Дэлхийн таван тив 42 орныг хамарч, шинэ коронавирус тархлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 27 ・ 1

 

Шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийв. 

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын онцгой комиссын тогтоол гаргаж, нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон ариутгалын бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн тэдгээрийг Монгол Улсад оруулж ирэхэд учирч байгаа саад бэрхшээлийг арилгаж шуурхай оруулж ирэх шийдвэр гаргасан.

Түүнчлэн аймаг, нийслэлийн бүх Засаг дарга нарт тусгаарлах байруудыг бэлэн болгох болон голомтоос ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авах чиг үүргийг өгөөд байна.

Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.

Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын үүдэд 104, Жаргалантад 17, Асралт эмнэлэг дээр 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.

Өнөөдөр голомтод нутгаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтад авах арга хэмжээг авсан. Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас  хэлж байна" гэлээ.

Монгол Улсын хаалгыг COVID-19 халдвар байнга тогшиж байгаа учраас иргэд үүргээ сайн биелүүлэх шаардлагатай. Төрийн байгууллагын ажилтныг хэл амаар доромжилбол холбогдох хуулийн дагуу тухайн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох болно. Эмчилгээний хувьд урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй байгаа бөгөөд эмнэл зүйн туршилтын ажлууд хийж байна хэмээн тэрбээр онцолсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: "2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа.

Хятадад өчигдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон.

Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна.

БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 307 нь Тэгү хотод байна.

Шинэ коронавирусийн халдварын тархалтын улмаас Италийн 11 хотод хөл хорио тогтоосон. Иранд 139 тохиолдол, 19 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд ямар нэг хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн" гэсэн юм. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: