Хурал хойшлуулдаг, хуудуутай өмгөөлөгч олшров уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 20 ・ 5

90 гаруй жилийн түүхтэй, 2300 орчим гишүүнтэй өмгөөлөгчдийн байгууллага тэднийхээ мэдлэг, чадвар, төлөвшилд анхаарах цаг болжээ. Иргэд эрх зүйн наад захын мэдлэггүйг далимдуулан зарим өмгөөлөгч тэдний зовлонгоор тоглож, улмаар шүүх эрх мэдэлд нөлөөлөхийг эрмэлзэх болсон нь ийн бичихэд хүргэв. Гэхдээ дээрх бусармаг үйлдэл хуулийг ягштал баримтлан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалдаг шударга өмгөөлөгч нарт хамаагүй гэдгийг нийтлэлийнхээ эхэнд зориуд онцолъё. Гагцхүү үйлчлүүлэгчээс мөнгө авч, мөрдөгч, прокурор, шүүгчид нөлөөлнө, хэргээс мултална хэмээн худал хэлж, иргэдийн итгэлийг нь эвддэг хуульч нэртэй худалч нөхдийн асуудал хэрээс хэтэрснийг хөндөж буй. Тэд хавтаст хэрэгт цугласан баримтад үндэслэн яллагчийн эсрэг зогсож, нотлох баримтуудаас өмгөөлөх, цагаатгах боломжтойг нь түүвэрлэж, бусад ижил төстэй хэрэгтэй харьцуулан, шаардлагатай бол олон улсын гэрээ, конвенц судалж ажиллах ёстой. Нөгөөтээгүүр, зөвшөөрсөн арга хэрэгслээр, хуулийн хүрээнд боломжит бүх аргыг ашиглаж өмгөөлөл хийхийг хууль тогтоомжид цагаан дээр хараар бичсэн байдаг.

Гэтэл өмгөөлөгч нар сүүлийн жилүүдэд хууль, дүрэм зөрчин, ялалт байгуулж л байвал юу ч хийхээс сийхгүй болсныг олон нийт шүүмжилж, дургүйцэх болов. Өмгөөлөгчид юм л бол хэвлэлийн хурал зохион байгуулж, хавтаст хэрэгт цугласан баримтыг задалж, эс бөгөөс хэрэгт хамааралгүй элдэв зүйл ярьж, нийгэмд прокурор, эсвэл шүүгч нар асуудалтай гэх ойлголт төрүүлж, улмаар шүүх эрх мэдэлд нөлөөлөхийг илт санаархаж байна. Түүгээр ч үл барам зарим өмгөөлөгч шүүхийг үл хүндэтгэж, шүүх хурал мэтгэлцэх журмаар явах ёстой атал хавтаст хэрэгт байхгүй, тэс хөндлөн зүйл ярьж, хуулийг гуйвуулан, хэрүүл хийж, маргалдах болсон ч гэх. Үүнээс гадна үйлчлүүлэгчээсээ хэт их төлбөр нэхэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө, ялгүй үлдээнэ гэх мэтээр худал хэлдэг болсон талаар иргэд шүүмжилдэг. Үйлдэл нь камерт бичигдсэн, олон гэрчтэй, ул мөр ихтэй, мултрах найдваргүй хэрэгт ч өмгөөлөгчөөр оролцож, “Хэрэгсэхгүй болгоно, ялгүй үлдээнэ” гэж амлах явдал бий. 

Үнэхээр найдваргүй, эрх зүйн ямар ч гаргалгаа байхгүй атал ийн амладаг нь хуулийн засаглал мөнгөний засаглалаас хүчгүй болсны илрэл. Ийм атал иргэд байнга хэвлэлийн хурал хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уран цэцэн үг хэлсэн хуульч нэртэй худалчийг даган хошуурах болсон. Тэр хэрээрээ хохирол амсах нь бий. Хуульчийн мэргэжлийн дүрэмд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэргийн талаар мэдээлэл задруулж болохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нар ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргахгүй байх үүргийг эл дүрмээр хүлээдэг. Гэвч зарим нь ийм дүрэм журамгүй мэт аяглах. 2017 онд өмгөөлөгч нарт хууртаж хохирсон иргэд мэдээлэл хийж байсан. Тодруулбал, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон “Иргэний оролцоот Ардчилал” төрийн бус байгууллагаас Б гэх өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг нь цуцлуулахаар Монголын хуульчдын холбоонд хүсэлт гаргасан талаараа мэдээлж байв. Уг хүсэлтэд “Өмгөөлөгч Б 2015 онд өөрийн үйлчлүүлэгч С-ыг цагдан хорих ангиас суллуулахын тулд АТГ-ын мөрдөгчид өгнө хэмээн үйлчлүүлэгчийнхээ ар гэрийнхнээс хэдэн сая төгрөг авч, хувьдаа завшсан.

Үүний улмаас залилангийн хэрэгт холбогдон шалгуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон” гэх зэрэг хэд хэдэн шалтгаан дурдсан. Хүсэлтийн төгсгөлд “Энэ бүгдийг харгалзан, асуудлыг нягтлан шалгаж, өмгөөлөгч Б-ын эрхийг хууль, дүрэм, журмын дагуу цуцалж, арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна” гэсэн байв. Гэхдээ Монголын хуульчдын холбоо нэр дурдагдсан өмгөөлөгчид ямар нэг арга хэмжээ авалгүй өнгөрсөн гэх. Харин олон хавар нэгэндээ гэгчээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өмгөөлөгч Б-ын өмгөөллийн эрхийг нь нэг жилээр түдгэлзүүлсэн гэнэ. Түүнчлэн мэдээллийн олон хэрэгслээр үе үе гардаг Э гэх өмгөөлөгч байх. Тэр өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулдгаараа алдартай. Ямар нэг шалтаг гарган, бүр худлаа хэлээд ч болов шүүх хурлыг хойшлуулдаг гэх. “Та яагаад худлаа хэлэв” гэх эсрэг талынхаа өмгөөлөгчийнхөө асуултад “Шүүх хурал хойшилж л байвал бусад нь хамаагүй” хэмээн хээв нэг хариулсан гэдэг юм билээ.

Зарим өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ урьдчилгаа төлбөр авчихаад усанд хаясан чулуу шиг алга болдог тохиолдол цөөнгүй

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Хохирогч / 2020 02 сар 20/

    Монголын шүүх аль ч шатандаа бүрэн утгаараа дампуурсан. Энэн шиг үнэн юм байхгүй ! Хохирчихоод шүүхдсэн хүн бүр энэ асуудалтай тулгарсан байгаа !!! Хууль гэж байдаг, түүнийг мөрдүүлдэг шүүх засаглал нь байхгүйтэй адил. Дээшээ яваад ч, заргалдаад ч нэмэргүй !

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 20/

    Хариулах
  • Хөөрхий монгол улс / 2020 02 сар 20/

    Энэ шүүгчдийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй Монголын төр хүртэл өөрөө тэдний өмнө бөхийсөөр байх уу???

    Хариулах
  • Bold / 2020 02 сар 20/

    Ikh. Ceverlegee. I. Kheregtei. Bga umdaa. Khiiz chadakh. Khun bna uu. Ene. Ulsad.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 20/

    Эрдэнэтийн Ганзориг Шүүх хурал дээр эсрэг талынхаа хохирогчийг хуулийн мэдлэггүйгээр нь доог тохуу хийж ялж л байвал ор үндэсгүйгээр гүтгэн доромжилж болдог, шүүх бүрэлдэхүүн нь нотлох баримтгүй амаар нь шүүх хурлаа явуулж л байдаг. Эрх мэдэл гэдэг зүйл маш агуу том юм байна лээ.

    Хариулах