыг хөндөж УИХ, Засгийн газар, Шүүх, орон нутаг, байгалийн баялгийн өгөөжийг хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний харилцааг хөндсөн олон чухал өөрчлөлт орсон. Уг нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр болно. Энэ өдрөөс Монгол Улс цоо шинэ эрх зүйн орчин руу алхаж орж байгаа юм. Энэ шилжилт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас ч илүү амаргүй байх болов уу. Хэдийгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан ч түүнийг даган гарах, өөрчлөгдөх хуулиудыг боловсруулах ажил огт хийгдэхгүй байна. Органик хуульд орох шаардлагатай өөрчлөлтүүдийг нэн даруй хийхгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн гарахгүй. Харин ч Үндсэн хуулийн хямралд хүргэчих вий гэсэн болгоомжлол байна. Үндсэн хуульд суурь зохицуулалт, үзэл санааг тусгадаг. Түүний хэрэгжилтийг хангах зохицуулалтыг салбарлан гарах бусад хуулиудаар бий болгодог. Энэ ажил хийгдэхгүй бол тавдугаар сарын 25-наас хойш органик хуулиуд Үндсэн хуультай зөрчилдөж, хэрэглэх боломжгүй болно. Нэг жишээ дурдъя. Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй байхаар тусгасан. Тэдгээрийг томилох процессыг органик хуулиар шийднэ. Одоогийн эрх зүйн орчноор таван гишүүнтэй байгаа. 2020 оны тавдугаар сарын 25-наас өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгохгүй бол ШЕЗ шүүх засаглалын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргээ хэрэгжүүлэх бололцоогүй болно. Иймээс энэ ажлыг УИХ-аас нэн даруй зохион байгуулж, холбогдох хуулиудыг батлах шаардлагатай байна. Энэ ажлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан энэ УИХ өөрөө хийх ёстой гэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.

-Ямар үндэслэлүүд байна вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг тодорхойлж, томьёолж, нэг бүрчлэн хэлэлцэн, батлах хүртэлх бүх процесст энэ бүрэлдэхүүн оролцсон. Нэмэлт, өөрчлөлтийн зүйл заалт, томьёололын ард ямар утга агуулгыг илэрхийлж баталсан, органик хуульд хэрхэн тусгалаа олох үндсэн концепцыг урласан хүмүүс. УИХ-ын дараа дараагийн бүрэлдэхүүн улс төрийн болон бусад хүчин зүйлээс хамаарч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа саармагжих, агуулга алдагдах, үндсэн концепцоосоо хазайх эрсдэл байна. Хоёрдугаарт, энэ удаагийн УИХ нэг нам илүү давамгайлсан гишүүдтэй байснаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадсан. Ойрын хугацаанд нэг нам давамгайлах магадлал тун бага. Олон намаас бүрдсэн УИХ-аас батлагдах хууль 39-өөс дээш саналаар хууль батлах босгыг давахгүй байх эрсдэл үүснэ. Гуравдугаарт, аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад энэ хуулийн томьёолол Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар мэтгэлцээн үүсдэг. Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг тодорхойлохдоо Үндсэн хуулийн тухайн заалтыг ямар агуулга үзэл санаагаар баталж байсныг Үндсэн хууль хэлэлцэж байсан протоколыг хүртэл харах шаардлага үүсдэг. Тиймээс үндсэн үзэл санааг тодорхойлж, баталсан гишүүд өнөөдөр саналын эрхтэй, бүрэн эрхээ хэрэгжүүлээд сууж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн дүүрэн хийж дуусгахгүй бол Үндсэн хуулийн шинэчлэл замын голдоо таг гацсан байдалтай байна.

Үүсч болох үр дагаврын талаар дахин нэг жишээ дурдъя. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд чамгүй ахиц гарсан. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заасан эрх мэдлээс гадна, нэмж 50 орчим хуулиар эрх мэдэл нэмж өгснийг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтад нийцүүлэн бүгдийг хүчингүй болгох ёстой. Энэ ажлыг яаралтай зохион байгуулахгүй бол наадмаар түрүүлсэн бөхдөө цол өгч ч чадахгүй байдал үүсэх вий. УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдолтой цаашид хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх ажил зохион байгуулах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолоор ерөнхий төлөвлөгөө гарсан боловч чамлалттай байна. Ийм тогтоол гарснаас өөрөөр бодитой ажил хийгдээгүй.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг хэн санал болгох нь хуульд тодорхой зааж өгөөгүйгээс болж Үндсэн хуульд заасан ШЕЗ 10 гишүүнтэй ажиллах эсэх нь эргэлзээтэй болох уу?

-Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд зааснаас өөр, нэмж эрх мэдэл олгохгүй байх хязгаарлалт тогтоож өгсөн. Энэ заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамгийн чухал заалт. Ийм хязгаарлалт тогтоосноор өмнө дурдаж байсанчлан 50 орчим хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл олгосон заалтыг хүчингүй болгоно. Мөн тэр эрх мэдлийг хэнд, хаана өгөх вэ гэдгийг ч шийдвэрлэх ёстой болно. Үүний нэг жишээ нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр таван гишүүнтэй, Ерөнхийлөгч ерөнхий зөвлөлийн гишүүн, даргыг томилдог байсан бол гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, томилгоонд Ерөнхийлөгч огт оролцохгүй болсон. Тавдугаар сарын 25-ны өдрөөс хойш Ерөнхийлөгчийн томилсон таван гишүүн цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлж болох уу, үлдсэн таван гишүүнийг хэрхэн бүрдүүлэх, даргаа хэрхэн дотроосоо сонгох вэ, зэрэг асуултууд хариултгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа зогсох гээд байгаа юм.

Мөн түүнчлэн үүсч болох бас нэг сөрөг үр дагаврыг дурдах нь зүйтэй болов уу. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аас баталдаг. Энэ заалт Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 33.4 дэх заалттай зөрчилдөнө. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг Үндсэн хуульд нийцүүлэхээс гадна тус заалтыг үндэслэн томилогдсон дарга, дэд даргын томилгоог дахин хийх шаардлага үүснэ. Тэгж чадахгүй бол авлигатай тэмцэх тогтолцоо удирдлагагүй болж зогсох аюултай. Тиймээс АТГ-ын дарга, дэд даргын томилох эрх зүйн орчныг нэн яаралтай шийдэх ёстой.

-Одоогийн Ерөнхийлөгч 2021 онд дахин нэр дэвших эрхтэй юү?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 наснаас дээш, зургаан жилээр нэг удаа сонгогдохоор заасан. Хамгийн чухал өөрчлөлт нь 33.4-т Үндсэн хуульд зааснаас өөр эрх мэдэл нэмж өгөхгүй гэх хязгаарлалт орсон болохыг дээр дурдлаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ийнхүү хязгаарлах шаардлага үүссэн нь үе үеийн Ерөнхийлөгчид тэдгээр эрх мэдлээ ашиглан Засгийн газартай гүйцэтгэх эрх мэдлийг булаацалдах, УИХ-д өөрийн нөлөөллийг тогтоох “тулаанд” орчихдогоос болсон. Энэ байдал одоогийн Ерөнхийлөгчийн үед маш хурц илэрч байна. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн дараа жил, түүний оролцоотой Засгийн газрыг огцруулдаг “чөтгөрийн тойрогт” орчихсон. Үүнийг хязгаарласан. Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхтэй байгаа. Тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр болох Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн нэг л сонгогдоно. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн хувиар 2021 оны сонгуультай золгох юм. Нэг л удаа Ерөнхийлөгч ажиллаж болох хуулийн хязгаарлалт энэ удаагийн Ерөнхийлөгчид хамаарах эсэх маргаан үүсэх байх.

Хэлэлцүүлгийн явцад одоогийн Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, хоёр сонгогдох бололцоог нь олгох үүднээс уг заалтыг 2025 оноос үйлчилхээр заасан төсөл орж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг өөрчилж энэ оны тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр болсон. Шинэ эрх зүйн орчны хувьд дахин нэг удаа нэр дэвших эрх нь хадгалагдаад явах ёстой. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй гэсэн үг.

 

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: