Коронавирусийн нөлөөгөөр аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ажлын байраа цомхотгожээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 25 ・ 1

 

 

 

 

  • Төр тансаглалаа танахгүй бол ажилгүйдэл 260 мянгаар нэмэгдэхээр байна
  • Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалахад санхүүгийн дэмжлэг чухал байна гэж 60 хувь нь хариулсан бол 50 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлийн хугацааг хойшлуулах хэрэгтэй гэж үзжээ

COVID-19 вирусийн халдвар, тархалтаас үүдэн Бизнесүүд туйлдаж гүйцлээ. Эдийн засаг өдөр өдрөөр улам доройтож, аж ахуйн нэгжүүд эс хүссэн ч ажилчдаа цомхотгоход хүрч байна. Түрээс, алданги, зээл, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, валютын ханш гээд хувийн хэвшлийн нуруун дээр буух дарамт, шахалт нэмэгдсээр. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хийсэн судалгаагаар аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбар хэдийн агшжээ. Эдгээр салбарт ажиллаж байсан иргэд өнөөдөр ажилгүй, орлогогүй болоод байна.

1500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан ажлын байрны нөлөөллийн судалгааны үр дүнг МҮХАҮТ-ын удирдлагууд танилцуулсан юм. COVID-19 вирусийн нөлөөгөөр аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ажлын байраа цомхотгожээ. Цаашид төр засаг дорвитой анхаарахгүй, асуудал нэмж хүндэрсээр байвал 260 мянган хүн ажилгүй болж, 20 мянган компани үүд хаалгаа барих эрсдэл хамар дор байна. Судалгаанд оролцсон компаниудын 65 хувийнх нь орлого буурч, 42 хувийнх нь хэвийн үйл ажиллагаа доголджээ. Мөн 30 хувь нь шаардлагатай бүх зардлаа бууруулсан байна. Үндэсний статистикийн хорооны энэ оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр ажилгүйдлийн түвшин 8.1 хувьд хүрэв. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гэхэд 35.6 мянга болжээ. Бүртгүүлж амжаагүй, орлогогүй болсон хэчнээн мянган иргэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлонг амсаж яваа бол... 

Харин эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулгарсан энэ үед төсвийн алдагдал өндөр хэвээр байна. Засгийн газар одоогийн үрэлгэн зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжихгүй бол хямрал гүнзгийрэхээр байгааг эдийн засагчид сануулсаар байна. Тэдний нэг болох Б.Дөлгөөн “Нэн шаардлагатай бус зардлаа төр тэвчиж, Засгийн газар бодитой арга хэмжээ авахгүй бол манай эдийн засаг ойрын хугацаанд улам дордоно. COVID-19 вирусийн эдийн засагт нөлөөлж буй байдал 2009 оны хямралын шинжтэй адилхан. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлууд хангалтгүй байна” хэмээн шүүмжилсэн юм. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэж байна. Сангийн сайд тодотгол хийхгүй хэмээн зургаа дахь удаагаа мэдэгдсэн ч эдийн засагчдын байр суурь түүний мэдэгдлийг үгүйсгэсээр.

Төсвийн өндөр зардал, хоёр их наядаар хэмжигдэх алдагдал эдийн засагт нүүрлэсэн хямралыг эмчлэх бус улам сэдрээхээр байгаа юм. Дэлхийн улс орнууд ч төсвөө тодотгож, зардлаа бууруулж байна. Айл өрх, аж ахуйн нэгжүүд хүртэл томоохон хөрөнгө оруулалт болон худалдан авалтаа түр хойшлуулах арга хэмжээ аваад эхэлжээ. Харин манай улс сонгуулийн өмнө их ажил хийсэн болж харагдах гээд эдийн засгаа “самарч” мэдэхээр байгааг нөлөө бүхий эдийн засагчид дор бүрнээ сануулсаар. Дээрх судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 60 хувь нь ажлын байраа хадгалахад санхүүгийн дэмжлэг чухал байна гэж хариулсан бол 50 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлийн хугацааг хойшлуулах хэрэгтэй гэж үзжээ. Эдийн засгаа тартагт нь оруулж байж төр тансаглалаа танах гэж үү. Төсвийг хамгийн багадаа 500 тэрбум, цаашилбал хоёр их наядаар хэмнэх боломж байна.

 

 

Засгийн газрын мэдээ сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: