Шар усны үер айлуудыг “урсгаж” эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 24

Сэлбэ голын зүүн эргийг даган суурьшсан айлууд өнгөрсөн намраас усанд автаж, мөсөн дээр өвөлжсөн. Хаврын урь орж, цас ханзарсан энэ үед усанд гэрээ “алдсан” айлууд зутруухан хаваржиж байна. Энэ талаар сурвалжлахаар Дарь-Эх, Долоон буудлын дунд байрлах хэсэг айлыг зорилоо. Банзан хашааны дунд хүртэл овойж хөлдсөн мөс захаасаа хайлж, хог, шороотойгоо хутгалдан хоржигнон урсаж буй дүр зураг угтсан юм. Усанд автсан айлуудын зарим нь байр түрээслэхээр нүүсэн бол, үлдсэн нь мөсөө хагалж, шуудуу татсаар хавартай залгажээ.  

Гэр хорооллын гудамж талбай эл хуль бөгөөд газар нь гэссэн захын хэдэн айл эзэнтэй байв.  Хөрсгүй шахам болсон нойтон газар дээр хэдэн хүүхэд тоглож харагдана. “Манайд харин ч бага ус орсон. Урд талын айлууд  руу явахын арга байхгүй” гэж өөрийгөө азтайд тооцох нэгэн ч байв.

 

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ МАНАЙ ЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХ

Айлуудын олонх нь гэрээ орхин нүүсэн учир хогны машин ч ирэхээ больж, үлдсэн хэдэн айлынх нь хашаа  хогондоо дарагджээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн XVI хорооны иргэн Л.Цэцэгбаяр “Газар гэсээд энд амьдрах хэцүү л болж байна. Уг нь би Таван буудлын ойролцоо хашаатай байлаа. Гэтэл газар нь өндөрдөөд хашаагаа зарчихсан юм. Ингээд байр сав түрээсэлж яваад энд  айлын хашаанд буусан. Гэтэл ингээд усанд автчихлаа. Зуны улиралд энүүгээр явах ч аргагүй болно. Уг нь хотын захиргаанаас ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ гэж байсан. Манай энд ч хүрэхгүй байх. Энэ хавиар  цэвэрлэгээ хийж ч харагддаггүй шүү дээ” гэв. Харин хажуу хашааны айл хайрга, тоосгоны үлдэгдлийг хашаагаа тойруулан асгажээ. Ингэж орон сууц, хашаагаа уснаас хамгаалж байгаа гэнэ. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Манайх энд олон жил амьдарсан. Сүүлийн хэдэн жил байнга ус гардаг боллоо. Гэхдээ өнгөрсөн жил их  ус гарч ойр орчмынхон тэр чигтээ усанд автсан. Шороо, хайрга зэргийг хашаагаараа тойруулан асгаж байж гэрээ уснаас хамгаалсан. Гэтэл энэ станцынхаа хог асгалаа гэж уурлаад байх юм. Бид чинь адилхан л амьдрах гэж ядаж байгаа хүмүүс шүү дээ”  хэмээн халаглаж байв. Гол даган урсах халианы ус эргээ даван хальж, гудамж дундуур явах боломжгүй болгожээ.

 

ГЭРЭЭ УСАНД АЛДЧИХГҮЙ НҮҮЛГЭХ САНААТАЙ БАЙГАА

Энэ хэсэг Баянзүрх дүүргийн XXI, Сүхбаатар дүүргийн XVI, XVII хороонд харьяалагддаг. Гэрээ орхиж нүүсэн нэгэн нь амралтын өдрөөрөө ирж, мөсөө цэвэрлээд гэрээ усанд алдчихгүйн нүүлгэх арга хайж байгаа гэнэ. Эдний нэг  Баянзүрх дүүргийн XXI хорооны оршин суугч Г.Цэрэнбат юм. Тэднийх Сэлбэ голын дагуу шинээр барьсан хүүхдийн тоглоомын талбайн хажууд хашаатай. Гэтэл өнгөрсөн жил хашаа нь усанд автаж, амьдрах аргагүй болжээ. Хөдөө уурхайд ажилладаг түүнийг гэртээ ирэхэд нь гэр нь дунд бүсээ хүртэл усанд автсан байж. Биднийг очих үеэр тэрбээр гэрээ тойруулан шуудуу татаж байлаа.  Г.Цэрэнбат “Би энд амьдраад 11 жил болж байна. Манай энэ хавьд ус гардаггүй байсан юм. Уулнаас буусан ус гуу, жалгаар дамжиж урссаар шинээр барьсан тоглоомын талбайн энэ хэсэгт ирж, Сэлбэ голтой нийлдэг байсан. Гэтэл энд тоглоомын талбай бариад даланг нь хаачихсан. Анх зам барьж байхад нь урд хэсэгт нь тогтсон усыг нь соруулах хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл голдирлыг нь өөрчлөлгүй дээрээс нь шороогоор дарчихсан. Ингээд л гэнэт нэг  өдөр усанд автчихлаа. Хороо дүүрэг, хэсгийн ахлагчдаа удаа дараа хэлсэн ч өдий хүртэл арга хэмжээ аваагүй байна. Хэсгийн ахлагч нь ажлаасаа гарсан гэсэн. Намраас хойш тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрч байна. Гэрээ усанд алдчихгүй нүүлгэх санаатай байгаа” хэмээн ярилаа.

НОБГ-Т ШАР УСНЫ ҮЕРТ АВТСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ОНООС ХОЙШ ИРЭЭГҮЙ

Шар усны үерийн дуудлага мэдээллийн талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбатаас тодруулсан юм.
Тэрбээр “Нийслэлд 33.1 км урт үерийн хамгаалалтын далан шуудуу байдаг. Эдгээр далан шуудуу нь ихэвчлэн гэр хорооллын айлууд дунд бий. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн XIII, XIV хороо Чингэлтэй дүүргийн X, XI, XII хороонд байрладаг. Далан сувгууд  нь өвөл орсон цас болон мөсөөр дүүрсэн. Иймд дулаарч байгаа энэ үед далан шуудуу халих эрсдэлтэй байдаг. Үерийн аман дээр буусан 740 гаруй айл бий. Эдгээр айл шар усны үерт өртөх эрдэлтэй. Он гарснаас хойш Нийслэлийн онцгой байдлын газарт шар усны үертэй холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна. Харин өвлөөс хойш халиа, тошин гарсан гэх хэд хэдэн дуудлага ирсэн. Тухай бүрд Нийслэлийн онцгой байдлын газар холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан” гэлээ.

Харин шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улаанбаатар хотын захирагчийн албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Жил болгон нийслэлд шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Улаанбаатар хотын хэмжээнд үерийн усны далан суваг, хөрсний болон борооны усны зайлуулах шугам сүлжээний асуудлыг Геодези, усны барилга байгууламжийн газар хариуцан ажилладаг. Энэ жил халиа тошин үүссэн хэд хэдэн газруудад ажиллаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн  XIV хороонд булгийн ус гарч, их хэмжээний халиа тошин үүссэн. Энэ талаар дүүргээс тодорхой арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй тул Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн зардлаас 30 орчим сая төгрөг гаргаж, урсацыг нь хэвийн болгосон.

Мөн Амгалан дулааны станцын хойд хэсэгт жил бүр хөрсний ус гардаг. Үүнтэй холбоотой 2017 онд Шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран хөрсний усны ундаргыг тогтоох хайгуулын ажил хийсэн. Хайгуулын үр дүнд хоёр том цооног гаргаж асуудлыг шийдсэн. Шар усны үертэй холбоотой Нийслэлийн онцгой комиссын 01 дүгээр тоот албан даалгавар гарсан. Мөн албан тоотын дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны А/82 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаж байна. 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сар болгон төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Бид далан сувгийг үерийн ус хүлээж авахад бэлэн гэж болж байна. Бөглөрч тагларсан газар байхгүй. Мөн үерийн ам, далан таглаж буусан иргэдийг хянадаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXVII хороонд 20 гаруй айл далан сувгийн аман дээр буучихсан. Ингээд жил болгон усанд автаж, мөсөнд дунд байдаг. Энэ талаар арга хэмжээ авч ажиллах гэхээр дүүргээс нь газрын зөвшөөрөл олгочихсон, цахилгаан эрчим хүч татчихсан. Нүүлгэх шилжүүлэх арга хэмжээ авах боломжгүй байна. Тиймээс цаашид бид холбогдох газруудад хандаж хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн  үерийн суваг далан, айл өрхийн жорлон зэргийг ариутгах ажлыг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотой 68 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн. Халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлэх хараахан болоогүй байна. Учир нь, одоо мөс дөнгөж хайлж байгаа учраас халдваргүйжүүлэлтийн ажил үр дүнгүй болох магадлалтай” гэв.
Ийн холбогдох албаныхан шат дараатай арга хэмжээ авч байгаа гэж буй ч иргэдэд хүрсэн нь нэг ч үгүй газар байхгүй байна. Газар дээр нь очиход аргаа барсан иргэд хэнд хандахаа мэдэхгүй, халаглахаас өөрийг хийж чадахгүй зогсож байна. 

Үндэсний шуудан сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх