Төв бассейн хувьчлагдаж, тамирчид бэлтгэл хийх газаргүй болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 25 ・ 1

Олимпын наадамд цагаан хуудсаар орж, сүүл мушгиж буй усан спортын тамирчдаа хараад, нүүр улайж, сэтгэл өмөрч, өрөвддөг байлаа. Аргагүй дээ, манай улс далай, тэнгисээс хол, хуурай газрын эрс тэс, уур амьсгалтай улс шүү дээ гэж тэднийг зөвтгөн, өмөөрч, хамгаалдаг байв. Гэтэл усан спортын төрөл хөгжихөд далай , тэнгис нэг их чухал ач холбогдолтой зүйл биш аж. Харин төрийн дэмжлэг, энэ спортыг хөгжүүлэх алсыг харсан бодлого, боловсон хүчний хүрэлцээ, хангамж, зөв менежмент, мэргэжлийн багш, дасгалжуулагч, олон улсын стандартыг хангасан усан бассейн л хамгийн чухал нь.  Манай улс анх 1986 онд олон улсын стандартад нийцсэн 50 метр болон 25 метрийн хоёр усан сантай Төв усан бассейн, Усан спортын төвийг барьж ашиглалтад оруулсан байдаг. Тус төв нь 10х6 метрийн харьцаатай 0.6-0.8 метр гүн, 600 ам метр эзлэхүүнтэй 12-15 хүн хичээллэх жижиг бассейн, 25х16 метр харьцаатай, 1.7- 5 метр гүн, 1200 ам метр эзэлхүүнтэй, нэг ээлжиндээ 40-50 хүн хичээллэх том бассейн, цайны газар, 240 хүний суудалтай үзэгчдийн танхим, усны шинжилгээ хийдэг лаборатори, ус цэвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, автомат ажиллагаатай агааржуулалтын системтэй, нийт 214 ам метр талбайтай усан цогцолбор юм.

Үүнийг дагаад  Монголын тамирчдын амжилт жилээс жилд ахиж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд боломжийн хэмжээнд өрсөлдөж, олимпын наадмын  эрх авах болсон. Усан спорт сургалтын төв хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, усан спортоор хичээллэгчдийн хүрээг тэлж, иргэдийн чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэхэд маш их дэмжлэг болж байлаа. Гэвч тус бассейн 1986 онд ашиглалтад орсноосоо хойш нэг ч удаа их засвар хийгдэлгүй 30 гаруй жил болжээ. Зөвхөн агааржуулалт болон  цэвэрлэх байгууламжийг сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжөөр өөрчлөх, солиход 700-900 мянган еврогийн хөрөнгө шаардлагатай. Том бассейны дээврийн ган фермийг бүрэн солих, цахилгаан, сантехникийн монтаж, дээврийн хар цаасыг солиход нэг тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Чухам ямар мэргэжлийн  байгууллагын судалгаан дээр үндэслэн энэ тооцоог гаргасан нь тодорхойгүй байна.

Тус төвийг 2006 оны есдүгээр сарын 1-нд нийслэлийн өмчид шилжүүлжээ. Тэр үеэс НИТХ-ынхан тус төвийг байнга алдагдалтай ажилладаг учраас хувьчлах нь зөв гэж ярих болсон. Тодорхой хэсгийг нь хувьд шилжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Төсөл боловсруулагчид  уг төвийг 990 сая төгрөг гэж үнэлсэн нь НИТХ дээр бөөн маргаан дэгдээжээ. Уг нь өмнөх үнэлгээгээр 1.1 тэрбум төгрөг гэж тогтоосон байж. Үүнийг эсэргүүцсэн НИТХ-ын зарим гишүүн “Ард иргэдийг чийрэгжүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлдэх учиртай газар хувьчлагчдсанаар ашгийн болж хувирах юм биш үү” гэж болгоомжлол байгаагаа илэрхийлж байв. Тиймээс НИТХ-ын гишүүд төслийг илүү ойлгомжтой болгон дахин оруулж ирэх үүрэг, чиглэл өгсөн байна.
Харин тэр үеийн Эрүүл мэнд, спортын яам  асуудлыг нийслэл шийдвэрлэх болохоор бид өмнөөс нь тайлбар хийх боломжгүй. Хувьчлахтай холбоотой асуудлаар манайхаас санал авсан. Мэргэжлийн холбоонд нь тодорхой хувийг өгвөл сургалт, дасгалжуулалт нь илүү сайжрах байх  гэж асуудлыг өөрсдөөсөө зайлуулан зугтсан байдаг.

Тус төвийг хувьчлах нь зөв, буруу гэсэн сунжирсан маргаан үргэлжлэх үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төв бассейныг цаашид ашиглаж болохгүй гэсэн акт гарсан. Гэвч тус актыг үл тоон Төв бассейн ажилласаар байв. Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа мэдэгдэх хуудас өгч шаардлага тавин 3-4 удаа үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Энэ хооронд Усан спорт сургалтын, Төвийг хувьчлах нь зөв, буруу гэсэн НИТХ-ын маргаан үргэлжилсээр  байж. Төв усан бассейн алдагдалтай ажилладаг гэсэн нь хувьчлах төсөл боловсруулагчдын эцсийн арга байсан уу. Эсвэл үнэхээр элэгдэл, хорогдолыг  мэргэжлийн хяналтыг байгууллагынхан мэдэрч акт тогтоосон нь үнэн байв уу гэдгийн алин болохыг мэдэхгүй. 2013 оны арваннэгдүгээр сард Төв бассейны дээврийн бэхэлгээний гол төмөр унаж, олныг цочирдуулсан. Энэ нь Төв бассейныг хувьчлах төсөл санаачлагчдын ажлыг түргэтгэж өгөх том шалтгаан болж, хувьчлах нь зөв, буруу гэсэн НИТХ-ын гишүүдийн маргаанд эцсийн цэг тавьжээ. Тэд “Хувьчиллаа гээд үйл ажиллагаа нь сайжирч, ашигтай ажиллавал болж байна. Харин төрийн өмчийг үнэгүйдүүлж, үнэлгээг буруулан, хэн нэгэнд хямдхан өгөх гээд байна уу” гэж хардаж байгаагаа илэрхийлж байлаа.

Төв бассейныг хөрөнгө гарган засварлахгүй атлаа яагаад муутгаж байж хувьчлах гээд зүтгүүлээд байсан нь хардлага түрүүлнэ. 2014 онд хувьчлах объектуудын жагсаалтад оруулж ирэхдээ компанийн зарчмаар хувьчилна гэж тусгасан байв. Гэтэл 2015 онд 40 хувийг нь нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах нь зөв гэж өөрчлөн зүтгүүлжээ. Харин 2016 онд 100 хувь нээлттэй дуудлага худалдаа болгож босгоо намсгажээ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас Усан спорт сургалтын төв буюу Төв бассейныг нээлттэй дуудлага худалдаанд 2017 онд оруулж, доод үнийг 10.97 тэрбум  төгрөгөөр тогтоосон байна. Тухайн жилд Усан спорт, сургалтын төвийн нийт хөрөнгө нь тэрбум  төгрөгөөр хэмжигдэж, 301.7 сая төгрөгийн өр төлбөртэй байж.  2016 оны эхний хагас жилд 65.8 сая төгрөгийн,   2015 оны бүтэн жилийн дүнгээр 94.5 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байжээ. Мөн ажилчдын цалин, цэвэр, бохир ус, дулааны зардал өндөр гарсан үзүүлэлттэй байв.

Өмч хувьчлах комиссоос  гурван удаа дуудлага худалдаа зарлахад санал ирээгүй учир анхны зарласан үнийг бууруулдаг журмын дагуу 8.7 тэрбумаар хувьчлах шийдвэр гаргажээ. Энэ үед “Этүгэн” их сургууль тэр буулгасан үнээр нь худалдан авчээ. Ингээд Төв бассейн хувийн өмчид шилжсэн болохоор усан спортын улсын шигшээ багийн тамирчид бэлтгэл хийх стандартын бассейнгүй болжээ. Гэтэл БСШУСЯ, Биеийн тамир спортын газар үүнд огтхон ч санаа зовохгүй байгаа нь харамсалтай. Олон  улсын стандарт хангахгүй ч бэлтгэл, сургуулилалт хийж болох 20 гаруй жижиг бассейн бий хэмээн усан спортын тамирчдын амыг татлан сууна.
Нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах тохиолдолд тухайн объектын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй гэж хатуу тусгасан заалт байдаггүй юм байна. Яг нөгөө “Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү. Лаагаа иднэ үү. Ямар хамаа байна” гэдэг шиг  л  юм болж хувирч. “Этүгэн” сургууль Төв бассейныг хичээлийн байр болгох нь тэдний эрх мэдлийн асуудал аж. Худалдан авах гэрээнд эхний хоёр жил бассейныг зориулалтаар нь ашиглана гэсэн заалт байгаа гэнэ. Түүнээс хойш  нураах, сэргээх нь “Этүгэн” их сургуулийн дотоод асуудал болжээ. Тэд барилгын үндсэн хийц, загварыг нь алдагдуулахгүйгээр дээврийг хуулж, сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудыг шинэчилж, ажлын засвар хийхээр болжээ. Ийнхүү  “Этүгэн” их сургуулийн оюутнууд хичээлийн байртай, усан бассейнтай болж, усан спортын тамирчид стандартын усан замгүй болж хоцорлоо. Олимп ойртсон үед орох оронгүй болж хоцорчээ, усан спортынхон.

Үндэсний шуудан сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: