
ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Халдварын тархалт өнгөрсөн 24 цагт 1000 гаруйгаар нэмэгдсэн хоёр улс байгаа нь Иран, Итали. Итали улсад нийт 366 хүн нас барсан, хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. Солонгост халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтаар нь үе шатад хувааж үзэж байна. Үүнд: 1. Тохиолдол бүртгэгдээгүй 2. Нэг буюу түүнээс дээш импортлогдсон 3. Дэгдэлт голомтлон тархаж байгаа 4.Өргөн цар хүрээний тархалттай гэсэн 4 үе шатад хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөж байна.
АНУ-д 1114 хүнийг хөлөг онгоцон дээр 14 хоног тусгаарлаж байна. Улс орнууд гадаадад зорчоод ирсэн хүмүүсийг тусгаарлах байр, эсвэл гэрт нь 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч буй юм.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд 511 хүн хянагдаж байна. Нийт 914 хүнийг тусгаарласан. Өнөө өглөө Нурсултан УБ-ын онгоцоор 22 иргэн ирсэн, тусгаарлагдсан хүн байхгүй. Берлин-Москва-УБ-ын онгоцоор 82 иргэн ирснээс Японоос ирсэн нэг иргэнийг тусгаарлалаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй. Мөн REMAX-ийн 16 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн хянаж, тандалт ажиглаж байна.
Дээрх 16 иргэн нь АНУ-д Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум болж, 60 гаруй орны 6000 орчим төлөөлөл оролцсон хуралд оролцсон юм. Тус хуралд нийт 24 ажилтан хоёрдугаар сарын 23-28-нд оролцоод ирсэн байна.
Энэ хүмүүсээс гуравдугаар сарын 3-нд эхний таван хүн ирээд тусгаарлалтад байгаа юм.