- МИАТ-ийн мөнгөн цагаан онгоц дүүлэн ирнэ хэмээн итгэсээр л, нүдээ хөхөртөл харуулдсаар л байна
- Обамагийн үед бөөн маргаан дэгдээсэн оновчтой гэгдэх эмнэлгийн даатгалыг сэргээх санал ч цухалзаж байх шиг
- Америкчууд харин нөөцлөх “булчирхай” бараг үгүй. Гэхдээ Costco мэт ланжгар том бөөний худалдааны дэлгүүр рүү нэг шумбахаараа ч жижиг “вагончик” шиг тэргээрээ хийморийн овоо шиг бараа дардаг онцлогтой хүмүүс аж
- Гадаадын зарим хэвлэлд “Их Америк бүх салбарт толгой цохидог уламжлал нь хэвээрээ л байна” гэж ёжлон мэрсэн байх юм
- Хар голомтоос зугтаасан хятадуудын зөв үү, шар голомтдоо нэвтрүүлсэн америкчуудын зөнгөр үү

Өмнө нь hi, одоо bye
Америкийн гудамжаар алхахад хажуугаар зөрөх олноос зарим нь “Хай! Хау аа юү?” гээд л нүүр жавхаалаг инээмсэглэн, цочтол найрсгаар мэндэлдэгсэн. Би ч таньдаг найзыгаа анзаарахгүй өнгөрч, соёлгүйгээ харуулчихав уу даа хэмээн самгардан боддог л. Гэтэл дахиад л огт танихгүй бүдүүн хар хүүхэн “Хэллөү” хэмээн амны хайрцаг дүүрэн мишээсээр халбигнан одох нь тэр. Ахиад л танихгүй шар өвөө дохилзон “Хаү аа юү дүүинн?” гээд л өнгөрнө. Ингэж л би бээр америкчуудын “жижүүрийн инээмсэглэл” бүхий найрсаг “найс” мэндчилгээнд дассан нэгэн билээ. Гэтэл одоо бол тэд мэндлэх нь бүү хэл дөхөж ирэхийн алдад нүүрээ тас бууруулан зөрж, зарим нь бүр алсаас “Зам тавиарай, зайгаа бариарай” хэмээн орилж, Social distancing буюу гурван метрийн холоос харьцах зарлигаа ягштал биелүүлж буй нь энэ. Ухаандаа хэн нэгэн өвчилсөн этгээд ханиах үед вирустэй шүлс нь гурван метр хүрэхгүйгээр, яг хоёр метр 99 см үсрээд л халдвар түгээж чадахгүй наана нь газарт бяц үсрээд, бүрмөсөн талийлгах шинжлэх ухааны нарийн тооцоо гэнэ шүү.

"Ниргэсэн хойно хашхирав"
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хэмээх 11 сая оршин суугчтай, өндөр хөгжилтэй, томоохон хотод коронавирус дэгдсэнээс хойш хангалттай цаг хугацаа өнгөрсөн ч АНУ-ын засаг захиргаа үл ойшоон, ямар ч арга хэмжээ авсангүй. Энгэрээ сул тавьж, элдэв нислэг хөдөлгөөнөө задгайлан, хянахгүй байснаас өдгөө энэхүү аймшигт тахалд хясуулж, энэ том гүрнийг эвгүй манан бүрхэн, COVID-19-ийн тархалтаар дэлхийд толгойлж эхэлсэн нь гамшигтай. Сан-Франциско хотын дарга Лондон Брид дөнгөж гуравдугаар сарын 16-ны өдөр л гэртээ бүгэх, гадуур хэсэхгүй байх тушаал буулган, гэнэт ухаан орсон мэт дэг журам сахиулах талаар дөвчигнөж эхлэв. Онцын шаардлагагүй гадуур хэсэх, зугаалахыг хориглон, дүрэм зөрчигсдөд сануулга өгөх, 500 ам.доллараар торгох, бүр тусгаарлах байранд албадан хорих хүртэл гэсгээл жавтий хүртээхийг анхаарууллаа. Мөн орон нутгийн онгоцоор зорчих тийзтэй хүмүүс нисэх шалтгаанаа зөв тайлбарлаж чадахгүй тохиолдолд буруутныг 1000 ам.доллараар торгон, бүр саатуулах арга хэмжээ авах талаар ч мэдээлж байна. Гэвч дээрх сүртэй тушаалын хэрэгжилт олигтой биелсэнгүй, олигтой ч шалгасангүй, байцаах ч шаардлага гарсангүй бололтой. Харин сүүлйин өдрүүдэд халдвар цадигаа алдах үед л дотоодын ихэнх нислэгийг арга буюу цуцалж, муж улсуудын хооронд давхих машины цувааг “шингэлж” эхэлж буй нь эрс мэдрэгдлээ.
Шар өвгөн, цагаан маск, хоёр триллион
Маск буюу амны хаалт зүүхийг мянгантаа сурталчилж буй ч төрийн тэргүүн, шар өвгөн Д.Трамп “Би өөрөө зүүхгүй. Энэ нь сайн дурын хэрэг” гэж мэдэгдэн, олон түмнийг ацан шалаанд оруулав. Мөн АНУ түүхэндээ хамгийн их буюу 2.2 их наяд ам.долларын төсвөөр коронавирусийг ялж, 320 сая ард иргэдээ хямралаас гаргах лут шийдвэр гаргажээ. Мөн жил тутам шинээр мэндэлдэг 200 мянган нялхсаа ч бодсон хэрэг. Одоогийн байдлаар мухардалд орсон долоон сая гаруй хүн ажилгүйдлийн тэтгэлэг авах өргөдлөө өгсөн гэнэ. Энэ ярвигтай өргөдөл нь өдтэй бичиг болон бүтвэл ч хорон вируст хорлогдсон түг түмэн хохирогсод 1200, хүүхдүүд 500 ам.доллараар дансаа мялааж, шархаа нөхөх авралтай. Том том компаниуддаа 500 тэрбумын татаас өгнө л гэнэ. Том гүрэн ч том юм аа. Даанч дайснаа хилээр нэвтрүүлж “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч буй” болохоос биш. Бас даатгалын асуудал хурцаар тавигдаж, бараг 20, 30 сая хүний асуудал сөхөгдөнө. Бөөн мөнгө төлбөр л гэсэн үг. Обамагийн үед бөөн маргаан дэгдээсэн оновчтой гэгдэх эмнэлгийн даатгалыг сэргээх санал ч цухалзаж байх шиг. Том “милитарист” гүрэн болохоор цэргийн хүчирхэг үйлдвэрүүдийг нэн хэрэгцээтэй бараа, амьсгалын аппарат үйлдвэрлэх чиглэлээр жанжин штабын тушаал буулгав. Мөн том том спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнд цэргийн хээрийн эмнэлгийг шуурхай эмхлэн байгуулж, даацыг нь даамгай нэмсэн байна.
Нөөц жоор ба нүүр царай
Оросууд олон дайн дажин, өлсгөлөн зовлон, ган гачиг, гай гамшгийг биеэрээ туулсан ард түмэн болохоор “Ворошиловын мэргэн бууч” киноны гол баатар, эх орны дайны ахмад дайчин Иван Фёдорович Афонин өвгөн “Бүх насаараа л нөөцөллөө. Шүдэнз, талх, төмс, давс” гэж хэлсэнчлэн “ах” нар бол зоорио (погреб) ухаад л бөөн жоор, өргөст хэмх, ногоо, гахайн өөх, самогон, ер нь нуль хангамж, огт гачигдахгүй зоригтой ард түмэн. Америкчууд харин нөөцлөх “булчирхай” бараг үгүй. Гэхдээ Costco мэт ланжгар том бөөний худалдааны дэлгүүр рүү нэг шумбахаараа ч жижиг “вагончик” шиг тэргээрээ хийморийн овоо шиг бараа дардаг онцлогтой хүмүүс аж. Саяны хямралаар Costco “аваргын” ариун цэврийн цаас, цэвэр ус, гоймон, бэлэн хоол ул мөргүй дуусахыг хардаг л хорвоо юм байна. Гэхдээ эд нар мах, гурил жоорлохгүй нь бидэнд жигтэй сонин ч юм шиг. Ойворгон “Таагий” өвөө “Энэ бол Хятад вирус” хэмээн мэдэгдсэний харгайгаар ази царайтай иргэд рүү халдах тохиолдол хэд хэд үүсч, хэгжүүн хятад, солонгос иргэд мөчөөгөө өгөхгүй, Америкийн зэвсгийн дэлгүүрээс аргагүй хамгаалалтын зорилгоор буу, сум базаасан нь гашуун ч гэсэн үнэн. Тэртээ тэргүй хийх юмаа олж ядан сэлгүүцдэг хар залуус нь ази зүстэй хүнийг хараад өдөх сөдөх нь олширсон тул хааяа ч үсээ шараар, нүүрээ бороор будуулах бодол ч өөрийн эрхгүй төрсөн гэж солонгос найз өгүүлэх.
Хамтын ажиллагаа, ханш нээх, хагас эргэлт
Нанхиад гүрнийг зүхэж байсан Трамп гуайд Ши Жиньпин “тунжы” 90 тонн хүнсний бараа, амны хаалт илгээж, Путин “друг” нь хоёр онгоц хүн хүч, тусламжийн илгээмж нисгэснийг эндхийн хэвлэлүүд дүйвүүлээд л өнгөрөөх шиг. Хамгийн эвгүй нь “Сэм авгын” мэргэжилтнүүд “төлийн хорогдол” тооцоолж буй мэт нас барах хүмүүсийн тоог 200 мянгад хүрч болзошгүй хэмээн тооны машиндаа тачигнуулж, бүр оршуулгын зардалд төлөх санхүүгийн тусламжийн тусгай аппликейшн (35,000$ хүртэлх) бэлэн болжээ. Бас 100 мянган цогцосны уут хийх тендер гадуур зарласан ч гэх шиг. Энэ бол эндхийн ужиг нийгмийн ердийн үзэгдэл. Ямар сайндаа л ажилд орсон залууст шууд тэтгэврийн данс нээдэг агаад гэрээслэлээ бичихийг шаарддаг журамтай ажээ. Буруу номтны ёс жаяг гэж сэжиг төрөх ч бас л эрсдлийг харсан америк стайль юм чинь яах ч аргагүй. Тэгсэн атлаа Америкийн засаг захиргаа COVID-19 тахалд эзлэгдсэн Итали улсад 100 сая ам.долларын тусламж үзүүлэнгээ БНСУ-аас аргазүйч экспертүүдийг ирүүлэх хүсэлт илгээж байх шиг. Гэтэл Гуулин улсын цар тахлын тархац хумигдангуут өнөөх солонгосчууд Америкаас ирэх онгоцонд улаан гэрэл асааж, мурих араагаа залгав. Толгой баячууд нь байгалийн үзэсгэлэнт буйд газар орших орд шилтгээндээ тухалж, ард иргэд нь гэртээ туулай мэт хярж, гудамж зам сэлүүхэн, машин тэрэг үлэмж цөөрсөн. Мөн “масктан”-гууд олшрох хандлага байна. Анх амны хаалттай хүнийг өвчтэй хүн гэж цэхийтэл хялайж байсан нь үнэн. Одоо арай өөр. Аргагүй шүү дээ, өвчтэй ба сэжигтэй иргэд нь маск зүүх үүрэг хүлээсэн юм чинь.
Нарныхан ба нарсныхан
За тэр homeless буюу орон гэргүй хүмүүс бол өдгөө халтар маскаа толгой дээрээ эгэлдэргэлж, хар өмдөө салтаан доороо үрчийлгэж, “коронавирус”, “короно пиво” хоёроо ч ялгахгүй, гудамж дошныхоо булан тохойд манаран, мансууран сүүмэлзэх юм. Энэ бүлэг сүрэг хүмүүсийн дунд халдварт өвчин дэлгэрэх эрсдэл маш өндөр тул тэдэнд онцгой хяналт тавьсан ч аль хэдүйн тавиад туужээ. SOS авсан Сан-Франциско хотын удирдлага мянга гаруй ортой дажгүй буурчийн газарт “боомж”-уудыг хашин тусгаарлах шийдвэр гаргаж, төлбөрийг нь төр засгаас төлөхөөр болсон байх юм. Эд нар ч сардаа 400 орчим “ногоон”-ы тэтгэлэгтэй, маниусаасаа илүү хангамжтай амьтад. Дараагийн толгойны том өвчин бол шорон. Энд ял эдэлж буй хоригдлуудын дунд аюулт вирус шургалсан тул мөн л энэрэнгүй бодлогоор зохицуулж, зургаан сар хүртэлх ял сонссон гэмт хэрэгтнүүдийг суллаж эхэллээ. “Нарснаас наранд гарсан” 3000 гаруй хулгар “ачийг бачаар” гэгчээр халаас суйлах, хулгай хийх гээд л муу зангаа тавихгүй тул иргэдийг болгоомжтой байхад илүүдэхгүйг сануулсаар, цагдаагийнхны ачаалал нэмэгдсээр. Хүмүүс гэр бүл, нэмэгдэл зочин гийчинтэйгээ гэр орондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ бүгэлтээ маш хариуцлагатай сайн гүйцэтгэж буй тул хулгайчдын “отолт” ба burglar буюу орон байрны хулгай үйлдэх бүх нүх сүв нь таг хаагдсан гэхэд болно, ха ха ха!
Газраар алхдаг ганган "Боинг"
Олон улсын валютын сан дэлхийн бөмбөрцөг эргэлдэж буй ч дэлхийн эдийн засаг яг тэхийн зогсоолд таг очсоныг мэдэгдэх нь тэр. Ээ бүү үзэгд. Мэдээж үүнийг дагаад агуу Америкийн гигант үйлдвэрүүд өвдөглөж, тасалдаж, гацаж, мөлхөж, зогсож байна, үнэндээ гол харламаар. Том том компаниуд оффис, цехээ хааж, данхар хар цоож зүүлээ. Хэзээ онгойлгох нь, онгойх нь бүрхэг. Тэнгэр огторгуйн “төмөр шувуу”, пуужин бүтээдэг алдарт “Боинг” онгоцны үйлдвэрт он гараад ганц (!!!) ч захиалга ирээгүй “антирекорд” тогтоосныг юу ч гэмээр юм бэ дээ. Үүн дээр үйлдвэрийнхээ 150,000 үнэнч ажилтан, ажилчдадаа цалинтай чөлөө “уйлан байж” олгосон ч өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн хүнийг “хүндэт самбар”-т тавих нь холгүй муйхарласныхаа дараа захиргаанаас орон тооны цомхотгол хийхээ ч нуусангүй. “Чоно борооноор” гэдэг шиг энэ үеэр REAL ESTATE -ээр зочид буудал ба бусад объектыг хошгируулан хямд авах оролдлого цөөнгүй. Бирж ч мозамбик доллар шиг навсайтал унаж, олон хүн манай 20 дугаар тогтоолын дараах шиг мөнгөө суга татаж буй сурагтай. Энэ хүнд үед TRUCK буюу хүнд даацын ачааны тэрэг барьдаг холын тээврийнхэн л энэ орныг хөдөлгөж байна. Түүний дотор аргамаг морьдын нуруун дээр өссөн, эрэлхэг Монголын саятан тээвэрчид зөндөө зөндөө! Алтан шар зам нь өлзийтэй байг!
Нэгэн экипаж
Хар тахлын гамшгийг далимдуулан хар тамхины картель бүлэглэл идэвхжиж, Колумб, Эквадор, Венесуэл, Мексикийн “шилийн муу эрчүүд” усан замаар шургалахыг оролдоод, эргийн харуулд “гардуулсан” тохиолдол олширчээ. Корона ба Коломбиятай давхар бөгөөд хайр найргүй тэмцэхийг Трамп хатуу үүрэгдэв. Нүүрээр нь дүүрэн яр батга шавсан мэт сэжгийн, ёрын бэлцгэр коронавирус нь гутал хувцсанд хүртэл 48-72 цаг зууралдан тогтдог, одоо болохоор мутац нь нөхцөл байдалдаа шаламгай дасан зохицож, зүсээ түргэн хувиргах чадвартай тул эднийг устгах эм вакцинаа түргэн, үр ашигтай бүтээхийн чухлыг Америкийн суваг, сайт, сонин болгоноор л цэцэрхэх юм. Гэвч өдрөөс өдөрт халдварын тоо цойлсоор. Гадаадын зарим хэвлэлд “Их Америк бүх салбарт толгой цохидог уламжлал нь хэвээрээ л байна” гэж ёжлон мэрсэн байх юм. Нээрээ ч эхнээсээ бааварлахгүй, хариуцлагатай, хашир үзсэн бол өдийд ийм хохирол амсахгүй байлаа. Энэ хувхай тахал нь есдүгээр сарын 11-ний хоёр өндрийн эмгэнэлт явдлын үеэр үрэгдсэн хүмүүсээс илүү олон алтан амийг авч одсон нь нэгэнт нотлогдсонд харамсаад ч барахгүй. Одоо дэлхийг “Юпитер” гариг мөргөхгүй, хойд туйл хайлан урсгахгүй, харь гаригийнхан довтлохгүй! COVID-19 гэдэг хар хүчний эсрэг хүн төрөлхтөн хамтын хүчээр тэмцэж, аюулт “өргөст хатгуулсан” сая хүнээ алдахгүйгээр гинжин холбоо хийх л үлдлээ. Хоорондоо байнга толхилцдог АНУ, ОХУ, БНХАУ бүгд л нэг экипажид хамтдаа нүдэнд үл үзэгдэх COVID-19 дайсны эсрэг онилох хэрэгтэй.
Гэрийн хорионы гэдэн годон
Хямралын үеэр оршин суугчдын хамгийн хайртай хүн нь зөөврийн ажилтнууд. DELIVERY үйлчилгээнийхэн хамраа ч гэрээсээ цухуйлгахгүй бүгэгсдийн бүх захиалгыг шуурхай гүйцэтгэн, аминд нь орж буй тул тэд хаалганыхаа гадна маск, цайны мөнгөө нааж, “СЭНК ЮҮ”-гийн ерөөлийг сэвж байна. Угаасаа ч хүний биед хүрдэггүй, зай барин дугаарлах соёлыг ягштал эзэмшсэн америкчууд одоо ч бүр гурван метрийн зайгаа яс барин, эмийн сан, хүнсний дэлгүүр хоршооны гадаа оочерлоход жингийн цуваа мэт сунагар харагдавч, явц хэмнэлийн хурдан нь сайшаалтай. АНУ-д одоо л сахилгын бүсээ жаахан чангалж буй болохоос “хөл хорио” гээд л буутай цэрэг, шийдэмтэй цагдаа сүржигнэсэн юм алга. Бүх үйлчилгээний газар үүдээ оньсолж, албан байгууллагууд хаалгаа хаасан. Монголчуудын их идэвхтэй жолооддог “Убер” таксины ихэнх нь тоолуураа унтрааж, тооцоогоо хаасан. Харин цагаан захтнууд ажлаа гэрээсээ цахимаар амжуулан, компьютерээ нүдсээр л сууна. Түүнчлэн 10 хүрэхгүй хүн бүхий барилгын бригадынхан алдаг оног хөдөлмөрлөсөөр. Итали, Франц зэрэг оронд гэрийн хорионд удсан балмад эрчүүд нь эхнэр хүүхдээ зовоох, зодох, агсам тавих зохисгүй үйлдэл газар авч, “ачир дээрээ” жентльмен царайлагчид амьдрал дээр арчаагүй шаар болох нь ар араасаа нотлогдсоор. Гай тотгорыг галав юүлтэл эх дэлхийд өдөөсөн гайтай хөөтэй хятадууд оромжиндоо удаан хоригдоод, шушмаа хэрүүл маргаан нь даамжран хэтэрч, карантин тавигдахаар хамгийн түрүүнд гэрлэлтээ цуцлуулахаар яаравчлах гэр бүлийн тоо олширсон гэнэ дээ, хөөрхий.
"Зэлтэрийн гацаа"
Өдгөө АНУ-д баяр хөөртэй хүрэлцэн ирсэн мянга гаруй монголчууд “Зэлтэрийн гацаа”-нд таг орлоо, хөөрхий! “Сайн цагийн сүүлч, муу цагийн эхэнд” Буянт-Ухаагаас хөөрч, далайн чанадыг зорин, аргын тоололтой Америкт билгийн тооллын цагаан сарыг тэмдэглэх, ширээг нь чимэх, бие хаагаа үзүүлэх, бизнес наймаа сонирхох, аялал жуулчлалаар хэсэх, ахан дүүстэйгээ уулзах гээд л олон төрлийн томилолт өвөрлөсөн “илгээлтийн эзэд” индианы өлгий энэ нутагт “Хоролмаа вирус”-ийн гацаанд өртөнө гэж яахин санах билээ. “Эрээд олддоггүй эрдэнэ, сураад олдоггүй сувд” мэт Америкийн визийг үл даруулан, гамшигт вирус хүчирхэг энэ улсыг өөрөө дарамтлан, хүй орчлонг цөлмөх “Дэлхийн чимээгүй III дайны” золиос болгосон гэлтэй. Өргөн уудам Америк орны зүүн, баруун эргээр тархан зочилсон, тайван аялсан монголчууд “Орсон бороо арилдаг, ирсэн гийчин буцдаг” жаягаа дагах гэтэл тэнгэрийн зам хаагдаж, газрын түгжрэлд гарцаагүй орооцолдов. Япон, БНСУ, Турк, Германаас ниссэн үүргийн онгоцонд энэ тивийнхэн багтах санаа байвч сачий хүрсэнгүй. Мөн Токио, Инчёноос хөөрөх тусгай нислэгүүдэд амжин суух гэтэл тун олон шаардлага хангах ёстой бөгөөд АНУ дахь манай ЭСЯ, Консулын газар нь зөвхөн тоон бүртгэл хийхээс, онгоцонд суулгах баталгаа огт өгөхгүй гэсэн хариугаар ам таглав. Хүмүүс өргөдөл бичгээ өчнөөн мэйлдсэн ч хариу ирсэнгүй. Гэтэл саяхан Сэм авгынхаас 50 гаруй монгол сэм нисч, Токио-Наритагаас Улаанбаатар руу баталгаатай суудал тавиулаад, байдгийнхаа баруун хаяанд баараггүй очсон байх юм. Атаархмаар гэж. Энд олон өтгөс нялхас бас л адилхан таг гацсан байгаа шүү дээ, талыг нь ч гэсэн хамруулахгүй дээ! Энэ талаар АНУ дахь дипломат төлөөлөгчийн газрынхнаас одоо болтол бодит тусламжийг нүдээ хөхөртөл хүлээн, эх орон руугаа буцах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болсон олон монгол зүрх гонсойх бол юу ч биш. Гэтэл ОХУ-ын дипломатууд энд гацсан иргэддээ байр, хоолны санхүүгийн тусламж үзүүлж буй мэдээ цацагдсаныг олж харлаа. “Харих юмсан”, “АНУ-д гацсан монголчууд”, “Лос-Анжелесийн сэргэлэн монголчууд” гээд л аргаа барсан ард түмний горьдлого тээсэн сайтуудад санал бодол ундарч, МИАТ-ийн мөнгөн цагаан онгоц дүүлэн ирнэ хэмээн итгэсээр л, нүдээ хөхөртөл харуулдсаар л байна. Тэд дотор сэтгэлдээ ийн дуулах мэт.
...... Хулсан ТИЙЗ-тэй ч болоосой доо
Хуруундаа өлгөөд нисэх юмсан даа
Хууль КАРАНТИН-гүй болоосой доо үр минь дээ, хө
Хуучин нутаг шандандаа буцах юмсан даа...
Робинзон Крузо биш ч...
Дотуур байрнаасаа хөөгдсөн оюутан, цагийн ажлаа алдсан залуус, “УБЕР”-ээ уясан таксины жолооч, жижиг өрөөнд зулсан зочид, нэр хүндтэй ирээд нэрмээс статустай болсон гийчид, гэрээгээ цуцалж гэртээ “ичсэн”, байр хоолондоо барьц алдах дөхсөн, ажлаа санасан, мексик, солонгос, орос, америк андаа үгүйлсэн гээд л нэлээн олон монголчууд энд үнэндээ хааяа гар мухардах үе бишгүй л байна. Гэхдээ бид эзгүй арал дээр Робинзон Крузо мэт шалз шиг хаягдаагүй, АНУ дахь өсөн дэвжсэн, шинэ жавхаалаг, суурин ахан дүүсийнхээ дэмжлэгээр хүний газар, гүний хошуунд ая тухтай байгаагаа илэрхийлэвч заримынх нь паспортны визний хугацаа тулж, дийлэнхийнх нь сэтгэлийн виз туйлджээ, хөөрхий! Ялангуяа “Мөдхөн эргээд ирнэ ээ гээд Мөрөнгийнхөө чулууг өвөртөлж” ирсэн явуулын монгол “Гацааловчуудын мянгат”ыг эх орон руу нь үтэр түргэн татах нь иргэнээ гэсэн эх орны халуун сэтгэл бус уу. Мөнгөн гаригт мянган орон буй ч мөнх тэнгэрийн орон миний Монгол хамгаас илүү бөлгөө!
Зугтамхай Хятадууд, зочломтгой Америкууд
Оноос өмнө Ухань хотод дэгдсэн аюулт корона нь тахал зиндаанд хүрээгүй цаг үед болон ДЭМБ-аас цар тахал хэмээн дэлхий дахинаа түгшүүрийн харанга дэлдэх үед ч АНУ нь агаарын хилээрээ онгоц чөлөөтэй нэвтрүүлсээр л байжээ. Дээрх хугацаанд Хятадаас 279 удаагийн шууд нислэг Америкийн 17 буудалд нийт 430 мянган зорчигч бараг эмнэлгийн шалгалтгүйгээр нэвтэрсэн байх юм. Хамгийн шог нь Дональд Трамп хориг тавьсны дараах 14 хоногт Нанхиад гүрнээс 40 мянган зорчигч “Сэм авгынд” шургалсан гэнэ шүү. Хамгийн аймшигтай нь бүр тахлын халуун голомт Үхань хотоос дүүрэн зорчигчтой онгоц 19 удаа хөөрч, 4000 хүн “санаатай” ба “санамсаргүй бэлэг”-тэйгээр Нью-Йорк, Сан-Францискогийн айрпортод хөл тавьсан нь тогтоогджээ. Мэдээж бүх зорчигч хятад биш бөгөөд дөрөвний нэг нь АНУ ба бусад орны цөөвтөр иргэн нэгэн дээвэр дор ирсэн нь хөдөлбөргүй нотлогдлоо. Хар голомтоос зугтаасан хятадуудын зөв үү, шар голомтдоо нэвтрүүлсэн америкчуудын зөнгөр үү.
Тангарагийн ёслолоор тактикаа
АНУ-ын халдварт өвчин судлалын урдаа барьдаг ганц мэргэжилтэн Энтони Фаучигийн сургаал одоо библийн судар мэт нөлөөтэй байх болжээ. Тэрбээр шинэ Ерөнхийлөгч Д.Трампыг 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөх үед л “Энэ ойворгон удирдагчийн үед аюулт өвчин, тахал хижиг улс орны өмнө ноцтой аюул болон тулгарч мэднэ шүү” гэх утгатай үгийг зоригтойгоор хэлж, анхнаасаа л бүхнийг анхааруулан, олон нийтэд хүртэл ил тодоор мэдэгдэж байсныг сэтгүүлчид архиваас дор нь ухаад л ил гаргаад ирэв. Одоо АНУ даяараа маргаан мэтгэлцээн, буруу зөрүү мэдээнд бүхэлдээ автаж, зарим нь Д.Трампыг гол буруутан гэж, нөгөө хэсэг нь өмөөрч, тэнэг хүн огт биш, харин зориуд мэдэн будилж, тэнэг царай гаргадаг сийрэг толгой хэмээн бөөн маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх шинжтэй. Бас Америкийн нам гүмхэн хөдөө тосгон, ферм рүү өнөөх үхлийн вирус гэтэж буй мэдээ чих дэлслээ.
(Энэхүү нийтлэлийг бичихэд найрсаг зөвлөгөө өгсөн эрдэмтэн анд Ширчингийн Баатар танаа талархсанаа илэрхийлмү)
Ж.Отгонцагаан, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
АНУ, Оклэнд хот