Төрдөө долоон жил хаягдсан “Ганцын ам”-ныхан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 14 ・ 8

Нийслэлд хаяггүй амьдарч байгаа өрх олон. Гэрийнхээ хаягийг барагцаагаар зааж өгч, төрийн үйлчилгээг ах, дүү нарынхаа хаягаар дамжуулж хүртдэг, шөнө дөлөөр хүүхэд нь өвдөхөд гэртээ аргацааж, маргааш нь нэг хаяг олж, чадвал эмнэлгийн үйлчилгээ авдаг хүмүүс нийслэл хотод амьдарч байна гэвэл та итгэх үү. Төрийн үйлчилгээ гэж юу байдгийг, хаана ямар хороонд амьдарч байгаагаа ч хэлж мэдэхгүй 450 өрх Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байна. 
450 айл бий гэсэн тоог 2015 онд гаргасан гэдэг. Тэгэхээр энэ нь бас л албан ёсны тоо биш гэсэн үг. Гэсэн ч тэндэхийн иргэд шаардлагатай бол түргэн тусламж, гал команд, цагдаагийн машин тосож гүйсээр хэдийн дассан. Амьдарч байгаа хашаа нь дугааргүй, тодорхой заасан хэсэг, гудамжгүй учраас гэрийнхээ хаягийг зүг чигийн баримжаагаар зааж өгсөөр өнөөг хүрсэн.

Задгайгийн хэсэг гэдэг тодотгол нь тэдний аминд орох нь олонтаа. Амьдарч байгаа нутаг дэвсгэр нь Баянзүрх дүүргийн XXI хорооных ч, газар дээр нь байгаа иргэд уг хороонд хамаардаггүй нь сонин. Мөн хорооны байрнаас 400-хэн метрийн цаана амьдардаг хэрнээ ямар ч хаяггүй нь хачирхалтай. Тодорхой хаяггүй учраас Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэж чаддаггүй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд л гарцаагүй Засаг даргын тодорхойлт авч байж Өрхийн эмнэлэгтээ үзүүлдэг гэнэ. Энэ 450 айл дунд хүнсний талон, хорооноос өгч байгаа бусад тусламжийг авдаг айл ганц ч үгүй гэсэн. Хэсгийн ахлагч ч үгүй хэсэгт амьдарч байгаа айлууд юу ч хүртэх вэ дээ.

ТЭД ГУРВАН КИЛОМЕТР АЛХАЖ, АРАВ ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР УС АВДАГ

“Ганц худаг нэртэй автобусны эцсийн буудлаас хойш тэргэн дээр гурван хуванцар савтай ус тавин түрж, цасан шуурга сөрөн алхаж буй эрийг Т.Нэргүй гэдэг. Холоос ус түрж яваа нь илт, хашааны буланд хоёр чихээ барьж, нүүрээ хаа нэг гараараа халхалж, хэсэг амсхийж байхад нь түүнтэй таарав. Тэрбээр “Манай энэ хавийн айлууд хаяггүй. “Ганцын амны задгай”-гийнхан л гэсэн тодотголтой долоон жил амьдарч байна. Манайх автобусны буудал, дэлгүүр хоршоо, худаг гээд ахуйн үйлчилгээний газруудаас нэлээн зайтай. Худаг л гэхэд бараг гурван километр явж байж хүрнэ. Өглөө эрт очвол 20 литрийн савтай усыг 150 төгрөгөөр, үдээс хойш 200 төгрөгөөр худалдаж авдаг. Зөөврийн устай худаг учраас ийм үнэтэй. Жилийн өмнө улсын өндөр хүчдэл залгаж, цахилгаантай залгасан. Тэрнээс хамгийн урд захын айлуудаас тог дамжуулаад авдаг байлаа. Тэр нь зурагт ч үзэж болохооргүй, хүчдэл багатай байсан” хэмээв. Харин бидэнтэй зөрсөн хоёр жаал хүү “Худаг устай байна уу” гэж асуугаад төмөр тэргээ тачигнатал түрээд гүйж одов.

ТҮРГЭНИЙНХНИЙГ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭРЭЭС ТОСДОГ 

“Задгай” гэсэн тодотголтой айлуудын урд талаасаа 15 дахь гудамжны эхний айлд оров. 65 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр сургууль, цэцэрлэгийн насны бололтой гурван хүүхэдтэйгээ байлаа. Эднийх энд таван жилийн өмнө нүүж иржээ. Анх нүүж ирэхдээ хамгийн хойд эгнээний айл болж байсан аж. Харин одоо дунд хэсэгтээ багтдаг болжээ. Гэрийн эзэн Баянмөнх гуай хоёр жилийн өмнө өнчин тархины хавдартай болж, хагалгаанд орж, нэг нүд нь хараагүй, нөгөө нь бүдэг хардаг болсон гэнэ. Хавдартай учраас байнга бие нь өвдөж, түргэн дууддаг аж. Энэ талаар тэрбээр “Хаяггүй айл чинь ёстой хэцүү. Хавдартай байх бүр ч хэцүү юм. Шөнө дунд бие өвдөөд, унтаж чадахгүй. Тэвчээд, тэвчээд нэмэргүй. Яах аргагүй түргэн дуудах болно. Манайх өмнө нь XXI хороонд албан ёсны хаягтай, хашаатай байсан юм. Түүнийгээ зараад энд нүүж ирсэн. Тэр хаягаараа л түргэн дуудаж, гарлаа гэж хэлэхэд нь, автобусны буудал дээр тосоод нааш авчирна. Хэрэв түргэнээс хоцорчих юм бол хуурамч дуудлага өгсөн гээд сүйд болно. Би гэртээ татаж унах нь холгүй, гурван хүүхэдтэйгээ үлдэнэ. Харин эхнэр харанхуй шөнөөр түргэнийхнийг тосох гээд гүйнэ. Ийм л байдалтай хоёр жилийг өнгөрөөлөө. Сүүлдээ түргэн ч мэддэг болсон доо. Хуучин хаягаараа  тэтгэвэр, хүүхдийн мөнгөө авч байна. Уг нь зайдгайгийн айлууд XXI хороонд харьяалагдах ёстой. Гэтэл манай энэ хэсэгт хэсгийн ахлагч ч байхгүй. Сонгуулийн үеэр олон хүн холхиж, албаны хэдэн хүн орж ирдэг. “Саналаа манайд өгөөрэй. Бид хаягтай болгож, газрын гэрчилгээг чинь гаргаж өгнө” гэж хэлдэг. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 15/

    Oron nutagaas svvliin 10 jil orj irsen irgedees tatvar avie

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 15/

    Хөдөөний gesen nertei amidral hezvv yaduuchuud l tend amidrch ih hotod amidarch chadahgui zailzgaa

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 15/

    Иймрхүү асуудал дээр нь сонгуулийн үер луйварчид /нэр дэвшигчид/ их шоу хийдэг байх даа.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 15/

    Монгол улсын иргэд тэгш эрхтэй. Хаягжуулж дэд бүтэцтэй болоход нь засаг захиргаа ИТХ анхаарч ажиллах ёстой. НЗДТГ шалгаж ажлаа хийдэггүй дүүрэг хорооныхонтой хариуцлага тооцох хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 14/

    Хариулах
  • зочин / 2020 02 сар 14/

    Хот руу улсынхаа хүн амын ихэнхийг оруулсан улс төрчдийн балаг.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 14/

    МАШ ЗҮВ

    Хариулах
  • bat / 2020 02 сар 14/

    Хотын иргэнийг татвартай болгомоороо татвараа төлсөн нь амьдраг төлөөгүй нь хөдөө нүү өөр ямар гарц байна

    Хариулах