Н.Чулуунбаатар: Өнөөдрийн МАНАН дэглэм дийлдэшгүй биш

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 20 ・ 1
Монголын Либерал Намын дарга, эдийн засгийн ухааны доктор Н.Чулуунбаатартай ярилцлаа.
 
МАХН, МНН, ИЗНН-ын эвсэлд МЛН яагаад нэгдэх болов?
 
Зарим хүн гурван намын эвсэл гэж бодоод байх шиг байна. Манай МЛН нь МАХН, МНН-тай эвслийн үзэл санаатай байна, эвсэл болон нэгдэж УИХ-ын сонгуульд оролцоно гэдгээ сарын өмнө мэдэгдчихсэн байсан л даа. Харилцан уулзалтууд ч маш их хийж байсан. Олуулаа болж байж гарын үсэг зурья гээд хүлээгдсэн асуудал юм.
 
Ер нь яагаад эвсэл байгуулах болсон юм бэ? гэдэг шалтгаан бол бид 30 жил зах зээлийн эдийн засаг, 30 жил хоёр намын дэглэм дунд үндсэндээ 7 удаа сонголт хийгээд, одоо 8 дахь удаагаа сонголт хийх гээд байж байна шүү дээ.
 
Одоо 30 жилийнхээ амьдралаа эргээд харахад бид үндсэндээ ямар нийгэм байгуулсан юм бэ? Үндсэн хуулиндаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл олигархи хөрөнгөтний ардчилсан нийгэм байгуулчихсан сууж байна шүү дээ. Тэгээд сая Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө өнгөрсөн 30 жил явж ирсэн замаа ахиад 30 жил яаж үргэлжлүүлж явах вэ гэдэг баталгаажуулалт хийчихлээ. Хоёрдугаарт хуучин 1992 оны Үндсэн хуулийн 6.1-т газрын дээрх болоод газрын доор байгаа баялаг бол Монголын ард түмний өмч мөн гэж цагаан дээр хараар маш тодорхой бичсэнийг нийтийн өмч болгочихсон. Оюутолгой дээр жишээ аваад үзье. Нийтийн өмч болгоод зарлачихаар Оюутолгойн баялаг Монголын ард түмний өмч биш, нийтийн буюу тэр гадаад компанийн 2 сая хувьцаа эзэмшигчийнх нь хөрөнгөд шилжчихсэн. Тийм учраас манай нам шинэ үндсэн хуулийн төлөө байгаа учраас энэ эвсэлд нэгдсэн. Хоёрт Монголын өнөөгийн эдийн засгийн байдалд реформ, тэр дотроо санхүүгийн бодлогын, мөнгөний бодлогын реформ, ажил эрхлэлт буюу хүний нөөцийн бодлогыг эрс өөрчлөхийн төлөө энэ эвсэлд нэгдсэн юм. 
 
Та өмнө нь  Эх орон намын  Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байхдаа эвсэл байгуулж байсан туршлагатай хүн. Одоо шинээр байгуулагдаж байгаа эвсэл УИХ-ын 2020 оны сонгуульд ямар амжилт үзүүлэх боломжтой гэж харж байна вэ?
 
-2004 он бол их хүнд жил байсан шүү дээ. Тухайн үеийн эрх баригч МАН 72 суудалтай, нөгөө 4 нам нь нэг нэг суудалтай. Одоо байгаагаас ч хүнд үе байсан. Тэгэхэд би  “Эх орон Ардчилал” эвслийн удирдлагын нэг нь байсан. Улмаар УИХ-ын сонгуулиар 38, 38 болгоод тэнцүүлж чадаж байсан юм. Өнөөдрийн МАНАН дэглэм бол дийлдэшгүй биш байхгүй юу. Сонгуулийн зөв менежмент хийгээд, Монголын ард түмний хүсэн хүлээгээд байгаа мөрийн хөтөлбөрийг толилуулаад, сонгуулийн сурталчилгаагаа сайн хийх юм бол бидэнд боломж байна. Би бол өөдрөгөөр харж байгаа.
 
Тодорхой хэлбэл?
 
 Далдыг хардаг далай лам биш шүү дээ. Зарим эвсэл бид ялна гэж хэлж байна лээ. Би өөрөө эдийн засагч, эрдэмтэн хүн. Аливаа зүйлийн балансыг мэднэ шүү дээ. Мэдээж хэрэг энэ 2 нам, бүх эвслүүд бүгд ялалтын төлөө явж байгаа. Яг хэдэн хувиар гээд хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ эвсэл ялалтын төлөө байгуулагдсан гэдгийг хэлмээр байна. 
 
Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хориглосон. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт бэрхшээл үүсч байгаа нь нууц биш. Ийм хямралын үед эдийн засгийн ямар шийдвэрийг эрх баригчид хэрэгжүүлэх ёстой вэ?
 
 Эдийн засгийн зоримог шийдвэрийг богино хугацаанд маш хурдтайгаар  гаргах ёстой. Өнөөдөр бол хорих, цагдах тал дээр мундаг шийдвэр гаргаж байна. Эдийн засаг гэдэг чинь өөрөө амьд организм шүү дээ. Цусны эргэлт нь зогсхоор юу болохов. Хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг гэртээ ажлаа хийхэд нь мөнгийг нь өгөхгүй бол яах вэ? Онцгой нөхцөл, давагдашгүй хүчин зүйл үүсчихсэн нөхцөлд танаас, надаас шалтгаалахгүйгээр бий болсон энэ үед хуулиараа ч тэр, засгийн газрын шийдвэрээрээ ч тэр дор нь шийдээд явах ёстой юм л даа. Ямар ч эрүүл ухаантай хүн ойлгоно шүү дээ. Онц байдал зарлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Бүх юм хаагдлаа. Тэр өдрөөс эхлээд зээлийн хүү бодохыг зогсоох ёстой. Төлбөрийн хугацааг нь хойшлуулах ёстой. Алданги гэж байх ёсгүй. Түрээсийн төлбөрийг яах ёстой юм, тиймээ. Дээр нь манай жинхэнэ нийгмийн, ёс зүйн хариуцлага нь ямар вэ гэдэг нь олон компани дээр харагдаж байна. Яагаад гэхээр үүнийг далимдуулаад маскны үнээ нэмж байна. Хамгаалах хэрэгслийн үнэ нэмэгдэж байна. Мах, өргөн хэрэглээний барааны үнийг нэмж байх жишээтэй. Гэтэл энэ үнэ нэмээд байгаа компаниудын ард маргааш их хуралд нэр дэвших гээд явж байгаа эзэд нь байгаа шүү дээ. Ийм л нийгмийн хариуцлагатай, ёс зүйгүй хүмүүсийг Коронавирус илрүүлчихлээ. 
 
 Монголын Либерал Намын боловсон хүчний нөөц, чадавхи ямар байгаа вэ?
 
 
 Анх н.Явуухулан гэж залуу санаачилж, намын гишүүдийн дийлэнх нь их дээд сургуулийн багш нар, эрдэмтэн докторууд байгуулж байсан.  УИХ-ын 2000, 2004, 2008 оны сонгуулиудад голдуу эрдэмтэд багш нар оролцож байсан.
 
 
Нөгөөтэйгүүр либерал үзэл гэж юу юм бэ гэдэг талаар нийгэмд буруу зөрүү ойлголт их байдаг. Үүнийг би маш энгийнээр тайлбарлаж өгье. Өнөөдөр Монгол улс зах зээлийн эдийн засгаар явж байгаа юу? Үүнийг бид сонгосон уу? Үндсэн хуулиндаа тунхагласан уу? Тэгвэл тэр зах зээл гэдэг зүйлийн эцэг нь Адам Смит шүү дээ. Үндэсний баялаг гэж ном бичсэн. Зах зээлийн Маркс нь Адам Смит шүү дээ. Өнөөдөр либерал үзлийг ойлгохгүй, юу юм бэ гээд доромжлоод байх нь сонин биш л дээ. Тийм хүмүүстэй би таарч байсан. Гэтэл баруун, зүүн үзэлтэй нам гэж байна. Барууны үзэл буюу хөрөнгөтний үзэл, социаль үзэл хоёр дунд нь байгаа либерал үзлээс зах зээлийг нь ч хулгайлаад, шударга ёсыг нь ч хулгайлаад, тэгш байдлыг нь ч хулгайлаад авчихсан байхгүй юу. Өөрсдийн мөрийн хөтөлбөртөө оруулчихаад либерал үзэл гэж юу юм бэ гэдэг. Либерал үзэл нь өөрөө хувирч өөрчлөгдөж байдаг. Неолиберал үзэл ч гэдэг юм уу. Шинэ мөнгөний бодлого гээд баруунд одоо гарч ирж байна. Энэ чинь либерал үзлийн нэг хувилбар шүү дээ. Үүний дараа ч бас өөр хувилбар гарч ирнэ. Хувилбар урсгалуудыг нь либерал үзэлтэй холиод байдаг нэг асуудал бий. Сонгодог либерал үзэл, хэт их либерал үзэл гэж байна. Жириновскийн либерал үзэл гэж байна. Бүх юм болно гээд хүлээн зөвшөөрчихсөн, Монгол хүн зөвшөөрөхийн аргагүй либерал үзэл ч байж л байдаг. Жинхэнэ эдийн засгийн либерал үзэл, эрх чөлөөг тунхагласан либерал үзэл гэдэг бол цаашдаа ч энэ ертөнц дээр байна.
 
 Монголын Либерал Намын хувьд бол?
 
 Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөний нам гээд товчоор ойлгочих. Яагаад гэвэл либерал гэдэг үгийг орчуулах гэхээр Либерти буюу эрх чөлөөний үзэл шүү дээ. Монголчуудынхаа эрх чөлөөний үзлийн төлөө л тэмцэж байгаа нам юм. Эдийн засгийг яаж үр ашигтай байлгах вэ? Эдийн засгийн бодлогыг яаж зөв явуулах вэ, Яаж Монгол хүнийг эдийн засгийн эрх чөлөөтэй байлгах вэ? Эрх чөлөөг нь хангахын тулд ямар бодлого явуулах ёстой юм? Эдийн засгийн эрх чөлөө байхгүй бол танд болон таны үр хүүхдэд, аав ээжид чинь, найз нөхдөд чинь нийгмийн бусад эрх чөлөө байхгүй ээ. Огт байдаггүй юм. Тийм учраас иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нам гээд ойлгочих. 
 
Та Монголын томоохон банкны захирлаар ажиллаж байсан. Сүүлийн үед Монголчуудыг банкнууд цөлмөж байна, мөнгө хүүлж байна. Монголын улстөрийг банк, банкны эзэд атгаж байна гэж ярьдаг болсон?
 
Би өөрөө шилжилтийн үед банк удирдаж байсан. Тэр үеийн улстөрчид ч тийм л байсан. Өнөөдөр яагаад олигархиуд бий болчихсон юм? Яагаад төр, улс төр, бизнес бүлэглэлүүд хоорондоо уялдсан юм? Энэ бүх зүйлүүдийн түүх миний урдуур кино шиг л өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр үүн дээр маш нухацтай дүгнэлт хийх ёстой. Ялангуяа банкны асуудал дээр. Жишээ нь сая ярилцлаганд орлоо. Надад энэ хүмүүстэй нийлэх өнцөг байна. Нийлэхгүй өнцөг байна. Нийлэхгүй өнцөг гарч ирж магадгүй учраас миний ярих сэдэв хумигдсан л байхгүй юу. Би бас хамт эвсэлд орж байгаа хүмүүстэйгээ учир зүггүй маргах бол утгагүй шүү дээ.
 
Бид банк гэдэг зүйлийг их зөв ойлгох ёстой юм. Энэ бол хүн төрөлхтний хэдэн мянган жилийн түүхэнд хөгжөөд яваад ирсэн бизнесийн нэг төрөл. Үүнийг үзэн яадаад байх шаардлагагүй. Цаашдаа ч оршсоор байна. Бүр дижитал хувилбарт орно. Виртуаль хэлбэрт орно.
 
Одоо хэрэглэгдэж байгаа карт виртуаль мөнгө болж хувирна. Цаашдаа бүр л боловсронгуй болно. Өнөөдөр жишээлбэл эдийн засаг болохгүй байгаа шалтгааныг зөвхөн арилжааны банкууд дээр тохож болохгүй. Хадгаламжийн хүүг яаж бууруулах вэ? зээлийн хүүг яаж бууруулах юм бэ? Хөрөнгө оруулалтыг яаж дэмжих юм бэ? Хүмүүс эдийн засагчид шиг асуулт тавиад байна шүү дээ. Вальютын ханшаа ямар аргаар тогтворжуулах юм бэ?гээд. Дандаа арга асуугаад байдаг. Шинэ монголын мөнгөний бодлоготой холбоотойгоор. Үүнд маш тодорхой хариулт хэлэх ёстой байхгүй юу. Төв банк нь арилжааны банкинд зээл өгөөд, арилжааны банк нь хүү нэмээд, тэр хүүгээ ахиж нэмээд байгаа юм шиг харагдаад байна шүү дээ. Тэгж явдаг зээлийн хүү шиг болоод байна. Энэ чинь тийм биш байхгүй юу. Төв банкны хүү гэдэг бол 15 арилжааны банк хэвийн төлбөр тооцоогоо хийж байхад зээл авдаггүй. Ямар үед авдаг вэ гэхээр нэг банк нөгөөдөө 10 сая доллар шилжүүлж чадахгүй бол 2 хоног, 3 хоногын хугацаатай түр авах төлбөр тооцооны зээлийн хүү байхгүй юу. Тэрийг л төв банк нь өндөр хүүтэй өгөөд, цаашаа нэмдэг юм шиг  ойлгоод. Хоёрдугаарт зээлийн хүү гэдэг юм маань яаж тогтдог юм бэ? Өнөөдөр инфляци 5 хувь байж байна. Тэгтэл тэр мөнгөө 6  хувьтай  зээлүүлдэг, тэр мөнгөө буцааж авч байгаа юм. Тэгэхээр инфляцийн хувь дээр хадгаламжийн хүүгээ нэмээд, тэгээд 2-3% ашгаа нэмэхээр энэ чинь 10-аас дээш гараад явчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах юм бол инфляцыг онилсон төрийн бодлого явуулах ёстой. Инфляцийг тооцдог 200 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэнд интервенц хийх ёстой. Төв банкны хүү гэдэг нь нөлөө багатай. Байсан ч болно, байхгүй байсан ч болно. Гэхдээ тэрийг бууруулах ёстой. Одоо 10 болгоод байна. 8% руу бууруулж болно. Нөөцийн бодлого гэж байна. Өнөөдөр нөөцийн бодлого 18% -тай байгаа бол 15% болгочих. Зоригтой өөрчлөлтүүдийг хийх ёстой. Маш олон асуудал байна, эдийн засгын асуудлаар. Ганцхан эрдэмтэд ярих нэг өөр. Улстөрчид ярих нэг өөр. Жирийн иргэд ярих нэг өөр. Үүнийг нийлүүлээд нэг цогц болгоод, бүгдээрээ тойроод суугаад ярихад ойлгохоор болгох тийм хүсэлтэй л байгаа юм. Тийм учраас л ингээд сууж байна даа.
 
Дахиад тодруулья. Банкны эзэд улстөрчдийг базаж, лоббиддог уу?
 
Миний үед бол юун тийм юм байх вэ дээ. Яаж үнэнч шударга ажиллах вэ л гэдэг байсан. Жишээлбэл би Монгол улс эмээлээ элгэндээ тэвэрчихсэн үед л ажиллаж байсан шүү дээ. Гадны зээл байхгүй. Тэжээгч ЗХУ-аас зээл байхгүй. Монголын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн мөнгөгүй үед мөнгө босгож байсан байхгүй юу. Алт хөтөлбөрийг хэрэгжүүлээд, Орос Монголын засгийн газар жилдээ 500 тн алт авч байсан шүү дээ. Алт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эхний жил 750кг алт авч байсан. Нэг тонн авдаг болсон. 1,5тн авдаг болсон. 3 тонн, 7 тонн авдаг болсон. Ингээд намайг ажиллаж байх үед Монгол банкинд 50 тн алт тушааж байсан шүү дээ. Ингээд ажиллаж болдог л байхгүй юу. Өнөөдөр Монголчууд мөнгө байхгүй гээд байх юм. Ерөөсөө бүх юмыг л хийх ёстой гээд бодоод байдаг. Төрд ч учир байна, компанид ч учир байна. Иргэнд ч учир байна. Жишээлбэл иргэний санхүү, гэр бүлийн санхүү, компанийн санхүү, улс орны санхүү цаад утгаараа адилхан л байхгүй юу. Төр яагаад хэдэн их наяд төгрөгөөр алдагдалтай төсөв баталдаг юм бэ? Байхгүй байж мөнгө гаргадаг. Байхгүй байхад мөнгөний  нийлүүлэлт хийгээд  мөнгөний ханш унагадаг. Гүйлгээнд байгаа мөнгөний тоог нэмчихдэг. Яагаад компаниуд алдагдалтай төсөв бөтлаад, байнгын алдагдалтай яваад, татвар төлөхгүй байж болдоггүй юм. Улс болохоор дампуурдаггүй гэсэн ойлголтыг хаях хэрэгтэй. Улс хүртэл дампуурдаг юм. Грек дампуурсан. Иймэрхүү жишээнүүд бий.
 
 
Ярилцсан: Ч.Явуухүү
www.sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2020 03 сар 20/

    АРД ТҮМЭН МИНЬ 2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм шинэ хүмүүсийг хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард түмэн хожноо

    Хариулах