Ц.Наранзул: Дэм өгсөн иргэддээ баярлалаа. Та нар ч гэсэн өөрсдийгөө бодож хариуцлагатай байгаарай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 21

Дэлхий нийтээрээ “COVID-19” буюу коронавирусийн халдвартай тэмцэж байна. Энэ цар тахал манай улсыг тойрсонгүй. Анхны тохиолдол илрээд буй. Нөхцөл байдал хүндэрсэн энэ цагт эмнэлэг, цагдаа, онцгой, хилийнхэн гээд бүгд чадах чинээгээрээ боломжоо дайчилан ажиллаж байгаа. Тэгвэл хамгийн онцгой бүс болох вирус судлалын лабораторид өдөр шөнөгүй, зогсолтгүй ажиллаж буй ХӨСҮТ-ийн вируслогич Ц.Наранзултай ажлынх завсраар цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө ард иргэдийнхээ өмнөөс та бүхэндээ “баярлалаа” гэж хэлмээр байна. Цахим орчинд энэ хүнд нөхцөлд хамгийн онцгой бүст нойр хоолгүй ажиллаж буй та бүхнээр бахархсан сэтгэгдэл олон мянгаар хөвөрсөөр байна. Та уншсан биз дээ?

-Баярлалаа. Тийм ээ харсан. Бидэнд их сайхан сэтгэгдэл төрж ажиллах урам зориг өгч байна. Дэм өгсөн иргэддээ баярлалаа. Та нар ч гэсэн өөрсдийгөө бодож хариуцлагатай байгаарай гэж захимаар байна.

-Лабораторид вирус судлаачид ээлжээр ажиллаж байна уу?

-Ээлж байхгүй. Дотоод бололцоогоороо ажиллаж байна.

-Хэдэн вирус судлаач ажиллаж байгаа юм бэ?

-ХӨСҮТ-ийн вирус судлалын шинжилгээний лабораторид гурван вируслогич, дөрвөн лаборант 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна.

-Амрах боломжгүй гэсэн үг үү?

-Яахав өөрсдийн бололцоогоороо нэгийгээ жаахан амраах маягаар л ажиллаж байна даа.

-Лабораторид удаан ажиллах нь хүндрэлтэй юу. Ер нь хүндрэл бэрхшээл юу байна?

-Хүндрэл гээд байх юм юу байхав дээ. Ажлаа л хийж байна.

-Зурагнаас харахад хамгаалалтын хувцас хангалтгүй санагдсан. Хамгаалалтын хувцасны тухайд хэр хүртээмжтэй байна вэ?

-Хомосхон л байна. Яг сайн хангалттай биш. Яахав өөр ажилбар хийгддэг газар ондоо өмсгөлтэй байдаг. Тэгэхээр ажилбар хийгддэг газраасаа хамаараад өмсгөлийн төрөл өөрчлөгдөж байдаг. Үүнд нэг их эмзэглэх юм байхгүй. Аюулгүй ажиллагааны дэглэмийг бүрэн сахиж ажилладаг.

-Шинжилгээний лабораторид ажиллах хамгаалах хэрэгсэл хомс гэлээ. Үнэтэй байдагтай холбоотой юу?

-Үнэтэй байдаг учраас тийм элбэг байдаггүй. Яахав бололцоогоороо хангаж байгаа.

-Өдөрт хичнээн шинжилгээг хийдэг вэ?

-Тэрийг хэлэх боломжгүй. Харилцан адилгүй.

-Вирусийн халдвар тээгч илэрсэнтэй холбоотойгоор шинжилгээний ачаалал ч нэмэгдэж байгаа болов уу?

-Улам л нэмэгдэж, ачаалал ихэсч байна.

-Тоног төхөөрөмж, оношилгооны хувьд бүрэн хангагдсан уу. Монголын вирус судлалын хөгжил дэлхийн стандартад нийцэж чаддаг уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лавлагаат төвүүдэд ашигладагтай л адилхан. Стандарт багаж, тоног төхөөрөмж, стандарт аргачилал ашиглаж ажилладаг. Мөн стандарт урвалч бодис ашиглаж ажилладаг учраас шинжилгээний хариу баталгаатай гардаг.

-Таны вирус судлалын чиглэлээр хэр удаан ажиллаж байна вэ?

-2006 онд одоогийн АШУҮИС-ийг төгссөн. Төгссөн цагаасаа хойш 14 дэх жилдээ вирус судлалын чиглэлээр ажилласан байна.

-Ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Био анагаахын судлаач мэргэжлээр төгссөн.

-Монголд вирус судлалын ангитай сургууль бий юү?

-Байхгүй л дээ. Ер нь яваандаа тусгай ангитай болох байх. Болох ч шаардлагатай байгаа.

-Ер нь манайд вируслогич ховор гэж сонсож байсан...?

-Монголд цөөхөн вируслогич байдаг. Бараг хуруу дарам гэж хэлж болно. Тийм болохоор гадаадад олон тусгай сургалтуудад хамрагддаг.

Д.ДАВААСҮРэН

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.