Монголын айл өрхүүд хөл хорионы үед дэг журамтай аж төрж байна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 18

“Хонгор нутаг” бөхийн дэвжээний багш, аймгийн заан Б.Батгэрэлийнд өнжлөө. Тэднийх дарь-Эхэд тайван амгалан аж төрж байна. Биднийг гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг угтаж авсан юм. “Хөл хорионы үед юу хийж яваа хүүхдүүд вэ” гээд бидэн рүү жуумалзаж хараад “За наргисан юм. Энэ өвчин зовлонтой үед чинь хошин мэдрэмж их чухал байна шүү дээ” гээд тэрээр хөхөрлөө. Гэрийн хоёрыг "Танайд өнжье" буландаа урихад нэлээд цааргалж байсныг нуух юун. Арга ч үгүй биз дээ. Гэрийн эзэгтэй гэр рүү орох үед “Манай монголчууд дэг журамтай, сэжигч ард түмэн тулдаа өдий байгаа байх аа” гээд биднийг орохыг урьсан юм. Байшин руу ороход аймгийн заан Б.Батгэрэл өдөр бүр 11:00 цагаас зарлагддаг Эрүүл мэндийн яамны мэдээллийг зурагтаар үзээд сууж байв. Ингээд бид мэнд мэдэлцэн тухалцгаасан юм.

Зочны өрөөнд ороход А.Сүхбат аварга, Б.Батгэрэл заан хоёрын наадмын үеэр патиардуулсан зураг хамгийн эхлээд нүдэнд туслаа. Түүний хажууд “Монгол бөхийн нэвтэрхий толь” гэх ном харагдана. Энэ талаар заан “Эл номонд Монголын үндэсний бөхөд хамаарах 800 орчим ойлголт, мэхийн судалгаа, 1760 оноос хойш өнөөг хүртэл 1300 орчим хүн улсын цол авсан тухай, Монгол бөхийн засуул, гарын даа, бөх судлаачдын намтар түүх болон бөхийн сэдэвт 600 орчим бүтээлийн судалгааны талаар өгүүлсэн дээ” гэлээ.

Номын хажууд Монгол Улсын улам нэмэх, харилт үгүй хүчит, хурц шаламгай шалгарсан хүчит арслан Пагмын Аюушийн дүрс бүхий хүрэл цом харагдлаа. Түүнчлэн ханаар нь хонгор нутгийн байгалийн үзэсгэлэнг харуулсан уран зургууд болоод одон медалиуд нь өлгөөстэй үзэгдэнэ.

Гэрийн хоёр онлайн орчинд нэлээд цагийг өнгөрөөдөг гэнэ. “Ямар ч юманд хожуу орсон хүн гүнзгий дурладаг” гэсэн гээд тэд хөхрөлдөцгөөгөөд нүднийхээ хараанд санаа зовж байгаагаа ч зовнингуй хэлсэн юм. Тэд өглөө бүр Эрүүл мэндийн яамнаас зарладаг 11:00 цагийн мэдээг үзэж, бусдад онлайнаар эх сурвалжтай мэдээлэл дамжуулж, “COVID-19”-өөс маш их сэрэмжилж байгаа ажээ. Гэртээ аль болох шөлтэй устай хоол унд идэж, аарц чацарганаа ууж байгаа бөгөөд хоолондоо цагаан гааг байнга хэрэглэж, дархлаагаа дэмжиж байгаа гэв. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг хорио цээрийн үед сайн хийж, Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг дагадаг гэж гэрийн эзэгтэй учирласан юм. Мөн тэрээр “Манай монголчууд яс юман дээрээ үгэнд оромтгой ард түмэн шүү дээ” гээд нөхөр рүүгээ харлаа. Б.Батгэрэл заан гэрээсээ сар гаруй хугацаанд гараагүй гэнэ. Харин эхнэр Ч.Ганхуяг өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу ажиллахаар болсон аж. Тэрээр “Серж” группт хангамжийн менежерийн ажил хийдэг бөгөөд уг компанийн гаргасан хуваарийн дагуу сондгой тоотой өдөр л ажиллах болжээ. Энэ талаараа “Зав түлхүү гарч байгаа дээр онлайнаар эрүүл зөв хооллолтын сургалтад 14 хоног суухаар боллоо. Түүнчлэн онлайнаар орос хэлний академийн сургалтад үзэж байсан хэлээ сэргээх зорилготой бүртгүүлсэн. Хашаандаа дасгал хөдөлгөөн байнга хийж байгаа. Хүн ер нь хаана амьдрах нь гол биш. Амьдарч байгаа газраа яаж амьдрах нь чухал. Манай гэр бүл зун болохоор хашаандаа төрөл бүрийн цэцэг тарьдаг. Тийм болохоор одооноос үрсэлгээ хийж эхэлнэ. Карентиний үеэр хүмүүс хийцгүйрээд байна гэж сошиал их бичицгээх юм. Хобби хүслээ биелүүлж хийх зөндөө ажлууд байна манайхаан. Бидэнд хэрэгтэй сургалтууд бүгд онлайнаар явагдаж байна” гэсэн юм.

Гэр бүлийн хоёр Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотынх. Багаасаа л нэгнээ мэдэх хоёр маань арван жилийн нэг үеийн төгсөлтийнхөн аж. 10 жилээ 1989 онд төгсөөд гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг АУДС буюу одоогийн АШУИС-д элсэн орж, суралцжээ. Тэр үед гэрийн эзэн Налайхын ТМС-т суралцаж байсан бөгөөд оюутан ахуй цагтаа нэг нэгнээ сайн мэдэх хоёр маань үерхэж эхэлсэн түүхтэй. Энэ талаар гэргий Ч.Ганхуяг “Зах зээлийн хүнд үед бид хоёр айл гэр болж байлаа. Ингээд нэг сайхан охинтой болсон доо. Ер нь манай үеийнхэн олон хүүхэдтэй болох тухай биш ажил сургууль гэж явдаг байлаа шүү дээ” гээд инээмсэглэсэн юм. Ч.Ганхуяг Анагаахын сургуулиа дундаас нь орхиж, нутагтаа төрөхөөр очсон байна. Өдгөө охин Б.Янжинлхам нь айл болж, эднийх гэдэг айл улам л өнөр өтгөн болж байгаад тэд баяртай сууна. Энэ жил охин нь сургуулиа төгсөх бөгөөд ЭМШУИС-ийн резидент эмч, Хүүхдийн эмчээр суралцаж байгаа аж. Харин хүргэн А. Баасангарьд Зэвсэгт хүчний дугаар ангид оффицер. Манай хоёр энх цагийн тангараг өргөсөн гэр бүл хэмээн Б.Батгэрэл бахархангуй ярьсан юм. Өдгөө тэд хүү, охин хоёр зээтэй болоод жарган сууж буй.

БИДНИЙ АМЬДРАЛ ГУРВАН ХАНАТАЙ ОТРЫН ГЭРТ ЭХЭЛЖ БАЙЛАА

Гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг инженер мэргэжилтэй. Тэрээр охиноо төрүүлснийхээ дараа 1996 онд дахин конкурс өгч ШУТИС-ийн Нефть инженерийн ангид элсэн оржээ. Ингээд охиноо аав, ээждээ үлдээн хот руу хоёул шилжин орж ирж байж. Хотод ирээд лам дүүгийнхээ гурван ханатай отрын гэрт анх амьдарч эхэлсэн гэдэг. Хоёр жил шахуу тэр гэртээ амьдарч, дараа нь Б.Батгэрэл заан аавынхаа гэрийг хот руу оруулж ирээд амьдрахаар зэхжээ. Гэвч гэрт нь шал байдаггүй. Ингээд аав ээж хоёр нь аймгийн хурц арслан Шаравсамбуу гуайн шалыг авч өгөн, гэр нь бүтэн болсон гэнэ. Б.Батгэрэл заан тухайн үед дөнгөж барилдаж эхэлж байсан болохоор гэр бүлийн хоёр ихэд бэлгэшээдэг аж. Тэд эхлээд Ганданд айлын хашаанд амьдарч байгаад дараа нь хашаа түрээсэлж, улмаар Дарь-Эхийн II хороонд байрлах ангийн хүүхэд Алтанцоожийн хашаа руу нүүсэн байна. Энэ талаар гэрийн эзэгтэй “Хороон дээр шилжиж ирсэн бүртгэлээ хийлгэх гээд очлоо. Зохион байгуулагч бүсгүй Б.Батгэрэл заан манай хороонд ирж байгаа юм уу. Манай хороо олон бөхчүүдтэй. Би бөх сонирхдог юм гээд их уриалгахан хүлээж авлаа. Тэгээд хорооны зохион байгуулагч Хорлоо бид хоёр найзууд болж намайг 71 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажилд оруулж, охиныг минь сургуульд элсүүлж өгч улмаар бид хоёрт газар олж өгсөн дөө. Одоо тэр газраа 20 жил амьдарч байна даа бид. Бид хоёр Хорлоотойгоо салшгүй нандин гэр бүлийн найзууд болсон. Ажилдаа сэтгэлтэй чадварлаг их сайн ажилладаг байсан. Хорооны тэр олон ам бүлийг бүгдийг нь танина. Бүгдтэй нь элгэмсүү өөрийн мэт харьцаж ханддаг бүсгүй байсан. Одоо тийм төрийн албан хаагч за даа байхгүй дээ” гэсэн юм.

Б.БАТГЭРЭЛ ЗААН Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫГ ГУРВЫН ДАВААНД ӨВДӨГ ШОРООДУУЛЖ БАЙВ

Б.Батгэрэл заан цагдаагаас тэтгэвэрт гарсан. Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Хонгор нутаг бөхийн дэвжээний багшаар ажиллаж байгаа юм. Баянхонгор аймгийн заан Б.Батгэрэл цагтаа давхар тохдог, ачдаг мэхтэй айхавтар бөх байв. 2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Эрдэнэбатаар дөрөв давж тавын даваанд улсын начин Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодсон түүхтэй. 1998, 2000 онуудад Баянхонгор аймгийн баяр наадамд тус бүр тав давж шөвгөрч байв. Өнгөрсөн жил тэрээр Улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү тэргүүтэй Хонгор нутгийн 56 бөхийг “Сүүж” амралтад удирдаж, наадмын бэлтгэлийг нь чамбайруулсан. Мөн Б.Батгэрэл заан Самбо бөхийн УАШТ-ий долоон түрүүтэй билээ. Тэрээр “Зүгээр сууж байгаа хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хөдөлмөрлө, зүтгэ. Бусад хүн нэг мэхийг гурван удаа давтвал чи таван удаа гүйцэтгэ. Тэгж байж л амжилтад хүрнэ” хэмээн бөхчүүддээ захидаг аж. Түүнийг 2003 оны Ялалтын баярын барилдаанд алдарт дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурвын даваанд амлаж барилдаад өвдөг шороодож, тахим буулгаснаар алдарт босоо дархан аварга маань улсын начин Цэвээнд гурвын даваанд унаснаасаа хойш 17 жилийн дараа гурвын даваанд өвдөг шороодсон тохиолдол болж байв.

ГЭР БҮЛЭЭ ТЭГЭЭС ЭХЭЛЖ, АМЬДРАЛАА БОСГОВОЛ ИЛҮҮ БАТ БӨХ, АМАР АМГАЛАН АМЬДАРДАГЮМ БАЙНА

Зах зээлийн үед гэр бүлийн хоёр айл гэр болж байв. Энэ цаг үеийн талаар гэрийн эзэгтэй Ч.Ганхуяг “Тэр үед би оюутан. Хань минь цагдаагийн багахан цалинтай. Тэр нь амьдралд төдийлөн хүрэхгүй. Аав ээж минь боломжийн хүмүүс ч тэднээсээ авна барина гэж ер бодогддоггүй байж. Тусдаа гарсан л бол гарсан. Тийм л байлаа шүү дээ. Хичээлийн хажуугаар хийж үзээгүй ажил гэж бараг байхгүй дээ. Самар, сүү зарна. Дэлгүүрт худалдагч хийнэ. Хуушуурын гуанзанд бэлтгэгч хийнэ мэдэхгүй ээ, юу ч хамаагүй л хийсэн. Ер санаа зовдоггүй байлаа. Хичээлдээ ч гүйцэд сууж амжихгүй. Би гэдэг хүн өөрөөсөө найм дүү хүүхдүүдтэй нэг ангид сурч байсан. Хөгшин оюутан байлаа шүү дээ. Тийм болохоор ангийн дүү нар минь их тус болдог байлаа. Хань минь ажил бэлтгэл гээд зав зай муу. Дөнгөж хотод орж ирсэн учраас хүн танихгүй шахуу. Зааланд барилдана, хүн давахгүй. Хоол унд муутай яаж ч амжилт гаргах билээ дээ. Гэсэн ч зүтгэсээр л. Би 10 жилээсээ бөх үзэх дуртай, хоббитой байлаа. Барилдах гээд явахад нь дандаа дагана. Барилдаануудыг нь алгасалгүй л үздэг байлаа. Хоёулаа бөхийн талаар их ярилцана. Ер нь ярилцахгүй сэдэв гэж үгүй. Одоо ч тэр санаа бодлоо байнга чөлөөтэй солилцдог. Хоорондоо ярилцах нь гэр бүлд хамгийн их хэрэгтэй зүйл юм болов уу гэж боддог доо. Одоо бол харцаараа ойлголцоод явчихна шүү дээ. Залуустаа зөвлөхөд залуу улс хоолтой хоолгүй зүтгэж амьдралаа босговол илүү бат бөх, амар амгалан амьдардаг юм байна гэж боддог. Амьдралыг тэгээс нь хоёулаа зүтгэж бүтээх нь зөв дөө. Тэгж л тэгээс эхэлж байлаа даа ах эгч хоёр нь. Жаргал зовлон, хөөр баяр, гуниг харууслыг хамтдаа даван туулсан. Бидний үеийн залуус бидний аав ээжүүд ч тэгж л амьдарсан” гэв.

Б.БАТГЭРЭЛ ЗААНЫ ААВ “ГАЗРЫН ВАГОН” ГЭЖ НЭРЛЭГДЭЖ ЯВСАН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН

Заан Б.Батгэрэлийн аав бол А.Балжинням гэх гавьяат тээвэрчин хүн юм. Тэрээр Өвөрхангай аймгийн Шартын давааг нээж байсан түүхтэй тээвэрчин ажээ. Тухайн үедээ анхлан олон чиргүүл чирж, “газрын вагон” гэж нэрлэгдэж явсан цуутай тээвэрчин хүн гэнэ. Харин ээж Т.Чимэддулам нь цэцэрлэгт асрагчаар олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан их цэвэрч нямбай ажилсаг хөгшин байж. Ч.Ганхуяг “Хадам ингээд тэгээд гээд хүмүүсийн хооронд сонин яриа, явган шог байдаг даа. Надад тэр тааламжгүй санагддаг юм. Би хадам ээжтэйгээ олон жил амьдрахдаа ам зөрөх нь бүү хэл муухай харж ч үзээгүй. Ер нь тэгээд хүн өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгая гэж бодвол бусдыг тайван амгалан байлгахад л болоод явчихна” гэлээ. Ч.Ганхуягийн аав Ө.Чулуунбат бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн цагдаагийн хэлтэст 28 жил ахлах нябо хийсэн цагдаагийн дэд хурандаа хүн байжээ. Харин ээж нь Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Т.Баатар гэж хүн бий. Олон жил удирдах ажил хийсэн бөгөөд Баатар дарга гэж нэрштэлээ ажиллаж байсан их зарчимч ажилч хичээнгүй мундаг удирдагч хүн бөгөөд өдгөө Бумбатын тоосгон заводын хажууд амьдран сууж буй. Цагаан сараар гэр бүлийн хоёр аав ээжийнхээ зурагнуудыг бурхныхаа өмнө гаргаж ирж тавиад шинийн 15 өнгөрөөгөөд далд хийчихдэг гэнэ. Жилдээ нэг удаа аав ээжийнхээ зургийг амьд байгаа юм шиг гаргаж ирээд ярьж хөөрөөд, идээ ундаагаа харуулаад, орсон гарсан хүн амьтанд сонирхуулж, заримдаа бид хоёр тоглоом шоглоом хийгээд ярина аа гэж гэрийн эзэн өгүүллээ. Гэр бүлийн хоёр уламжлалт сэтгэхүй давамгайлсан хүмүүс ажээ. Аав ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан аяга, шанага, хоолны халбага гэх мэт зүйлсийг уламжилж авч үргэлжлүүлэн эдэлж хэрэглэж байгаа аж. Тэрийгээ их буянд тооцдог гэнэ. Эцэг эхээс уламжилсан өв бол амьдралын ухаан, зөв хүн байх, тийм биз дээ гээд Б.Батгэрэл хөхөрлөө. Эднийх гэдэг айлын ажил, амьдралтай танилцсан нэг өдөр ийн өнгөрөв. Нэг мэдэх нь ээ нар аль хэдийнэ жаргаж, харуй бүрий болсон байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх