
- Энэ бол жинхэнэ аюулын дохио
- Хямралыг эсрэг гаргасан, санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа оноогүй, аргацаасан, үр дүн муу хэмээн шүүмжлэгдэж байгааг сонсохгүй байна гэж байх уу!
Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэн тун хүнд байдалд орлоо.
Шалтгаан нь тодорхой, мэдээж цар тахал. Энэ нь хэн бүхний анхаарлаа хандуулах учиртай ноцтой асуудал үүслээ гэсэн үг. Яагаад гэвэл аж ахуйн нэгж, компаниуд эхнээсээ үүд хаалгаа барьж, орон тооны цомхотгол хийхээс аргагүйд хүрч, иргэд өдөр бүр хэдэн зуугаараа ажилгүй болж, гудамжинд гарч эхэллээ. Яг өнөөдрийн байдлаар 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 гаруй мянган хүн ямар ч орлогогүй болсон гэсэн үг. Цаашдаа энэ тоо улам нэмэгдэх болно. Гэтэл УИХ, Засгийн газраас анзаарч байгаа янз огт алга. Анзаарсан ч, арга хэмжээ авах янз алга. Уг нь арваад хоногийн өмнө эхэлсэн УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байдлыг гишүүдэд анзаарвал анзаарахаар анхааруулан хэлж, Засгийн газарт тодорхой санал,чиглэл өгсөн юмсан. Гэвч үүсээд байгаа нөхцөл байдал, түүнээс урган гарах үр дагаврын хор уршгийг У.Хүрэлсүхийн танхим, тэр тусмаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрөөр хараад байх шиг байна. Ганц Монгол Улсад биш дэлхийн бүх улс оронд яг ийм байдал үүссэн. Нэн хүнд хямралтай нүүр тулж байгаа ч, Засгийн газрууд нь онцгой нөхцөл байдалд тохируулан эдийн засаг, ард иргэдийнхээ амьжиргааг хамгаалах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, төсвөө тодотгон шинэчилж, хамгийн гол нь иргэдээ ажлын байраа алдахаас нь болгоомжлон бүхий л байдлаар үйлдвэр, аж ахуй, пүүс компаниудынхаа бизнесийн орчинг дэмжсэн арга хэмжээ авч байгаагаараа манай эрх баригчдаас ялгаатай байгаа юм. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас саяхан явуулсан судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд энэ хавар 260 гаруй мянган хүн ажлын байргүй болох болно гэжээ. Энэ бол аюулын том дохио! Монголын томд тооцогдох уул уурхайн компанийн нэг “Энержи ресурс” гэхэд л үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Мөн ноос ноолуурын брэнд болсон “Говь” үйлдвэр ажлын орон тоогоо цомхотголоо. Сургаар бол 200 гаруй ажилтнаа “чөлөөнд” гаргасан байна. “Таван богд” компанид ч ийм асуудал үүссэн. Хамгийн гол нь энэ үйл явцыг компаниуд нь нэр хүндээ бодоод нийтэд зарлахгүй байгаа ч, цаашдаа удаан тэсэхгүй нь тодорхой. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос ажлын орон тоогоо арав, хорь, зуугаар нь цөөлсөн аж ахуй нэгж маш олон байгаа шүү дээ. Гэтэл УИХ, Засгийн газар яагаад дорвитой, бодитой, үр дүнтэй, оновчтой арга хэмжээ авахгүй байгаа нь тун ойлгомжгүй байна. Аж ахуй нэгжүүд ар араасаа дампуурлаа зарлахад тулаад байхад улс төр, сонгуульд амиа тавьж байгаа нь уучилж, өршөөж боломгүй бодлого. Энэ нь Монголыг цар тахлын аюулаас илүү “алж”мэдэхээр байна шүү дээ.

Энэ цар тахлаас үүдсэн хямрал Монголыг тойрохгүй, дайрч эхэллээ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан биш үү. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя гэсэн саналыг нь яагаад үл ойшоож байна вэ? Засгийн газар зүгээр суугаагүй гэх байх л даа. Гэвч хямралыг эсрэг гаргасан, санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа оноогүй, аргацаасан, үр дүн муу хэмээн шүүмжлэгдэж байгааг сонсохгүй байна гэж байх уу! Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна. Засгийн газраас санал болгож байгаа долоон зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болсноос гадна, 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарахаар болсныг УИХ анхааралдаа авмаар байна. Энэ хүнд үед үндэсний томоохон компаниудаа зөв зохион байгуулалтад оруулж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж байж л хямралыг давж гарна шүү дээ. Ажилгүй, орлогогүй иргэд нэмэгдсээр байх ахул үүсэх үр дагаврыг төсөөлөхөд ч бэрх. Яг одоо цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол хүнд байдал үүсээд даруй гурван сар өнгөрчихлөө. Засгийн газраас дэвшүүлсэн долоон зүйл бүхий хөтөлбөр бодит байдал дээр иргэдийн ажлын байрыг хадгалах, үйлдвэр аж ахуй, хувийн хэвшлийг дэмжихэд огт чиглэсэнгүй. Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг улам үүсгэж байгаа нь бодит үнэн. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ёстой. Энэ бол төрийн үндсэн үүрэг шүү дээ. УИХ-ын гишүүд дотор энэ байдлыг ойлгох сэхээтэй нэг ч хүн байхгүй байна гэж баймгүй. Хэрэв энэ байдлаараа удвал Монголын эдийн засаг мөд сэхэхгүйгээр нурж, ажилгүйдэл ядуурал дагасан хямрал дээд цэгтээ тулна тэр үед засах гээд ч оройтсон байх вий.