Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч, 40 гаруй иргэн хамгаалалтад авчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 20 ・ 1

 

ЭМЯ-наас коронавирусний цаг үeийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй.

Эрдэмтэн судлаачдын зүгээс коронавирусийн халдвараас хамгаалахын тулд дархлаагаа дэмжих нь хамгийн үр дүнтэйг зөвлөсөөр байгаа. Дархлаа сайн байвал халдвар авсан хэдий ч хөнгөн өвчлөх боломжтойг мэдээлж байна. 

БНХАУ-ын Ухань хотод халдварын тоо буурч байгаа хэдий ч бусад улс оронд халдварын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хэрвээ манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэсэн" гэлээ.  

Мөн иргэдийг даарахгүй байх, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, стресст өртөхгүй байвал дархлалын систем сулрахгүй гэдгийг онцлон зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хугацаанд нийт 170 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж ажилласан байна. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлагдсан байгаа.

Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлаж, 15 иргэн ажиглалтад байна. Биеийн байдал  нь сайн байна. Өчигдөр /2020.02.19/ Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлалаа. Тухайн хүн БНХАУ руу зорчоод ирсэн, халуурсан, хатгаатай шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээ авч, шинжилгээний дээжийг нааш нь явуулсан байгаа. Тухайн хүнтэй хамт автобусанд явсан 40 гаруй хүнийг хамгаалалтад авсан.

Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Тянжинь мужид сурдаг  оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн” гэлээ. 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: